Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн хорооны дарга Карлсон Тонг, тус хорооны Бодлогын хэрэгжилтийн газрын захирал Марк Стюарт болон албаны бусад төлөөлөгчид Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороотой мэдээлэл солилцох, харилцан хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын хөрөнгийн зах зээлийн үйлчилгээний эрчимтэй өсөлтийн чиг хандлагыг харгалзан үнэт цаасны зах зээлийн зохицуулалт, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, зах зээлийн шударга, ил тод байдлыг хангах, үнэт цаас, төлбөр тооцооны үйл ажиллагааг хянах, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааны зохистой байдлыг ханган төлөвшүүлэх, түүнчлэн дотоод мэдээлэл ашиглах, зах зээлд манипуляци үүсгэх зэрэг шударга бус гэмт үйлдэлтэй тэмцэх, хууль, эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх үүргийн хүрээнд хоёр улсын зохицуулах байгууллагууд ийнхүү хамтран ажиллахаар болж байна.
Уг санамж бичиг нь Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага буюу “IOSCO”-ийн зарчмыг удирдлага болгон, мэдээлэл солилцоо болон харилцан туслалцааны тогтолцоог бүрдүүлэх үндсэн зарчим дээр тулгуурлаж байна. Одоогоор Монгол Улс “IOSCO”-ийн Б листэнд бичигдсэн гишүүн байгаа бол хууль эрх зүйн орчноо сайжруулснаар А листэнд орох боломжтой аж. Санамж бичгийг үзэглэснээр Монгол Улсын Төрийн өмчит компаниуд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, хувьцаагаа гаргах боломж нээгдэж байгаа юм.
Уулзалтын үеэр гадны мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээлд татан оролцуулах, дотоодын зах зээлийг олон улсад сурталчлах чиглэлээр Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Сэтгэгдэл ( 1 )
Баахан хужаа нар л хувьцааг нь хувааж авах биз. нэг өдөр л эзэн гээд ороод ирнэ дээ