Хэрвээ иргэн та орон сууц шинээр худалдан авсан аль эсвэл оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж барагдуулсан бол татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй юм.
Тэгэхдээ дараа оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл шаардлагатай баримт материал бүрдүүлсэн иргэдийг хүлээн авч дуусах учраас өөрийн оршин суугаа дүүрэгтээ хүсэлт, матөриалаа бүрдүүлж өгөх шаардлагатай.
Орон сууцны хөнгөлөлтөнд:
-Хорооны засаг даргын тодорхойлолт
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
-Ажлын газар болон цалингийн тодорхойлолт
-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны ордерийн хуулбар
-Таны байрны худалдах, худалдан авах гэрээ
-Байранд төлсөн мөнгөний баримт
-ҮХХ борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт
-Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт
-Таны хадгаламжны дэвтэр, виза картны хуулбар хэрэг болох юм байна.
Эдгээр бичиг баримт нь орон сууцны хөнгөлөлтийг анх удаа эдлэх гэж байгаа иргэдэд хамаарагдах бөгөөд хөнгөлөлтийн хувь хэмжээг жил дамнуулан авч байгаа бол жил бүр баримтаа бүрдүүлэх шаардлагатай болно. Гэвч дараа жил нь үлдсэн мөнгөө авах гэсэн бол шаардлагатай бичиг баримт харьцангуй цөөрөхийг санаарай. Тухайлбал,
-Чөлөөлөлт эдлэх иргэний гараар бичсэн хүсэлт
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд
-Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-Татвар төлөгчийн орлого бүртгэлийн дэвтэр
-Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
-Орлого нотлох бусад баримт
-Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/ хэрэгтэй ажээ.
Хөнгөлүүлэх мөнгөн дүнгийн тухайд хэрэв 70 сая төгрөгөөр байр худалдаж авлаа гэхэд, орон хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувьд хөнгөлөлт тооцох ёсоор 30 сая төгрөгийн 10 хувь болох гурван сая хүртэлх төгрөгийг буцаан авах ажээ. Ингэхдээ иргэн бүр шинээр байр авсан л бол гурван сая төгрөг эргүүлээд авна гэж ойлгож болохгүй. Энэ нь татварын хөнгөлөлт буюу эргэн төлөлт учраас тухайн жилд та хэдий хэмжээний татвар төлсөнөөс хамаараад гурав хүртэлх сая төгрөгийг буцаан авч болох юм.
Сургалтын төлбөр төлөлтийн хөнгөлөлт
Албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаан олгох юм. Мөн заавал эцэг, эх нь ажиллаж, татвараа төлсөн байх бус, их дээд сургуульд суралцахын тулд өөрөө төлбөрөө хийдэг ажилтан ч хамрагдаж болох ажээ. Ингэхдээ сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн тариф нь тогтсон 10 хувь. Жишээ нь, та 800 мянган төгрөгийн төлбөр төлсөн бол 10 хувь болох 80 мянган төгрөгийг буцаан авч болох юм.
Шаардлагатай бичиг баримт:
-Хөнгөлөлт эдлэх иргэний бичсэн хүсэлт
-Эцэг/эх/-ийн болон хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар /эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
-ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд//эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
-Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: Тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа /
-Сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн баримт /сургалтын төлбөр төлсөн хөрөнгө нь албан татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох баримт тайлбарын хамт/
-Суралцаж буй оюутаны сургуулийн тодорхойлолт /Гадаад сургалт нь албан ёсны орчуулгын товчоонд орчуулж баталгаажуулна./
-Эх нь эдэлж байгаа бол хүүхдийн төрсөний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгааг нотариатаар батлуулсан байх
-Үрчилж авсан бол нотлох баримт /нотариатаар баталгаажсан байх/
-Иргэний өөрийн нэр дээрхи данс банкны нэр
-Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/ ёстой юм байна.
Үүн дээр нэмэхэд, сургалтын төлбөрөөс хөнгөлөлт авах гэж байгаа бол заавал дотоодын их, дээд сургууль биш, гадаадад сурч байсан ч төлбөр төлсөн гэдгээ баталж болж байвал адилхан л 10 хувийнхаа мөнгийг буцаан авч болно.
Ингээд өмнөх жилүүдэд байр авсан, төлбөр төлсөн бол тухайн жилдээ л хамрах ёстой. Нөхөж олгохгүй болохыг санаарай. Тиймээс тухайн жилийнхээ төлбөр тооцоог тэр жилдээ л хөнгөлөлт байдлаар эргүүлж авах юм.
Ийнхүү бүрдүүлэх бичиг баримт дэндүү их, цаг хугацаа алдана гэж хөнгөлөлт авахаасаа их ажил болох нь гэж ярьдаг хүмүүс олон. Гэхдээ бичиг баримтаа цаг заваараа бүрдүүлээд хөнгөлөлтийг эдлээд сурчихвал цаашдаа улам амар, хялбар болдог байна. Дахин сануулахад, хоёрдугаар сарын 15-наас өмнө хөнгөлөлт эдлэх хүмүүс материалаа харьяа дүүргийнхээ татварын албанд бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )