Төсвийн орлого, зарцуулалтын тайланг олон нийтэд нээлттэй болгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

Өнөөдөр Авилгын эсрэг олон улсын өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхаглаж, авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах үүрэг хүлээдэг. Энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авилгын эсрэг хэрэгжүүлж байгаа ажлуудаас товч танилцуулж байна.

 

НИТХ-ын баталсан нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн Авлигагүй Улаанбаатар зорилтод бүлгийн хүрээнд төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах, үйлчилгээг сайжруулах талаар тусгасан байдаг. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2013 оны 1 дүгээр сарын 7-нд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудыг авлигаас ангид байхыг анхааруулсан захирамж гарган, шинээр журам баталсан юм. Журам гарснаар нийслэлийн харьяа байгууллагын ямар ч албан тушаалтан албан уулзалтыг тусгайлан тохижуулсан уулзалтын өрөөнд хийж, тусгай тэмдэглэл хөтлөн байгууллагын архивт хадгална гэдгийг тодорхой зааж өгсөн юм. Мөн нийслэлийн Засаг даргын А/419 дүгээр захирамжаар “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөө"-г баталж, НЗДТГ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигын дагуу төсвийн орлого, зарцуулалтын тайланг олон нийтэд нээлттэй, энгийн ойлгомжтой, хүртээмжтэй болгох “шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд “Төсвийн орлого, зарцуулалтын тайлагнал, мэдээллийн ил тод байдлын тогтолцоог хэрэгжүүлэх журам”-ыг боловсруулж байгаа бөгөөд энэхүү журамд  улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалтад  нэг сая төгрөгнөөс дээш үнэ бүхий бараа үйлчилгээ, бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, албан томилолтын зардал, татаас ба урсгал шилжүүлэг, тэтгэмж, урсгал зардал болон бусад худалдан авалт, гүйлгээ зэргийг олон нийтэд нээллтэй мэдээлэхийг тусгасан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top