Эко-корридорыг хөгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

Монгол-Германы Засгийн газар хоорондын 2011 оны Зөвлөлдөх уулзалтаар биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгаль орчны салбар дах хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, техникийн болон санхүүгийн дэмжлэгийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон.

 

Улмаар өнгөрсөн оны  Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээгээр “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” төслийг Германы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Герхард Тийдеманн нар гарын үсэг зурлаа.

 

Уг төслийг ХБНГУ-ын Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд 11,5 сая еврогийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

 

Төслийн зорилго нь бүс нутгийн хүн амын амьжиргааны нөхцлийг сайжруулах, тодорхой экологийн ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалж, тогтвортой менежмент хийх замаар биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалахад чиглэнэ. Төслийн хүрээнд зургаан тусгай хамгаалалттай газар нутаг болон эко-корридорыг төлөвлөн хөгжүүлэх боломжтой болно.

 

Монгол Улс сүүлийн жилүүдэд байгаль хамгаалах, экологийн олон янз байдлыг хадгалах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийг хэрэгжүүлэх чиглэлээр чармайн ажиллаж, нийт нутгийнхаа 30 хүртэл хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад аваад байгаа. Гэвч эдгээр тусгай хамгаалалттай газар нутгууд болон тэдгээрийг хүрээлэн буй орчны бүс, холбох эко-корридор зэрэг асуудлуудын менежментийн төлөвлөгөөг боловсронгуй болгох, хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тусгай хамгаалалттай нутгуудын дэд бүтцийг сайжруулж, техник тоног төхөөрөмжөөр хангах, ажилчдыг сургалтад хамруулж чадавхийг нэмэгдүүлэх зэргээр бэхжүүлэх шаардлагатай байна.

 

Түүнчлэн тусгай хамгаалалттай газруудыг тогтвортой санхүүжүүлэх механизмыг боловсруулах нь нэн чухал бөгөөд менежментийг улам сайжруулахдаа биологийн олон янз байдлыг хамгаалаад зогсохгүй орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд тус хөтөлбөрийн ач холбогдол оршиж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэл(202.70.46.206) 2013 оны 11 сарын 13

Х€ЛДVV МОНГОЛЧУУД НЬ ХАМАГ АМЬТАДАА ХЯДААД ДУУСАЖ БАЙНА ДАА

0  |  0
Top