“Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн өмчит компанид 7 тэрбум төгрөгийн хэнд ч хэрэггүй техник хэрэгсэл шахсан асуудлыг УИХ-ын байнгын хороон дээр ярьж байсан нь саяхан. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой”-н Зүүн цанхийн уурхайд энэ долоон тэрбумыг арав дахин өсгөсөн хэмжээтэй буюу 70 тэрбум төгрөгийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хууль бусаар авсан “Моннис Интернэшнл” ХХК-ийн талаар ордон дахь эрхмүүд яагаад ярихгүй байна вэ? Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдэд сүүлийн жилүүдэд олон тооны тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлэх тендерийг угсруулан авч чадсан “Моннис Интернэшнл” ХХК “Эрдэнэс Тавантолгой”-д “Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ”-г удаа дараа хийсэн байна. Түүнчлэн тендерийн бичиг баримтын дагуу АНУ-аас нэг бүр нь 6.6 тэрбумын үнэтэй 5 ширхэг автосомасвол нийлүүлэхээр 33.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч, гэрээнд заасан хугацаанаас хожимдуулан БНХАУ-аас хямд үнэтэй, чанарын шаардлага хангахгүй автомашин нийлүүлснээс болж байнга эвдрэл гарч, 2 ширхэг автомашин нь өнөөдрийн байдлаар ажиллахгүй байгаа гэх мэдээллийг уурхайн захиргааны зүгээс гараад байна.
Мөн “Моннис Интернэшнл” ХХК –ийн 6.6 тэрбум төгрөгөөр нийлүүлээд байгаа техникийн гадаад зах зээлийн үнийг судлахад 1 бүр нь 2.3-2.5 сая ам.доллар буюу ойролцоогоор 3.4 тэрбум төгрөгийн өртөгтэй нь тодорхой болсон аж. Түүнчлэн ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Моннис Интернэшнл” ХХК улсад онц их хэмжээний хохирол учруулж байсныг илрүүлэн шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.
Ер нь бол Монголын тэргүүн баячуудын нэг Б.Чулуунбаатарын компанийн хууль зөрчсөн үйл ажиллагаануудын талаар мэдээллүүд байдаг ч, хуулийнхан эцэслэн шалгах тал дээр асуудал үүсээд байдаг гэдгийг бас хэлэх нь зөв болов уу. Засгийн ивээл дор хууль бусаар тендер авсан, төрд чанаргүй машинууд шахсан, татвараас чөлөөлөгдсөн гэхчлэн олон асуудалтай нэр энэ компанийн эзэн Б.Чулуунбаатар “Саусгоби сэндс” компанитай холбоотой хэрэгт ч нэр холбогдсон. Гадны нөхдүүдийн зүгээс манайд 4.3 тэрбум ам.доллар угаасан гэгдэж байсан энэ хэрэгт холбогдогчдын нэг нь “Моннис”-ын Б.Чулуунбаатар гэдгийг эх сурвалжууд хэлж л байсан. Түүнийг АТГ-аас мөнгө угаасан болон их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байгаа гэдгийг ч АТГ-ын Мөрдөн шалгах тасгийн дарга Э.Амарбат хэвлэлд өгүүлсэн байдаг ч, өнөөдөр энэ асуудал бүдгэрсэн гэдгийг тодотгоё.
Мөн тус компанитай холбоотой луйврыг сануулахад, 2007 онд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний автомашиныг шинэчлэх нээлттэй тендер зарлагдсан байдаг. Харин тендерийг Моннис ногоон гэрлээр авч, улмаар Засгийн газарт Toyata, Nissan Teana, Nissan Maxima, Nissan Patrol зэрэг 20 автомашин шахсан түүх бий. Тэгээд зогсоогүй “Моннис интернэшнл” ХХК гаалийн татвар, НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдсөн талаар эх сурвалжууд тухайн үед өгүүлж байв. Асуудалтай нь 2012 оны байдлаар “Моннис”-ын шахааны 20 машины дөрөв нь л Засгийн газрын үйлчилгээнд амь голтой явж байгаа талаар мэдээлэл байсан юм. “Моннис”-ынхон нэгэнтээ улстөрийн дэмжлэгтэйгээр тендер авч, машинаа борлуулсан тул нөгөөдүүл нь хэмхрээд сэлбэг, хэрэгсэл нь олдохгүй бөөн асуудал үүсээд ирэх үед, засгийн зүгээс арга буюу тэдэнд хандаж дүр эсгэсэн гомдол мэдүүлсэн байдаг. Гэсэн ч Моннис пээдийгээд тоогоогүй бололтой байдаг. Хөөрхий нөгөө муу засгийн нөхдүүд нь Моннис гэдэг улстөрийн хамгаалалттай даварсан компанийн өөдөөс юу ч хэлэхэв. 100 км тутамд, 40 - 70 литр түлш иддэг машинуудыг арга буюу актлаад л өнгөрсөн байдаг юм.
Харин энэ удаа Монголчуудын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах учиртай “Эрдэнэс Тавантолгой”-д хулхи техник өндөр үнээр шахаж, улсад их хэмжээний хохирол учруулсан асуудалд хэрхэн хариуцлага тооцохыг харж байя.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 10 )
sariin zalingiin 30%-iar ni torgo
Жоохон баримттай юм бичиж болдоггvй л юм байх даа
Monnisiin mashin chanar muutai n unen
БИ NISSAN PATROL УНДАГ АРАЙ Ч 100 -д 40-70л БЕНЗИН ИДЭХГVЙ ЭЭ. PATROL БОЛ Х€Д€€УНАХАД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ МАШИН ГЭЖ БОДДОГ.
uchir zuggui muulah ni hend ashigtain bol doo...