Дэлхийн алтны зах зээл энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар ямар өнгө төрхтэй байсныг авч үзье. Энэ хугацаан дахь алтны дундаж үнэ 1427,86 ам.долларыг өнгөрөгч оны мөн үеийн дундаж үнэ болох 1652,11 ам.доллартай харьцуулахад 14,35 %-р буурсан үзүүлэлттэй байна. 2012 оны 10 сараас эхэлсэн алт болон мөнгөний үнийн бууралт энэ оны 8 сарын эх хүртэл үргэлжилж 8 болон 9 дүгээр сард бага зэргийн өсөлттэй байсан ч 10-р сараас дахин буурсаар 11 сарын дундаж үнэ нь 1275,82 боллоо.
Оны эхний хагас жилийн алтны үнийн бууралтанд АНУ-ын эдийн засгийн сайжирч буй үзүүлэлт, Энэтхэг болон бусад зүүн өмнөд Азийн улсуудын алтны хэрэглээний сул байдал гол нөлөө үзүүлэв.
Манай өмнөд хөрш БНХАУ богино хугацаат зээлийн хүүгээ нэмэгдүүлэх тухай мэдээлэл гарч эхэлсэн нь түүхий эдийн үнийн бууралтад дахин нөлөөлж эхэлсэн. Гэвч АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бонд худалдан авалт үргэлжилж байсан нь алт болон бусад түүхий эдийн үнийг хэвийн байлгахад болон өсөхөд нөлөөлнө гэж үзэж байсан ч үнэ буурсаар байна.
Учир нь хөрөнгө оруулагчид АНУ-ын засгийн газраас авч хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар эргэлзээтэй хэвээр байгаа нь алт болон мөнгөний үнийн бууралтад нөлөөлж байна. Ирэх оны 2-р сард борлуулагдах алтны үнэ Comex бирж дээр 0,1/%-р буурч 1220,80 ам.доллар/унци болсон. Долларын ханш нь Швейцарь франк, Японы иен, Австрали долларын ханшийн эсрэг огцом буураад байхад ч үнэт металлын үнэ нэмэгдэхгүй байна. Алтны хэрэглээ болон үнэ цэнэ буурсаар байгаа тул ойрын хугацаанд үнэ нь 1200-1300 ам.доллар/унцийн хооронд хэлбэлзэх хандлагатай байна.
Сэтгэгдэл ( 0 )