Найман хувийн хүүтэй зээлийг зогсоогоогүй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

Энэ онд шинээр 18976 айлын 85 орон сууц ашиглалтад орно.

Үүнээс 17380 айлын 69 орон сууц найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой гэдэг судалгааг “Мастер пропертиес” компанийнхан гаргажээ.

Тэгвэл 2016 он хүртэл олгох энэхүү найман хувийн хүүтэй зээлийг арилжааны банкууд хэрхэн өгч байгааг сонирхлоо. Хамгийн түрүүнд Багшийн дээдийн зүүн талын “Сонор плаза” төвд байрлах ХААН банкны салбарыг зорилоо.

Зээлийн эдийн засагч нь “Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг судалж байгаа” гэдэг хариу өгсөн юм. Өөрөөр хэлбэл, тус банкаас тавьсан шаардлагыг хангасан зээлдэгч орон сууцны зээл авах боломжтой юм байна.

Гэхдээ зээл хүсэгч нь орлого буюу цалингаа заавал тус банкаар дамжуулж авдаг байх шаардлагыг тавьж байв. Заавал тус банкны цалингийн карттай байх ёстой гэнэ. Харилцах дансны картыг тооцохгүй гэлээ.

Харин ХАС банкны тухайд Саппоро, Сансар, III, IV хорооллын “Өргөө” кино театр болон Хан-Уул дүүрэг дэх салбараараа дамжуулан орон сууцны зээл олгож байна.

ХАС-аас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг авахад орлого буюу цалингаа заавал тус банкаар дамжуулж авдаг байх шаардлагагүй гэнэ. Харин нийгмийн даатгал төлдөг эсэх, хамтран зээл хүсэгчийн цалин буюу орлого зэргийг харгалзах юм байна.

Дараа нь Худалдаа хөгжлийг банкинд очив. Энэ банкны зээлийн бүх салбараар орон сууцны зээл олгож байгаа гэнэ. Тус банк найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг 30 ба түүнээс дээш хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр 20 хүртэлх жилийн хугацаатай олгож буй юм байна.

Харин орон сууц авсан иргэн зээлийн хугацаандаа амь насны даатгалд заавал хамрагдах учиртай. Эндээс харахад арилжааны банкуудын тавих шаардлага хоорондоо үл ялиг ялгаатай ч найман хувийн орон сууцны зээлийг хэвийн олгож байна.

Өнгөрсөн оны сүүлчээр зарим банк жилийн эцсийн тайлан тооцоондоо дарагдаад шинээр орон сууцны зээл хүссэн иргэдийг “Оны дараа ир” гээд буцаасан аж. Энэ нь нийгэмд орон сууцны зээл зогсчихлоо гэдэг цуу яриа гарахад нөлөөлсөн байх гэж банкуудын мэдээллийн ажилтнууд тайлбарлаж байна. 

Шинээр зээл хүсэж буй иргэд ямар шаардлага хангах вэ?

 

Зээл хүсэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй байх ёстой.

Өрхийн гишүүдээс хэн нэг нь өмнө нь “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам” болон “Иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу орон сууцны зээлд хамрагдаагүй бол танай өрх найман хувийн зээлд хамрагдах эрх нь нээлттэй юм байна.

Үүнээс гадна төрийн албан хаагчид сүүлийн нэг жил тогтвор суурьшилтай ажилласан байх, хувиараа хөдөлмөр эрхлэгч хоёроос доошгүй жил тогтмол үйл ажиллагаа явуулсан байхыг банкууд шаардаж буй юм.

Харин зээлээр худалдан авч буй байр нь зөвхөн нийтийн зориулалттай орон сууцанд байх ёстой гэнэ. Улсын комисс хүлээн авсан шинэ байр байхаас гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ашиглахыг хориглоогүй хуучин орон сууцыг ч энэхүү зээлээр худалдан авч болох юм байна.

Орон сууцны талбайн нийт хэмжээ хамгийн ихдээ 80 ам метр байх бөгөөд та зээлээр авсан байраа эд хөрөнгийн даатгалд хамруулахаа мартаж болохгүй.

Эх сурвалж: Зууны мэдээ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Any(202.131.225.197) 2014 оны 01 сарын 10

6% zeeliin uldegdelgui gej bs biz dee. Humuus buruu medeelel uguhuu bolimoor yumaa.

0  |  0
uynga(202.170.68.162) 2014 оны 01 сарын 10

oron suutsny une unetei bga blhoor zaluus bid nart bolomj bhgui ni haramsaltai

0  |  0
Top