Монголын хамгийн том 5 банкны зээлийн төвлөрөл өндөр байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Монголын банк, санхүүгийн салбар тогтвортой байгаа хэдий ч, цаашид дараах  эрсдэлүүдийг бууруулахад анхаарах шаардлага гарч байгааг эдийн засагчид хэлж байгаа юм. Тодруулбал, зарим банкууд дахь зээлийн төвлөрөл өндөр байгаа аж. Монголбанкнаас Банкны тухай хуулийн 17.1-д нэг зээлдэгчид тавих хязгаарлалтыг тогтоосон байдаг. Зээлийн төвлөрөл өндөр байгаа банкууд зохистой харьцааны дээрх шаардлагыг хангаж ажиллах нь зээлийн төвлөрлийн эрсдэлийг бууруулахад эерэгээр нөлөөлөх ёстой.

 

Тэгвэл манай банкны салбарт төвлөрөл өндөр байсаар байна. Төвлөрлийг хэмжих үзүүлэлтүүдийн нэг болох херфиндалын индекс нь манай орны хувьд нийт активын 18 хувь, хадгаламжийн 19.4 хувь байгаа нь төвлөрөл өндөр хэвээр байгааг харуулж байна.

 

Системийн хамгийн том 5 банкны төвлөрлийн харьцаа 89.5 хувьд байгаа нь  олон улсын жишгээр төвлөрөл өндөртэйг илтгэх үзүүлэлт аж.

 

Өөрийн хөрөнгө, түүний эрсдэл даах чадвар. Монголбанкнаас банкуудын өөрийн хөрөнгийн зохистой харьцааг 2012 оны 6 дугаар сараас 2013 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд системийн нөлөө бүхий банкуудад үе шаттайгаар 12 хувиас 14 хувьд хүргэн нэмэгдүүлж, банкны эрсдэл даах чадварыг сайжруулсан гэж буй.  Мөн хувь нийлүүлэгчдийн санхүүгийн хариуцлагыг сайжруулах зорилгоор өнгөрөгч оны 5 дугаар сард бүх банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 16 тэрбум төгрөг болгосон билээ. Ингэснээр банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ системийн хэмжээнд эрс сайжирч, эрсдэл даах чадвар нь дээшилсэн гэж үзэж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top