Бразилтай уул уурхайн салбарт хамтарна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 04

 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан энэ сарын 1-2-нд Бразилийн Холбооны Улсад ажлын айлчлал хийв. Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайханыг Бразилийн Гадаад хэргийн дэд сайд Эдвардуа Дос Сантос болон Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Улс төрийн хэрэг эрхлэх газрын хоёрдугаар орлогч Мариа Эдилеуза Фонтэнелэ Рейс нар хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

 

Монгол Улс Бразилд ЭСЯ-аа нээх шийдвэр гаргасанд баяр хүргээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн өндөр ач холбогдолтой чухал алхам гэдгийг Дэд сайд Мариа Эдилеуза Фонтэнелэ Рейс онцлон тэмдэглэв.

 

Бразил Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэх, ялангуяа боловсрол, спорт, эдийн засаг, ашигт малтмалын салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэрээр дурдлаа. Монгол оюутнуудыг бразилийн их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, эрдэмтэн багш нар солилцох болон хөл бөмбөгийн спортоор сонирхон хичээллэж байгаа сурагчдыг бразилд урьж, сургалтад хамруулах боломжтойг мөн тэмдэглэв. Түүнчлэн Бразилийн Конгресст “Монголтой харилцах бүлгэм” байгуулагдсаныг дурдаад парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү бүлгэм чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

 

ТНБД Г.Цогтсайхан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг тэмдэглээд, Монгол Улсын ЭСЯ Бразилиа хотноо удахгүй нээгдэж, харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол болон спортын салбарт улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Манай улсаас санал болгож, төслийг нь хүргүүлсэн “Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр”-ийг ойрын үед байгуулахад анхаарч ажиллахыг хүсэлт болгов. Мөн Засгийн газраас хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

 

Бразилийн нийслэл Бразилиа хотноо 133 улсын ЭСЯ ажилладаг бөгөөд Бразил улс гадаадад нийт 227 дипломат төлөөлөгчийн газартай ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
altansukh(83.244.151.250) 2013 оны 12 сарын 04

barag l uls bolgontoi uul uurhain geree hiih yum da . yaana da ene teneguudiig.

0  |  0
Top