Гангийн үйлдвэрүүдийг хааж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

Энэ оны 3 дугаар сард болсон Хятадын Коммунист Намын их чуулганаас 5 шинэ бодлого хэрэгжүүлэхээр болсны дотор үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрэгжүүлэх шинэ журам гаргасан нь  Хятадын дотоодын зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ буурах гол шалтгаан болсон юм. Дэлхийн зах зээл дээрх 62 хувийн  агуулгатай төмрийн дундаж үнэ энэ оны эхний арванэгэн  сарын байдлаар 135,34 ам.доллар байна. Үүнийг  өнгөрөгч оны мөн үеийн дундаж үнэ 128,41 ам.доллартой  харьцуулахад 5,40 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.


Өнгөрөгч оны наймдугаар сарын сүүлч есдүгээр сарын эхээр төмрийн хүдрийн үнэ сүүлийн 3 жилд байгаагүй үнийн уналтанд орсон юм.  62 хувийн агуулгатай тонн  төмрийн хүдрийн үнэ 100,3 ам.доллар хүртэл буурч байсан. Харин оны сүүлчээс Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирснаар гангийн хэрэглээ нэмэгдэж төмрийн хүдрийн үнэ нилээд өссөн.

 

Хятадын цагаан сарын баяр хүртэл гангийн үйлдвэрүүд нөөцлөх худалдан авалтаа хийж байсан тул үнэ нэмэгдэж байв. Харин энэ баярын дараагаар цаг агаар дулаарч барилга болон үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа идэвхжиж эхлэхээр нийт түүхий эдийн үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан боловч төмрийн хүдрийн худалдан авалт нэмэгдээгүй хэвээр байсан. Хятадын гангийн зах зээл 2013 оны эхний 2 улиралд их сул байсан нь төмрийн хүдрийн үнийн бууралтын гол нөлөө байсан.

 

Харин 2013 оны 3 дугаар улиралд гангийн хэрэглээ нэмэгдсэнээр төмрийн хүдрийн үнэ 5,39%-р нэмэгдсэн.  Энэ оны 11 дүгээр сарын байдлаар Хятад улсын төмрийн хүдрийн дотоодын зах зээл тогтвортой байсан ба арилжаа идэвхтэй явагдаж Хятад улсын зүүн хойд хэсэгт болон Hebei мужид өвлийн нөөцөө бэлтгэж байсны улмаас үнэ нэмэгдэж байсан. 11 дүгээр сарын 25-ны байдлаар боомтуудын төмрийн хүдрийн нөөц 81,11 сая.тн-д хүрсэн. Сүүлийн үед нийлүүлэлт  тогтмол явагдаж байгаа ч хэрэглээ зогсонги байдалд байна. Tangshan болон Hebei мужид байгаль орчны газраас хяналт шалгалт хийж гангийн үйлдвэрүүдийг нүүлгэж хааж байгаа нь төмрийн хүдрийн үнийн бууралтад нөлөөлж болзошгүй байна.

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top