“Монгол төрийн мэргэн өвөө” гэхээр хэний тухай өгүүлэх гэж буйг уншигчид андахгүй мэдэх биз ээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны тухай шүү дээ. Улстөр, нийгмийн сайн сайхны төлөө үнэнчээр зүтгэж, оюуны нөр их хөдөлмөрөө харамгүй зориулсан түүнийг Бүрэн суманд биш бүх дэлхийд төрсөн хүн хэмээн тодотгосон нь нүдээ олсон үг байлаа. Манж Чин улсын үеэс эхлэн 4 төрийн нүүр үзэн халуунд халж, хүйтэнд хөрч Монгол улсынхаа түүхийг бичилцсэн түүнд магтаалын үг багадана. АИХ-ын Тэргүүлэгчээр 14 жил ажилласан түүний гишгэсэн мөр цагаан, нэр цэвэр байж чадсан нь зуун дамжсан их түүхийнх нь тод мөр болон үлдэж чаджээ. Эл суут хүмүний талаар түүний бага хүү, Малчдын хөгжлийг дэмжих “Ж.Самбуу” сангийн тэргүүн, хуульч С.Сүрэнжавтай ярилцлаа. Монгол түмний бахархал болсон их хүмүний үр сад тэрбээр тамхиа нэрэн, үе үе хоолой нь сааралтах. Арга ч үгүй дээ, аав нь ийм л хүн байсан юм чинь...
-Түүх болсон хүний талаар ярилцаж байгаадаа баяртай байна. Ж.Самбуу агсныг “Монгол төрийг төвхнүүлэх гэж төрсөн хүн” хэмээдэг юм билээ. Одоо ч тэр үеийнх шиг “Мөс сайтай” хүн ховор болсон юм шиг санагддаг?
-Аав минь дөрвөн төрийн нүүр үзсэн. Манжийн үед тал бичээч хийж байсан төдийгүй Богд хааны үед, Автономит улсын үед, Тусгаар тогтносон Монгол улсад хүчин зүтгэж байсан хүн. Манлай ван Дамдинсүрэнгийн үед цэрэгт нь алба хааж бичээчийг нь хийж байсан гэдэг. Миний аав монгол төрийг төвхнүүлэх гэж л зүтгэж явсан хүн дээ. Хүмүүс ч тэгж ярьдаг. Амьдрал, ар гэр гээд бүх зүйлээ хаяж зүтгэсэн гэж боддог юм, би хувьдаа. Монгол улсын төр төвшин байгаасай, монгол улсын төр ард түмнийхээ төлөө үйлчилдэг байгаасай гэсэн зарчмаар л явж ирсэн.
Би хуульч хүн. Хааяа, “Аав минь байсан бол үүнийг яаж хийх байсан бол?” гэх асуулт гарч ирдэг. Зарим үед “Манай аав байсан бол энэ зүйлийг ингэж л хийх байсан байх” гэж бодогддог юм.
Одооны төрийн зүтгэлтнүүдээс хэн нэгнийг нь хараад “Энэ нь манай аав шиг юм байна” гэж хэлж чадахгүй.
-Хэдэн жилийн өмнө билээ дээ. Та зарим нэр бүхий түшээдийг аавтайгаа адилтгаж байсан шиг санагдаж байна?
-Тийм ээ би ярьсан. Гэхдээ “Миний аавтай шударга хүн гэдэг талаасаа мөн малчдынхаа талаар ярьдаг нь адилхан юм уу даа” гэж зүйрлэж байсан болохоос биш тухайн хүний мөн чанараар нь зүйрлээгүй. Хэрэв мөн чанараар нь зүйрлэвэл манай аавтай зэрэгцэх тийм хүн Монголын төрд тийм хүн байхгүй. Гэхдээ “Яг манай аав шиг бай” гэж хэлж байгаа юм биш. Одооны төрийн зүтгэлтнүүд өөр үед төр барьж байгаа учраас аавтай зүйрлэж болохгүй. Яагаад гэвэл манай аавын үеээс илүү боловсролтой, илүү чадалтай, илүү ёс суртахуунтай байгаа байх гэж би хувьдаа бодож, итгэж явдаг. Гэхдээ нийгэмд гарч ирээд байгаа асуудлуудыг нь харахаар “Даанч яав даа” гэхээр барахгүй “Манай аавын үеийнхээс дор байгаад байхдаа яахав дээ” гэх бодол төрдөг. Ийм үед би аавыгаа санадаг. Үнэхээр их санадаг. “Манай аавын үед тийм байсан шүү дээ. Ядахдаа тэр зарчмаас нь барихгүй яасан юм бэ” гэж бодогддог.
-Тухайлбал?
-1990 оноос хойш шүүх, прокурорын байгууллагад тодорхой ахиц дэвшил гарахгүй байсаар л байсан шүү дээ. Харин манай аавын үед чанга байсан уу гэвэл чанга байсан. Хатуу байсан уу гэвэл хатуу байсан. Үнэн мөний төлөө явдаг хүмүүст ямар ханддаг байсныг нь сонин хэвлэлээр бичдэг л байсан. Үүн дээр би тодорхой баримт хэлье гэж бодож байна. “Ц.Лоохууз, Б.Нямбуу”-гийн хэргийн тухай. Тухайн үед прокурорын газрын нэг хүн манайд ирж дээрх асуудлаар аавтай ярилцахыг оролдсон. Тэр хүний яриагаар бол дээрх хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал байсан болов уу гэж надад бодогдсон. Яагаад гэвэл аав маань “Энэ асуудлыг намын төв хороогоор шийдсэн юм. Үүнд чинь төр оролцдоггүй юм. Төрөөр шийдэх асуудал ч биш. Чи гар” гэж хэлсэн. Энэ үг их учиртай үг шүү.
Одоо нас тогтсон үед эргээд бодоод үзэхэд “Улстөрийн асуудлыг шүүхээр шийдэггүй юм байна. Улстөрийн нам гэж байгаад тэр нь шийдчихсэн юм чинь заавал хуулийн байгууллага шийдэх ёсгүй” гэсэн зарчим барьж байсан юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Тэр үед муу хүмүүс байсан байж болно, сайн ч хүмүүс байсан байж болно. Аль алиныг нь үгүйсгэхгүй. Гэхдээ н.Сувд багш, Б.Содовсүрэн гуай, Ж.Авхиа гуай, Р.Гүнсэн гуай, Г.Иш гэж мундаг мундаг хүмүүс байсан. 1960-1970-аад оны хатуу байсан цаг үед шүүхийн шинэчлэлийг хийж чадаж л байсан хүн шүү дээ. Гэтэл одооны хууль, шүүхийн байгууллагуудыг хараад байхад жаахан улстөржөөд байгаа юм уу даа. Залуучууд нь албан тушаал руугаа хэт их хэнээрхээд байгаа юм уу даа гэхээр харагдаж байна.
-Хэлмэгдүүлэлт гэснээс Ж.Самбуу агсныг залуу байхад нь хэлмэгдүүлж байсан гэдэг юм билээ. Үнэхээр хэлмэгдсэн юм уу аль эсвэл өөр учир байв уу?
-Тэр их сонин. 1932 онд Өмнөговь аймаг байгуулагдаж аав маань анхны даргаар нь ажиллаж байсан үед энэ явдал болсон юм билээ. Өмнөговь аймгийн бүлэг иргэн өргөдөл бичиж “Нөхөр Самбуу бол шинэчлэлийн бодлогыг /энэ нь хувийн аж ахуйтаныг дэмжсэн бодлого/ эсэргүүцэж байна” гэхчилэн бичиж нийт 26 хүнийг холбоотой мэтээр нэрийн жагсаалт гаргаад түүнийхээ ард “Эдгээр хүмүүсийг нөхөр Самбуу удирдан зохион байгуулж Өмнөговийн зарим нөхдүүдийг төрийн эсрэг зохион байгуулж байна” гэсэн байдаг. Тэр өргөдөл нь маршал Х.Чойбалсанд очсон гэдэг. Тэгээд шалгахаар болж газар дээр нь очтол 20 гаруй хүн бүү хэл 2 хүн ч багтахгүй хөдөөнийхөний пин гэж ярьдаг 2*1 харьцаатай орчим жижигхэн “юм”-анд хурал зохион байгуулдаг хэмээсэн нь дээрх өргөдлийг худлаа гэдгийг нь баталж аавыг маань хэд хоног хориод суллаж байсан гэдэг юм. Нэг хэлмэгдүүлэлт нь энэ. Би үүнээс өмнө аавыгаа хэлмэгдсэн гэж хэлдэггүй байлаа. Тухайн үед шалгагдаж байсан л гэдэг.
Хоёр дахь хэлмэгдүүлэлт. 1952 онд Маршал Х.Чойбалсан нас барж, 1953 онд Г.Бумцэнд гуай нас барсан. Тийм учраас Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга гэдэг албан тушаал хэрэгтэй болж үүнд “Хэнийг томилох вэ” гэдэг асуудал гарч иржээ. 1953 онд Ю.Цэдэнбал даргыг Ерөнхий сайдаар тавьсан шиг санагдаж байна. Тэр үед манай аавыг хурлаар хэлэлцэж Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга гэдэг албан тушаалд тавъя гэж ярьсан юм байна. Гэтэл, энэ хүн их баян тансаг, авгай хүүхэд нь тайж ноёдын гаралтай гээд 1953 онд Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдох асуудал нь хойшилж нэг жилийн дараа буюу 1954 оны долдугаар сард их хурлаар оруулсан гэж ярьдаг. Тэгэхээр 1953-1954 онд манай аавыг тодорхой хугацаагаар хэлмэгдүүлээд авчээ гэж боддог юм. 1946 онд аав маань оросоос ирэнгүүтээ Монгол Хятадын хилийг тогтоохоор явсан байдаг. Тэр үед ч гэсэн “Оросын нөлөөтэй хүн” гэж ярьж байсан зүйл байдаг юм билээ. Тэгэхээр аавыг маань хэлмэгдүүлэх гэж үзэж байсан ч үнэн мөнөөрөө явж байгаа хүнийг хэлмэгдүүлж чадаагүй юм байна лээ гэж хэлмээр байна. Одоогийн спикер З.Энхболд нэг удаа чуулганы хуралдааны үеэр “Ж.Самбуу гуайг хүртэл нэг жил Ардын Их Хурлын дарга болгохгүй шалгаж байсан түүх бий шүү” гэж хэлсэн байдаг санагдана.
-Бас л хүнд үе байжээ. Харин Та өөрөө хэлмэгдэж байсан уу?
-Намайг хэлмэгдүүлж байсан явдал бий юу гэвэл бий шүү дээ. Тухайлбал, 2003 оны 9 сарын 24-ний өдөр би Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гомдол мэдүүлэхээр очсон юм. Гэтэл иргэдийг хүлээн авах ажилтан нь “Чи муу юу юм бэ. Бид нар Төрийнхөө ажлыг хийж байна. Чи гар” гээд намайг хөөж байсан. Энэ хэлмэгдүүлэлт мөн шүү дээ. Үүнээс гадна “Танай ах чинь архичин учраас чамайг намаас хөөнө” гэж ярьж байсан хүн ч бий.
-Намаас хөөнө гэж ярьж байхыг бодвол намын албан тушаалтан байсан юм шиг. Хэн бэ?
-Тэр хүн одоо дэндүү настай учраас нэрийг нь хэлмээргүй байна. Хүнд ёс зүй гэж байх ёстой.
-Энэ сэдвийг ингээд орхиё. Аавын тань хөшөөг босгох үед танд юу бодогдож байв?
-“Ааваа таны төлөө хүүгийн чинь чадлаа гаргаж хийсэн зүйл энэ шүү, аав минь уучлаарай” гэсэн үгийг сэтгэлдээ шивнэж байлаа. Хөшөөний нээлтийн үеэр “Миний аавын хөшөө бослоо. Би та бүхэнд баярлаж, талархаж байна. Бүгдээрээ миний аавын төлөө зүтгэлээ шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед миний нүднээс нулимс өөрийн эрхгүй гараад байсан. Хүний сэтгэл их сонин юм. Өширхөх сэтгэгдэл төрж байсан ч баярлахаараа тэр нь алга болчихдог. Аавын маань хөшөөг босгосны дараа тэр өш, гомдол байхгүй болсон.
-Өш, гомдол гээд байгаа нь аавын тань хөшөө, бунханыг ордны хойт талын цэцэрлэгээс авчихсаныг хэлээд байна, тийм үү. Анх ийм шийдвэр гаргасныг сонсоод сэтгэл амаргүй л байсан байх?
-Мөнх тэнгэрийн оронд явчихсан хүнээс үлдсэн цорын ганц зүйл болсон хөшөөг нь хөндөнө гэхээр яаж сэтгэл амар байх билээ. Ер нь хүнд хамгийн ойр байдаг бурхан нь “Юу вэ?” гэвэл хүний аав ээж л шүү дээ. Тийм ойр байсан бурханаас үлдсэн цорын ганц зүйл болсон хөшөөг нь зөөнө гэхээр буу бариад гармаар, “Баагий” нартай үзнэ гэсэн сэтгэгдэл төрж байсан хүнд үе бий.
Харин хожимын өдөр буюу аавын маань хөшөөний нээлтийн үеэр би уйлсан. “Ааваа би таны төлөө байсны учир таны хөшөөг өнөөдөр нээлээ. Миний гомдож байсан хүмүүс хүртэл энэ хөшөөг дэмжиж босгосон шүү. Ертөнц гэдэг чинь хартай цагаантай байдаг юм байна. Аав минь уучлаарай. Гэхдээ би хүүгийн чинь хувьд үүргээ биелүүллээ. Аав минь сайхан нойрсоорой” гэж бодох үед нөгөө хагарах гээд байсан сэтгэл цэлмэж байсан. Буцалж байсан уур омог алга болж ёстой л хэрэг цайрна гэдэг шиг хэнд ч гомдолгүй болж сэтгэл санаа тайван сайхан болсон шүү. Нөгөө гомдлын нулимс чинь баяр хөөрөөр цалгисан, өнгөөр зүйрлэвэл цагаан нулимс болж гарсан. Бороо орсны дараа бүх зүйлс тод шинэ юм шиг харагддаг. Яг тэрэн шиг аавынхаа хөшөөг нээсний дараа миний бүх гомдол арилж нэг л гэрэл гэгээтэй сайхан тод болчихсон юм шиг санагдаж байлаа.
-Уучлаарай. Та бунханыг нь нээж шарилыг нь авч байх үед хажууд нь байсан уу?
-Бунханыг нь нээгээд шарилыг авч байгааг би хараагүй. Харахыг ч хүсээгүй. Ер нь хорвоогийн түмэн “өнгийн” хүмүүс дотор эцэг эхийнхээ өмнөөс гар далайгаад “Би чамайг” гээд уурладаг үзэгдэл байдаг. Гэхдээ нас барсан хүний шарилыг ухаж байхад хажууд нь очоод “Гарга гарга” гээд зогсож байдаг үр хүүхэд байдаггүй байх. Тийм ёс зүй, зүрх ч байдаггүй байх. Миний хувьд аав ээжтэйгээ дэндүү ойрхон байсан учраас тэрийг хийх нь бүү хэл харж ч чадахгүй байсан. Тиймээс би бунханыг онгойлгож шарилыг нь нээх үед очоогүй. Очих ч үгүй гэж бодсон.
-Тэр үед та хаана байв. Сэтгэлд тань бол шуурга л шуурч байж дээ?
-Тэр үед би дотроо дэлбэрээд, гаднаа доголон нулимстай гэртээ сууж байсан. Гаднаас нь харахад хад асга шиг царайтай, дотроо бол дэлхийн төв шиг шатаж “Та нартай үзнэ дээ” гэсэн өс хонзон, хорсол дээд цэгтээ хүрч байсан. Эцгийнхээ шарилыг хөндүүлсэн хүн ямар өөдтэй байх вэ.
-Энэ бүхэн цаг үе нийгмээ дагав уу, аль эсвэл хэн нэгний бодлогоор хөндөгдөж, “нүүхдээ” хүрэв үү. Та хэн нэгэнд буруу өгдөг үү?
-Энэ миний буруу биш, тэр хүмүүсийн буруу биш. Тухайн үеийн нийгмийн тогтолцоо нь тийм байсан, тийм болгосон учраас миний аав болон түүний хүүхдүүд золиос болсон. Нийгмийн золиос нь миний аав болж. Тэр буруу золиосных нь буруу үр дүн хүү дээр нь илэрдэг юм байна. Харин гурав, дөрөв дэх үе байсан бол хамаа алга. Эцэг эх нь биш эмээ өвөө, элэнц хуланц нь болоод явчихаж байгаа учраас ингэж хүнд тусахгүй байх. Гэтэл бороо орсон намрын зэвэргэн үдэш нөмгөн дээлтэйгээ гадаа гараад зогчихсон “Хүүхэд минь хааччихав. Яагаад оройтоод ирэхгүй байна” гээд хүлээгээд зогсож байсан аавын сэтгэлийн хайрыг би даахгүй байж болохгүй шүү дээ.
-Бас дахиад л сэтгэл эмзэглүүлсэн асуулт тавих нь, уучлаарай. Та аавынхаа газар дээр нь очдог уу?
-Манай гэр бүлд тогтсон ганц зарчим байдаг. Аавынхаа төрсөн өдөр заавал газар дээр нь очдог. Хүүхдүүд маань цэцэг өргөж, гэргий бид хоёр сан тавьж юм боддог. Тэр өдөр бол эхнэр бид хоёрын юм боддог өдөр.
-Таны ярианаас анзаарахад аавдаа их эрх байсан юм шиг ээ. Энэ харилцаанаас танд гүн сэтгэгдэл үлдээсэн, мартаж чаддаггүй тийм агшин олон байдаг байх. Сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Аав маань Засагтханы хүрлэгэр бор эрчүүд гэдэг шиг гаднаасаа бол хүрлэгэр бор эр хүн байсан. Монголчуудын нийтлэг дүр төрхтэй хүн л дээ. Харин дотор ухаан бол гайхалтай. Бүх хүнтэй сайхан харьцчихна. Хүнийг жаахан цаашлуулдаг. Гэхдээ гомдтол нь өс хонзон санатал нь биш тэрүүхэн зуур хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж инээд хөөр болохуйц үг хэлчихдэг. Дотоод сэтгэл нь хүн болгонд танигдахгүй. Минийхээр бол дотоод сэтгэл нь хатуу үедээ хатуу тууштай, нинжин үедээ нүднээс нь нулимс гардаг ийм л хүн байсан. Гэхдээ тэр бүр уйлаад байдаггүй. Хоёр удаа л нүдэнд нь нулимс хурсан байхыг харсан. Намайг хойшоо сургуульд явах гэж байхад нүдэнд нь нулимс цийлэгнэж байхыг анх удаа харлаа. Аавд минь тийм их хайр байдаг юм. Тухайн үед би “Энэ аав одоо хаашаа янзын юм. Уйлах гээд байгаа юм уу” гэж бодож байсан. Гэтэл бодит байдал дээр аав минь “Хүү маань харь холын газар явах гэж байна. Эргээд ирэхэд нь би уулзаж чадах болов уу яах бол, би хүүгээ дахиж харж чадах болов уу, хүү маань тэнд очоод хэрэг төвөгт орчих вий дээ, яачих бол” гэсэн эцгийн сайхан сэтгэл байхад би тухайн үед ойлгоогүй. Тиймдээ ч “Аав яагаад уйлах гээд байгаа юм” гэсэн сэтгэгдэл төрж байсан байхгүй юу.
Хоёр дахь нь Ю.Цэдэнбал дарга манай аав 2 эцэг хүү шиг л байсан. Аавыг өвчтэй хэвтэж байх үед тэр хүн ирсэн. Үүнийг би хөндлөнгөөс харж байлаа. Гэтэл тэр хоёр нүдээрээ харьцсан. Яагаад гэвэл “Чи л одоо төрийнхөө асуудлыг шийдэх нь байна шүү. Чамд л монголын ард түмний хувь заяа атгаастай байна шүү” гэж байгаа юм шиг нүдээр харж тэр нүдэнд нулимс хурсан байсан. Тэр үед надад “Эцсийнхээ асуудлыг ярьж байна даа. Энэ хоёр хүн нүдээрээ ойлгоцдог юм байна” гэсэн сэтгэгдэл төрж байсан. Албархаг харьцаан дээх нуршуу зүйл байдаггүй юм билээ. Олон жил хамт ажиллаад ирсэн хүмүүс нүдээрээ харцаараа ойлголцох хэмжээнд хүрдэг юм байна гэж бодогдож байсан. Ингээд яриад байвал олон дурсамж байна.
-Эр хүн нулимс ховортой байдаг гэдэг шүү дээ. Гэхдээ гаднаа ил гаргахгүй ч дотроо уйлах мэгших үе байдаг л байх?
-Тийм дээ. Манай том Сүрэнжав ахын маань ихэр Батсүх гэж сайхан залуу эндсэн юм. Түүний оршуулган дээр аавын маань нүүр нь барайгаад л нүүгэлтээд байснаас биш нүднээс нь нулимс гарахгүй байсан. Дотроо бол уйлж, мэгшиж, хашгирч байсан байх.
Бас бид нэг машинд суугаад явж байх үед ааваас нэг л бөглүү ч юм шиг чимээ гараад байсан. Гэхдээ нулимс үгүй. Одоо бодоход дотроо л уйлаад байсан юм билээ. Тэгэхээр их тэвчээртэй байсных юм уу даа. Энэ нь олон жил гадаадад байсантай ч холбоотой байсан байх. Манай аав чинь 1937 оны хэлмэгдүүлэлт эхэлж байхад ОХУ руу яваад 9 жилийн дараа буюу 1946 онд ирж байсан элчин сайд шүү дээ.
-Таныг хойно сурч байхдаа зөвхөн өөрсөддөө зориулсан онгцооор нисч ирж байсан гэж сонссон юм байна. Одоо бол мөнгөтэй нь онгоц унаж байна. Харин тухайн үед боломж хомс байсан байж таарна...?
-Энэ ийм учиртай. Аавын маань биеийг муудаад эхлэхээр эхлээд н.Тогтох ахыг дуудсан юм билээ. Яг их цус алдалт болоод ер нь тэсэхгүй нь гэхтэйгээ зэрэг /элэг нь муудаад цус алдалт болоод эхлэнгүүт нь/ Ю.Цэдэнбал дарга “За нөгөө хоёр хүүхдэд нь хэлэхгүй бол гомдоод барахгүй шүү. Нөгөө хэрүүлч Багварай заан чинь хэрэлдээд салахгүй. Нэг арга бодно байгаа” гэж н.Лувсанчүлтэм гуайд хэлсэн гэдэг. Тэгээд бид хоёрыг Оросоос монгол руу авчирсан. Тэр өдөр бүтэн сайн өдөр байсан юм. Онгоц нисдэггүй өдөр байсан ч нисэхээр болж түүн дотор гурван хүн суугаад ирсэн нь гурвуулаа нэг дор очих хамаатан байсан юм.
-Онгоц нисдэггүй өдөр нисээд гуравхан хүн суулгаад явахаар юм юм л бодогдож байсан байх?
-Аав минь урьд нь хэлж байсан л даа. “Би бол насгүй болсон хүн” гэж. Намайг 9 дугаар ангид байхад манай аавын элэг өвдсөн. Орой хичээлээ тараад ирсэн чинь ээж уйлчихсан, “Аавын чинь элэг нь өвдөөд байх шиг байна. Эмч нар элэг гээд байна. Яана даа” гээд л. Ээжийн талынхан лам олонтой тайж гаралтай хүн байсан. Тэгээд ээж маань нэг хүн дээр очоод ирсэн юм. Ирэхдээ хятад байцаа сайн гэж байна гээд. Тэгээд амгаланд амьдардаг нэг хятадаас байцаа аваад түүнийгээ дараад уусан. Түүнээс хойш 2 жил гаран тогтсон нь хятад байцааных байсан уу эм тангийнх байсан уу, ямар ч байсан гайгүй болсон юм.
-Хэр барагтай өвддөггүй бие сайтай хүн байсан гэдэг. Өвдөөд дор орсон байхыг нь хараад өрөвдөв үү?
-Аавыгаа өрөвдөх үе байлгүй яахав дээ. Гэхдээ аав чинь харьцангуй бие сайтайн дээр барагтай бол өвчин зовлон тоочоод байдаггүй тийм хүн байсан учраас өрөвдөх үе цөөн дөө. Аав маань наадмын нээлт хийдэг байлаа. Гэтэл нэг удаа үг хэлэхэд нь богинохон л үг хэлээсэй. Удаан зогсвол хөл гар нь өвдөх вий дээ гэх бодол төрж байсан. Харин ээжийгээ өвдсөний дараа маш их өрөвдсөн. Эмчилгээ байхгүй гэртээ ядруухан хэвтэж байхыг нь хараад миний ээж ч ийм байгаагүй юм даа гэж бодогдсон шүү.
-Чин сэтгэлээсээ ярилцсанд тань баярлалаа.
Ж.Нарангарав
anu_naran@yahoo.com
Сэтгэгдэл ( 7 )
sambuu er n tsedenbaliin alia salbadai l bsan sh de mongoliin ter ih gazar nutgiig orosod ogohod n tsug ineegeed suuj bsan biz de hervee ard tumen gazar nutgaa neheh yum bol sambuugiin ur huuhduudiig alsan ch bagadna
Орчин үеийн аппаратаар Биоэнергийн түвшинд бүх эрхтэн системийн оношлогоог хийж, зөвлөгөө өгч байна.Үүнд:Ясны сийрэгжилт, яс ургалт, зүрх судас, тархи мэдрэл, бөөр түрүү булчирхай, эмэгтэйчүүд, хүүхдийн бүхий л эмгэг, элэг цөс, уушиг, хоол боловсруулах систем, сахарын өвчин, ангины хүндрэл, хэрлэгийн өвчнийг эрт илрүүлэн эмчилнэ.Утас: 94448429, 96058429
Орчин үеийн аппаратаар Биоэнергийн түвшинд бүх эрхтэн системийн оношлогоог хийж, зөвлөгөө өгч байна.Үүнд:Ясны сийрэгжилт, яс ургалт, зүрх судас, тархи мэдрэл, бөөр түрүү булчирхай, эмэгтэйчүүд, хүүхдийн бүхий л эмгэг, элэг цөс, уушиг, хоол боловсруулах систем, сахарын өвчин, ангины хүндрэл, хэрлэгийн өвчнийг эрт илрүүлэн эмчилнэ.Утас: 94448429, 96058429
NERGUIG DEMJIJ BN
NERGUIG DEMJIJ BN
DOR SETGEGDEL BICHSEN HUN BOGINO BODOL NIITLEL OILGOJ UNSHIH CHADVARGUIGEE HEND GAIHUULAAD BGAA YUM. HA HA BHDAACH YANAV DEE.OOROO OORIIGEE SHOOLJ INEEJ BGAAD CHIN BAYAR HURGYE.YOSTOI L CHINII SETGEGDLIIG UNSHAAD CHAMAIG SHOOLJ HA HA BAIMAAR BNA.
Oroonoos gar geed hoohoor l helmegdeh uu tee. Tegvel mgl d helmegdeegvi hun baihgvi iym baina. 10 n jil deed syrguulid nileen hed hoogdoj garj baisan helmegdelt iym baina. Orgodol bichij nohon tolbroo avyaa. Ha ha