Цалинг хэзээ хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх вэ гэдгээ ил зарлахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

Эрүүл мэндийн салбарт 47 барилга баригдаж байгаа бөгөөд энэ онд 8 нь ашиглалтад орсон. Ондоо багтаж 12 барилга ашиглалтад орно. Түлэнхийн төвийн барилгын тендер зарлагдаад байгаа гэсэн мэдээллийг “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлгийн үеэр Н.Удвал сайд өглөө. Гэмтэл, түлэнхийн өвчлөлийн 30 гаруй хувь нь халтиргаа гулгаа, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэмтэл,  автын ослоос үүдэн гардаг. Түлэгдэж гэмтсэн үед нь эмчлэх нөхцөл боломжийг хангахаас гадна урьдчилан сэргийлэх нь чухал. Энэ чиглэлд Эрүүл мэндийн яам анхаарч, ард иргэдийн амьдралын хэвшлийг өөрчлөх чиглэлд ажиллаж байгаа гэлээ.

 

Түлэнхийн төвийн барилгын тендер 8 тэрбум төгрөгөөр эхэлсэн ч 26 тэрбум төгрөг болж өссөн гэдгийг Удвал сайд хэлж байлаа. “Төсвийн хөрөнгөөр барих барилгуудаа барина, гэхдээ төсвийн хөрөнгөөр барилгын бизнес хийдгийг таслан зогсооно. Байшин барих нь гол зорилго биш, өвчтөнийг эмчлэх, тусламж үзүүлэх нь чухал” гэж Ерөнхий сайд хэллээ. Тагнуулын ерөнхий газрын барилгын ажил дутуу, дахин 10 гаруй тэрбум  төгрөг шаардлагатай гэнэ. Ийм боломж байхгүй. Энэчлэн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа дутуу орхигдсон, ашиг тус багатай байшингуудыг дуудлагаар худалдана гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

 

 Шинэчлэлийн Засгийн газар цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ. Гэхдээ хэнд, хэзээ хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх вэ гэдгээ ил зарлахгүй. Ингэж байж хүндээ наалдсан нэмэгдэл болно. Цалин нэмэхээс гадна иргэдийн гэрт үлдэх мөнгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдэд хямд нүүрс олгосноор Улаанбаатар хотын 180 мянган өрх тус бүрт 600 мянган төгрөгийн хэмнэлт гарч байгаа. Шатахууны үнийг 50 төгрөгөөр хямдруулсан нь машинтай хүн бүрт жилд 200 орчим мянган төгрөг хэмнэх боломж олгосон. Орон сууцны 16 хувийн хүүтэй зээлтэй байсан хүмүүс 8 хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсанаар жилд нэг өрхөд жилд 4 сая төгрөг үлдэж байгаа. Энэчлэн цалин нэмэхээс гадна гэрт үлддэг мөнгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа.

 

Сайд эмнэлгийн дарга нарын томилгоо хийдгийг болиулна. Эмнэлэг биеэ дааж ажилладаг, удирдлагаа өөрсдөө томилдог болох учиртай. Эрүүл мэндийн салбарт хийх өөрчлөлтүүдийн нэг нь энэ.

 

Оюутнуудад мөнгөн тэтгэлэг олгож эхэлсэн нь зөв. Одоо энэ хавтгайруулсан тэтгэлгийг цэгцлэх цаг болсон. Залуу хүний зүтгэл, хөдөлмөрийг үнэлж цалин, тэтгэлэг олгодог байх бодлого байгаа гэж Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top