Өрсөлдөгчдөө залгигчид...

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 12

 

Зөвхөн манай уул уурхайн салбар дотооддоо хямраад байгаа бус. Угаас манайх гаднаас шууд хамааралтай.  Тэгэхээр монголын уул уурхайн салбарын өнөөдрийн өнгө муутай дүр төрх олон улсын нөхцөл байдалтай уялдан сайжирна гэдэгт эргэлзэх хэрэггүй болов уу. Түүнчлэн энэ 21 дүгээр зуунд дэлхийн хөрөнгө оруулагчид Монгол нутагт ирж цангаагаа тайлсаар байх болно гэдэгтэй маргалтгүй. Бидний нутгийн хөрсөн доор үүцлэгдэн, өвлөгдөн ирсэн ашигт малтмалын баялаг улсын эдийн засгийн ирээдүйг тодорхойлох гол хөшүүрэг болчихоод байна.  Дэлхийн уул уурхайн хүчирхэг гигантууд манайд  “Minegolia” хэмээх тодотгол өгөөд багагүй хугацаа ч өнгөрчээ. Тэрчлэн бидэнд наашаа чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгалыг ухаалгаар шингээх бодлого хэрэгтэй байгаа билээ. Үүний тулд манай бизнесийн салбарынхан ч илүүтэй чадавхижих, дэлхийн хэмжээнд сэтгэх ёстой, ашигтай хэлцлийг хийж чаддаг байх шаардлагатай.

 

Ер нь бол өдгөө эдийн засаг, бизнесийн ухаанд  дилмэйкер хэмээх нэр томьёо анхаарал татах болсон. Учир нь дилмэйкер хэмээх тэдгээр хүмүүс бизнест ашиг олохыг хүссэн хэн бүхэнд бурхны элч, сахиусан тэнгэр мэт харагдах учиртай. Дилмэйкерүүд боломжгүй бизнесийн саналыг ид шид мэт аргаар дээд зэргийн боломжит хувилбарт хүргэх замыг олдог. Та эдгээр тодорхойлолтыг сонсоод тэднийг зөн билэгтэн, шидтэн хэмээн бодуузай. Тэд бол мэргэжлийн хэлэлцэгчид юм.

 

Бизнест том ч бай, жижиг ч бай ямар нэгэн хэлцэл бүтээгдэж байдаг. Муу хэлцэл хийсэн тохиолдолд ашиг орлого бага олж цаашлаад дампуурал, сүйрэлд хүрэх аюултай бол сайн хэлцлүүд зүүдэндээ ч олж хараагүй гайхам амжилт, ашиг орлогыг дагуулдаг.

 

Тийм хэлцлүүдийг гол хүмүүс буюу бизнесмэнүүд, менежерүүд, эзэд, захирлууд хийдэг байсан бол өдгөө цагт дилмэйкер хэмээх мэргэжлийн хэлцэгчид хийж байна. Тэднийг зөвхөн хэлцэгчид, дилмэйкер хэмээн тодорхойлоход ч бэрх. Ер нь бол тэд асар олон тодорхойлолттой супер баатрууд л гэсэн үг.

 

Өрсөлдөгчдөө залгихын тулд зөв гарц хайж буй болон дампуурлын ирмэгт ирсэн  компаниуд, хөрөнгөө ямар ашигтай зүйлд зарцуулахаа мэдэхгүй суугаа баячуудаас авахуулаад дараагийн хүчирхэг алхмаа хийхээр гэтэн, төлөвлөн буй асар том корпорациуд, дэлхийг дамнасан гигантууд хүртэл дилмэйкерүүдийн тусламжийг хүлээдэг. 

 

Дилмэйкерүүд хоёр компанийн хооронд төдийгүй үндэстэн дамнасан хэлэлцээг хийдэг ба тэднийг түүхий эд, уул уурхай, үйлдвэрлэлийн ангуучид гэж ч тодорхойлдог. Дээр хэлсэнчлэн олон тодорхойлолтын нэг нь - ангуучид. Дэлхий дахинаа алдартай дилмэйкерүүдийн нэг болох монголчуудын сайн танил Роберт Фридланд өөрийгөө болон өөрийнхөө адил хүсэл эрмэлзэлтэй, сонирхол нэгт хүмүүсийг нийтэд нь дилмэйкер буюу ангуучид хэмээн нэрлэсэн байдаг.

 

Мөн Ниссан моторс болон Ренолтыг сэргээн босгож хүчирхэг корпораци болгосон бразил гаралтай дилмэйкер Карлос Гозн “Хүн хорвоод ирэхдээ л хэлцэл хийсээр ирдэг. Хоол идэхдээ ээжтэйгээ, хичээл дээр багштайгаа хэлцэж давуу тал болон ялалтыг мэдрэхийг хүсч эхэлдэг” хэмээсэн бол Range Rover-ийг гайхалтай хямдаар худалдаж авах гэрээ хийж шуугиан дэгдээж байсан дилмэйкер Зай Муди “Хэлэлцээр бүр дээр ашиг олох албагүй, хамгийн гол нь талууд сэтгэл санааны ойлголцолд хүрэх ёстой. Ингэснээр бүтээлч байдал улам эрчимжиж амжилтад хүрдэг” гэсэн байдаг.

 

 Дилмэйкерүүдийн зарчим гайхалтай. Энэ зарчмаараа тэд байгууллага, иргэд хоорондын дунд бизнесийн цочир амжилтуудыг бүтээсээр улмаар олон улсын, засгийн газар хоорондын бизнесүүдийг өөрийн ширээн дээрээ чулуудахад хүргэдэг билээ.

 

Томоохон жишээнээс дурдвал Бразил, Энэтхэгийн хооронд стратегийн  гэж хэлж болохуйц худалдааны томоохон хэлцэл тогтоож улмаар хоёр улсыг BRICS-т хамтдаа элсэх боломжийг олгосон бразилийн нэрт дилмэйкер Хюго Суарезыг энд нэрлэж болно.

 

Бразилд япон машины томоохон зах зээлийг нээж бий болгосон Тоёота-гийн CEO Акио Тоёода, Францын шумбагч онгоцыг Малайзын Засгийн газарт зуучилж дундаас нь асар их хөрөнгө босгосон Сим Катуке нарыг энд нэрлэж болно. Тэр байтугай АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг зүүн европын орнууд тэр дундаа Польшид байршуулах томоохон хэлцэл дунд польшийн дилмэйкерүүд ажиллаж асар их хөрөнгө оруулалт янз бүрийн салбаруудад оруулж чадсан түүх ч бий.

 

Дээр дурдсан Роберт Фридланд хэмээх эрхмийн тухай бид мэднэ. Түүний дилмэйкерийн ирээдүй оюутны байранд залуусын дунд мансууруулах бодис зуучлахад оролцдог байснаас нь эхэлсэн гэлцдэг. Түүнийг дэлхий дахины түүхий эдийг ангуучлахаар мордсон нэгэн ч гэдэг. Түүний “бай” нь цагийн эргэлтэнд Монголын говь болон хувирсан түүхийг бид мэднэ. Харин тэрбээр хэрхэн дилмэйкерийн аргаа хэрэглэн Монголын Засгийн газрын өрийг барьцаалж өөрийн төдийгүй өрөөлийн талуудад монголын говийн хөрсөн дэх баялгийн хаалгыг нээж чадсаныг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Магадгүй түүний эртнээс нарийн эзэмшсэн хэлцэл хийх нарийн аргад Монголын төрийн түшээд амархан автсан бизээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бэйкер хэдэн жилийн өмнө  монголыг зорин ирсэн нь Фридландын бага чулуугаар том чулууг цохих хэлцлийн нэгэн хэсэг байсан ч гэдэг.

 

Бейкерийн араас Фридланд Бирм, Өмнөд Америк, Австрали, Африк дахь төслүүдээ орхин Монгол руу яаран ирсэн юм. Нэг ёсондоо дэлхийн томоохон дилмэйкерүүдийн бүтээсэн алдартай наймаа, хэлцлүүдийн нэгд монголын нэр үүгээр л орж эхэлсэн гэнэ.

 

Харин одоо дэлхийн нэртэй дилмэйкерүүд монголын баялгийн төлөө  өрсөлдөж буй компаниудын тугийг залсаар тал нутагт маань ирсээр буй. Гадаадын уул уурхайн компаниудын Монголын төртэй хийх тохиролцоог тэд л тэргүүн шугаманд зогсож хийсээр байна.

 

Гэхдээ зөвхөн гадаадын ч гэлтгүй манай монголчууд ч дилмэйкерийн ухаанд суралцаж гадныхантай тохиролцож эхэлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Түүнчлэн монголын алдартай дилмэйкерүүд гадны цуутай дилмэйкерүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, тэднээс давах цаг ирэх нь тийм ч хол биш ээ.

 

Б.Итгэлт 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top