Монголын гаальчид Будапештад боловсорч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 22

Худалдаа, эдийн засгийн талаар хамтран ажиллах Монгол-Унгарын ЗГХХК-ын протоколд тусгагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Унгарын ХАЁТ-ийн хөтөлбөрийн санхүүжилтээр Монголын гаальчид энэ өдрүүдэд Будапешт хотноо сургалтанд хамрагдаж байна.

 

Монгол Улсын ГЕГ, Унгарын Татвар, гаалийн Алба хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ 2010 онд шинэчлэгдсэн бөгөөд гэрээний дагуу Монголын гаальчдын 3 дахь удаагийн төлөөлөл 12 гаальчин энэ удаагийн сургалтанд хамрагдаж байна. Монголын гаальчид Унгарын Гаалийн байгууллагын үйл ажиллагааны туршлагаас суралцах, Европын Холбооны улсуудын хүрээнд мөрдөгдөж буй хууль, эрх зүйн нэгдсэн стандарт, хэм хэмжээтэй танилцах, татварын орлого бүрдүүлэх, хянан шалгах, гааль, татварын кассын нэг урсгалтай мэдээллийг хэрхэн хийж буй талаар Унгарын мэргэжил нэгтнүүдийнхээ лекц, танилцуулгыг сонсон бүсийн болон хилийн, гүнийн хяналт, шалгалтын нэгж хэсгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах юм.

 

Унгарт дадлагажиж буй монголын 12 гаальчин салбартаа 15-20 гаруй жил тогтвортой ажилласан гол төлөв орон нутгийн гаалийн байгууллагын төлөөллөөс бүрдсэнээрээ онцлогтой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top