Эдийн засгийн алуурчид гэх ойлголтын талаар бид сонсож дуулаад бас ч гэж хугацаа өнгөрчээ. Бүр эдийн засгийн үндэсний алуурчдыг ч жагсааж нэрлэсэн явдал бий. Гэхдээ эдийн засгийг алах гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэдэг дээр мэргэжилтнүүдийн байр суурь чухал хэвээрээ л байна.
Энгийн товчхоноор хэлбэл, эдийн засаг гэдэг бол жирийн хүмүүсээс хол, хүн нэг бүрт төдийлөн хамаагүй нэг тийм эд огтхон биш бөгөөд манай орны хөгжил, цэцэглэлт ба өнөөгийн бид бүхний амьдралын түвшин болон хойч үеийн маань ирээдүй ер нь ямар байх, манай улс дотооддоо ямар ашиг орлоготой ажлын байруудтай байх, хүмүүсийн маань амьдралын түвшин, хэрэглээ, чанар ямар байхыг нөхцөлдүүлж тодорхойлдог нарийн бүтэц зохион байгуулалттай манай улс үндэстний АМЬДАРЧ ОРШИН ТОГТНОХ амин чухал гол чадавхи юм.Эдийн засгийг алах нь өнөөгийн бидний аж амьдрал ба ирээдүй хойч үеүдийн маань амьдралыг алж байгаа гэсэн үг юм гэдгийг судлаач хэлж байна. Эдийн засаг-улс төр судлаач Х.БолорБолд манай эдийн засагт тулгамдсан эрсдлүүд буюу эдийн засгийн өнөөгийн байдалд дараах товч дүгнэлтийг өгчээ. Өнөөдөр Монгол улс аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд, хүнс ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийнхээ 90 хувийг гадаадаас импортоор авч хэрэглэдэг, дотоодын өргөн үйлдвэрлэл бараг байхгүй болчихоод байна. Иймээс манай улсын үндэстний хамаг баялаг гадаад валютаар дамжин гадагш урсан одож энэ байдал нь эдийн засгийн макробүтцийн маш том гажуудал, ажилгүйдэл, ядуурал, бүх зүйл дээр сул дорой байдал, эрүүл мэнд боловсролын уналтын гол шалтгаан нөхцөл болж байна.
Сүүлийн 20 гаруй жилийн реформын үр дүнд экспортыг зөвхөн байгалийн нөөц баялаг, түүхий эдийн чиг баримжаатай болгосон байгаа нь хэзээ ч ажлын байруудын тоо олшрохгүй, ашиг орлого нэмэгдэхгүй, ядуурал дампуу байдал зогсохгүй болгож байгаа юм.
ДНБ нь 2011 онд өмнөх онтой харьцуулбал 17,8 орчим хувиар өссөн гэх боловч ядуурлын түвшин хүн амын 38,6 хувьтай байгаа нь үүний зөвхөн нэг баталгаа юм.
Одоо манайд байнгын тогтмол хөдөлмөр эрхлэлтийн түвшин хангалтгүй хувь байгаа нь нийгмийн ялзрал, задрал хэзээ ч зогсох боломжгүй болгож байгаа юм.
Манай улсын мөнгө-зээлийн бодлогыг мөн гадаад валютын нөөцөөс шууд хамааралтай болгосон нь гаднын бүрэн хараат байдалд оруулж эдийн засгийг хөгжүүлэх урт хугацаатай хүү багатай зээлийн гүнзгий хомсдолд байнга барьж байна. Одоо төгрөгийн зээлийн хүү их өндөр байгаа /бодлогын хүү 11,75 хувь байгаа/ арилжааны банкны зээлийн хүү 16-18%, хугацаа нь 3 – 12 сар байгаа.
Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо гадны элдэв туршилт явуулганд өртөж бүрэн гажуудал хямралд орж энэ нь Монголын ирээдүйг бас л гадна талаас бүрэн хараат болгож байна. Манай хүүхэд, залуусын политехникийн боловсрол мэдлэг аажмаар доошоо гулган унасаар байгаа нь ирээдүйг тун бүрхэг болгож байна. Политехникийн мэдлэг бол чухамдаа баялаг, хөгжлийг бүтээдэг мэдлэг боловсрол, чадавхи юм. Политехникийн мэдлэг бол техник, технологи хөгжил баялаг юм.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ гадаад валютын ханш, либерал үзэл суртлаас тогтмол өсч байгаа. Энэ нь эргээд ядуурал улам ихсэх нөхцлийг улам бүрдүүлж байна.
Одоо залуу хүмүүс орон сууцны зээлийн асар том өрөнд унаж манайд санхүүгийн асар том хөөс их болж байна. Энэ нь удахгүй хага үсрэх бөгөөд үр дагаврууд нь олон жилийн турш ядуурал, тогтворгүй байдлыг бий болгоно.
Дүгнэлт:
-Манай улсын эдийн засаг нь гаднаас бүрэн хараат байдалд орсон байна.
-Монголын эдийн засгийн өсөлт ард түмнийхээ амьдралд наалдахгүй байгаа.
- Дотоод нийгэм-улстөрийн байдал нь улам тогтворгүй болж байгаа.
- Манай улс түмний маргаашийн ирээдүй маш бүдэг байна.
- Уул уурхайгаас өндөр ашиг орж ирнэ гэж бид ГОРЬДОЖ хүлээж байгаа.
-Тэгвэл ийм хүлээлт нь бас л мөрөөдөл хэвээр үлдэх их магадлал байгаа гэж үзэж байгаа миний дараахи товчхон илтгэлийг сонсоод өөрсдийн дүгнэлтээ хийнэ үү.
“Эдийн засгийг алах” гэж юу гэсэн вэ ?
Улс оронд орж ирж неоколоничлолын дөнгөнд оруулахын тулд орчин үед хамгийн түрүүнд үзэл суртлаа хүлээн зөвшөөрүүлдэг аргыг хэрэглэх болсон байна. => Эрх баригчид, ард түмэн нь энэхүү үзэл суртлын ойрын болон алсын үр дагавруудыг нь ойлгоогүй байх нь хамаагүй байдаг => үүн дээр нь дөрөөлөөд улс орны дотоодод нь нэвтрэх бүх үүд хаалгаа нээж засаж авдаг байна. /чөлөөт зах зээл, хувийн өмч, үнийн либералчлал г.м/
Урьд өмнөх эдийн засгийн суурь бүтцүүдийг нь задлаж эвдэн бусниулдаг. /хувьчлал, бүх үнийг либералчлах => урьд өмнө нь гаргаж байсан барааны нэр төрлүүд буурах, ажилгүйдэл үүсэх, ядуурал үүсэх нөхцлийг бий болгодог. Ингээд улс орныг бүхэлд нь түүхий эдийн экспортын эдийн засгийн загварт оруулдаг. Түүхий эд бол дэлхийн зах зээл дээр бэлэн бүтээгдэхүүнээс хэдэн арав дахин хямд байдаг! Ганц ийм замаар хөгжсөн, ядаж төлбөрийн чадвартай болсон нэг ч улс түмэн байдаггүй байна.
Улс орны мөнгө-санхүүг нь Төв банкны 2 шатлалттай систем болгодог => энэ нь үнэн хэрэг дээрээ гаднын валютаас бүрэн хараат болгодог => энэ байдал нь хөгжлийн урт, хямд зээлгүй болгодог, мөн санхүүгийн эх үүсвэрийн, хүүгийн тогтворгүй “хөвөгч” байдалд оруулж эдийн засаг нь салхины аясаар байдаг хамхуул шиг болдог. Монгол төгрөгийн эдийн засаг уруухи нийлүүлэлт, ханшийг нь гадаад валютын нөөцтэй маш хатуу уясан байгаа. Энэ бол бүрэн хараат байдлын сонгодог шинж бөгөөд дэлхийн зах зээлийн бүрэн эрхшээлд байх, долларын ханшийн хэлбэлзэлд дарлуулж байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Одоо зөвхөн ийм л зам байдаг гэж манай ихэнх хэвлэл мэдээллээр, элдэв сургалт, курс семинараар, боловсролоор тархи угааж байгаа. Гэвч огт ийм биш юм.
Чөлөөт зах зээл нэрийн доор капиталын гадагшхи урсгалыг чөлөөтэй болгодог байна => Энэ нь гадаадын хөрөнгө капитал тухайн улс оронд чөлөөтэй нэвтэрч дотоодын зах зээлийг нь эзлэн авах замаар үндэстний ААН-үүд үүсч өсөж өндийх боломжийг нь хязгаарладаг, мөн дотоодод төгрөгөөр олсон орлогоороо банкны системийнх нь гадаад валютын орлогын үлэмжхэн хэсгийг нь хаман гадагш гарах үүд хаалгыг нээсэн байдаг. Үүний бас нэг суваг бол хөрөнгө оруулалтын оффшор компаниуд юм. Тэд оффшор бүсэд бүртгэлтэй, тэнд татвараа төлдөг гэдэг ч үнэндээ бол татвар бараг огт төлдөггүй компаниуд байдаг. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх гаднын хөрөнгө оруулагчид оффшор бүсэд бүртгэлтэй, тэд хаана ч янз бүрийн татвараас зугтах залилангийн схемүүд хэрэглэж багахан татвараа ч олигтой төлдөггүй байна. Одоогоор дэлхийн ядуу буурай орнуудаас ийм аргаар хулгайлж зувчуулсан 11 тэрбум доллар оффшор бүсүүдэд хуримтлагдсан байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийг нь эрх чөлөөтэй болгох нэрийн доор ард түмний өмчөөс салгаж төрийн хараа хяналтаас бүрэн гаргадаг => энэ нь дотоод мэдээллийн хэрэгслүүдийг ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө бус, үндэстний төрийнхөө бодлого, эрх ашгийн төлөө бус харин хувийн эздийнхээ, нам бүлэглэлүүдийн мөн гадаадын элдэв хүчнүүдийн эрх ашигт үйлчилдэг болгодог. Одоо манай хүмүүст хүрч байгаа мэдээллийн ихэнх нь хүчтэй далд цензуртэй байгааг анхаарах ёстой.
Бүх сургалт боловсролыг нь либералчилж энэ нь хагас дутуу мэдлэгийн хэлтэрхийнүүд, цэвэр харийн үзэл суртлын хоосон номлолоор манай залуу үе, хүмүүсийг нь “чанаж” боловсруулж байна => Эцэст нь манай ихэнх хүмүүс гадаадын "зөвлөхүүд", дотоодын эрх баригчдын амлалт ажлынх нь зөрөөг хараад энэ бүгдийг бүүр ойлгохоо больдог, ингээд тархиа угаалгасан хүмүүс энэ ядуу зүдүү байдлынхаа цаад шалтгаануудыг, уг сурвалжийг олж харах сэхээрч ухаарах чадваргүй, ийм боломжгүй болгодог байна. Манайд ийм эхний нэгэн үе хүмүүс нэгэнт гараад ирсэн байгаа нь одоо байдлыг улам төвөгтэй болгож байна.
Элдвийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж улс орныг асар их гадаад өрийн дөнгөнд хийдэг байна. => Үндэстний нөөц баялаг, бүтээсэн баялгийн ихэнх нь асар их гадаад хүүгийн үйлчилгээнд буюу хүүг нь төлөхөд байнга урсаж байх ийм нөхцөл байдлыг бий болгож хууль болгож авсан байдаг. Одоо ийм хуулиуд доор нь амьдарцгаа!? гэж байна.
Үндэстний баялагийг нь гадагш нь зөөх дэд бүтцээ өөрсдөд нь зээлсэн мөнгөөр хийлгэж авдаг байна. Үүнийгээ дэд бүтцийг хөгжүүлэх элдэв сонин нэртэй төслүүд, бүтцийн өөрчлөлтийн төслүүд гэж хоёрдмол цаад далд утгатай нэрлэж мөн хажуугаар нь өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр зээлээр шахдаг байна.
Ашиг тусаа өгөх эсэх нь эргэлзээтэй бусад элдэв төслүүдэд гадаадын том том зээлүүд авахуулж ялангуяа байгалийн баялагийг нь, бас өндөр мэргэжилтэй боловсон хүчинг нь гадагш нь урсгах үүд хаалгыг нээдэг байна. Дараа нь энэ бүх өрөө байгалийн нөөц баялгийг нь хямдхан цөлмөж авах замаар, тэндээс хууль ёсны эздэд нь - ард түмэнд нь унасан өчүүхэн орлогоос нь ч эргүүлэн төлүүлэх тооцоотой байдаг байна. Ийм жишээ Африкт, Латин Америкийн олон орнуудад хавтгай байна.
Түүхий эд бол ер нь хамгийн бага үнэтэй эд байдаг. Харин эцсийн бүтээгдэхүүн хамгийн өндөр үнэтэй байдаг. Тэгвэл тухайн улс орныг түүхий эдийн дэлүү хавсаргаа болгож харин гаднын аж үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирж шахаж борлуулж байх зах зээлээ болгон хувиргаж авдаг байна. Энэ бол мөнхийн ядуурлын гол цаад шалтгаан юм! Тэд 200-400 жил колоничлосон улс орнуудаа ийм болгосныг Африк, Азийн ядуу буурай орнууд, Латин Америкаас харж болно.
Ингээд тухайн улс орон мөнгөөр ядуу сул дорой болж үндэстнийхээ аж үйлдвэрлэлийг босгох мэдлэг боловсрол, эрүүл мэндгүй болж нийгэм нь ажилгүйдэл ядуурлаас ялзарч задарч энэ байдлаасаа гарах боломжгүй болгодог байна. Ийм гашуун түүх олон улс орнуудыг дайран гарсан бөгөөд хэдхэн улс гүрнүүд л өндөр хөгжилтэй баян тансаг байдгийг цаад шалтгаан энэ юм.
Үүнийг л ЭДИЙН ЗАСГИЙГ АЛАХ гэдэг бөлгөө. Харин энэ бүхний оронд зөвхөн ХООСОН ҮЛ ГҮЙЦЭЛДЭХ ҮЗЭЛ СУРТАЛ Л ХОЙНО НЬ ҮЛДЭЖ ХОЦОРДОГ БАЙНА!
БАРУУНЫ УЛС ОРНУУДАД АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ЛИБЕРАЛЧЛАЛ БАЙСАН УЧРААС ИЙМ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭТЭЙ БАЯН ТАРГАН АМЬДАРДАГ БОЛСОН ЮМ БИШ ЭЭ. ҮҮНД БУСАД УЛС ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ "АЛЖ" ХҮН ХҮЧНИЙ БАЯЛАГ, ТҮҮХИЙ ЭДИЙГ НЬ ХЯМД АВЧ БАЙДАГ ШИЙДВЭРЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАЙДАГ БАЙНА.
Ингээд тухайн улс орны байгалийн нөөц баялагийг борлуулснаас орж ирэх багахан валют, мөн хүн ардынх нь дотооддоо бүтээж байгаа баялаг нь:
- эргээд ард түмэнд нь наалдахгүй гадагшаа элдэвийн санхүүгийн зальт механизмуудаар урсаж эхэлдэг
- иймээс дотоодын хөрөнгө оруулалт хийх эх үүсвэргүй болж ажлын байрууд бий болгох, хүн амынхаа орлогыг дээшлүүлэх, ядуурлаас гарах боломжгүй болгож орхидог
- боловсрол, эрүүл мэндийн салбараа өөд нь татах мөнгө хөрөнгө үлддэггүй байна. Энэ нь тухайн улс орныг улам сул дорой болгодог.
Ийм замаар улс орон хөгжил цэцэглэлт битгий хэл ядаж төлбөрийн чадвартай ч болж чаддаггүй байна. Ийм жишээ Африк, Латин Америкаар дүүрэн байна.
Ийм хөрөнгө мөнгөний байнгын дутагдалтай нөхцөлд боловсрол, сургалт нь чанаржиж шинжлэх ухаан судалгаа хөгжих үндэсгүй болгож байгаа нь тэр юм.
Ийм тухайн улс орон стратегийн амин чухал хүнс бараа, эм тариа, тариалалтын үрээ хүртэл гаднаас авдаг болдог учир улс орон маш эмзэг дорой, хараат болон хувирдаг байна.
Одоо манай улсыг уул уурхайн түүхий эдийн экспортод чиглэсэн эдийн засгийн загварт оруулсан байгаа нь гагцхүү татвараар хураасан жаахан мөнгөөрөө эсвэл гадаадаас валютын өр тавьж байж л амь зуудаг, бүтээн байгуулалт хийдэг неоколони улсын дөнгөнд хийж байгаа нь тэр юм.
Гарах арга зам , гарц:
Монгол улсын эдийн засагт учраад байгаа бодит эрсдлүүдийг гүнзгийрүүлэн нэгбүрчлэн судалж үнэлэлт дүгнэлт гаргах, одоогийн эрсдлүүдийг таслан зогсоох
Үндэстний эдийн засгийнхаа хэрэгцээ шаардлага, хөгжлийн загвар, стратеги, сэргээн босголтын хөтөлбөрийг улстөржилгүй, үзэл сурталжилгүй даруй гаргах, нийгэм хүн арддаа үнэн байдлыг ойлгуулж хүчээ нэгтгэх хэрэгтэй байна.
Гаднын элдэвийн явуулга - төсөл, хөтөлбөрүүдийг зогсоох, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР НЭГ БҮР ДЭЭР үндэстний эрх ашгийн үүднээс хараат бус эрдэмтэд, судлаач шинжээчдийн дүгнэлтийг гаргадаг болох хэрэгтэй.
Улстөрчид улс орныг элдэвийн ашиггүй гэрээ хэлцэл, өрөнд унагачихаад яваад өгдөг энэ либерал эрхзүй – хувь хүний эрх ашгийг нийгмийн эрх ашгийн дээр гаргаж тавьдаг энэ цоорхойг бөглөж тэднийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж хугацаа үл харгалзан эрүүгийн болон ёс суртахууны хариуцлага тооцдог жишиг улс орнуудад байсан, одоо ч байдаг байна.
Сэтгэгдэл ( 5 )
хүний зовлонгоор цадаж ханадаггүй , шударга биш капиталистууд хойд насандаа амар тайван байхгүй нь лав, чөтгөраваасай
Оюу Толгой-д тэнцвэржүүлсэн үнэлгээний систем байхгүй ажилчдаа алдаг байсан даа, өөдгүй новш нар, но-той шүү нэг л цаанааа ...
БОЛОВСРОЛТОЙ ЭХ ОРОНДОО ҮҮСЭЭД БАЙГАА АСУУДЛЫГ ОЙЛГООД БАЙГАА ТАНЬ ШИГ ХҮМҮҮС ЭХ ОРОН ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ, ЗАСГИЙН ЭРХИЙГ АВЧ АЛДАА ЗАВХАРЛЫГ ЗАСЧ, ЗӨВ ЗАМААР ЗАЛАХ Л ГАРЦ БАЙНА ШҮҮ ДЭЭ, ТҮҮНЭЭС БИШ НЭГЭНТ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭСЭН ОДООГИЙН УЛСЫН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛОХОО БАЙХАД УЛСАА ЗАРААД ТАЛИЙЖ ӨГНӨ ШҮҮ ДЭЭ, МОНГОЛД ЖИНХЭНЭ БОЛОВСРОЛ МЭДЛЭГТЭЙ, ХҮН ЧАНАРТАЙ, ЭХ ОРОНЧИД ДУУ ХООЛОЙГОО ГАРГАН ТЭМЦЭХ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА, ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ
teed uuruu hen geech ve