Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилготойгоор анх байгуулсан Хүний хөгжил сан гэж бий. Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу тус сангаас 2010 оноос эхлэн иргэнд хишиг, хувь хүртээснийг иргэд мэдэж байгаа. Тэгвэл өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулиудын төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эцэслэн батлав. Нийгмийн даатгалын санд ирэх оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх нийт орлогыг 1 их наяд 567 тэрбум 337.7 сая төгрөг, нийт зарлагыг 1 их наяд 289 тэрбум 289.2 сая төгрөг, харин Хүний хөгжил сангийн төсөвт төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 549 тэрбум 780 сая төгрөг, төсвийн зарлагын хэмжээг 312 тэрбум 064.2 сая төгрөг байхаар батлав. Ирэх оны төсвийн жилд Хүний хөгжил санд мөнгөн орлого хуримтлуулахгүй байхаар боллоо.
Энэ үеэр гишүүн С.Баярцогт, Ц.Нямдорж нар Хүний хөгжил сангийн хөрөнгөөр барилга байгууламж барьдаг явдлыг зогсоох нь зүйтэй, иймээс Засгийн газар Хүний хөгжил сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг ирэх онд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр өөрчлөх төслөө оруулж ирэх хэрэгтэй гэсэн санал гаргалаа. Гишүүн Ц.Даваасүрэн ч энэ саналыг дэмжиж буйгаа хэлсэн юм.
Тэгэхээр 6 дугаар зүйл. Сангийн хөрөнгө оруулалтын жишиг багц
6.1.Энэ хуулийн 5.1-д заасан санхүүгийн хэрэгсэлд оруулах хөрөнгийн тухайн жилийн жишиг багцыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өргөн мэдүүлснээр Засгийн газар санхүүгийн хэрэгсэл, бүс нутаг, валютын төрөл тус бүрээр тогтооно гэж заасан байдаг.
Харин 5 дугаар зүйл. Сангийн хөрөнгийг арвижуулах
5.1.Сангийн хөрөнгийг арвижуулах зорилгоор дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр дараахь санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулна:
5.1.1.үнэт цаас, өрийн бичиг;
5.1.2.хадгаламж. хэмээн заасан байгаа юм. Тэгэхээр Хүний хөгжил сангийн хөрөнгийг энэ маягаар өөр тийш залах бололтой.
Сэтгэгдэл ( 0 )