Ам.доллар хүртэл улстөрждөг болох нь ээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Энэ онд долларын ханш чангарахгүй” гэж албан ёсоор мэдэгджээ. Үнэн л байгаасай билээ. Ер нь эдийн засагчид 2014 оны эдийн засгийг маш өөдрөгөөр харж байгаа аж.

Гэхдээ маш өөдрөг гэдэг нь одоо байгаагаасаа дээрдэхгүй ч дордохгүй гэсэн санаа юм байна. Харин зургаадугаар сараас дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш өсөх нь тодорхой болсон тул Монгол Улсын орлого нэмэгдэж, эдийн засагт өсөлт ажиглагдаж эхэлнэ гэлээ. Тийм л байгаасай. Гэхдээ улсын орлого эдийн засгийг тэтгэхээсээ илүү төсвийн цоорхойг нөхөх хэрэгсэл болдог гэдгийг Монголбанк анхааруулсан.

Хамгийн гол нь валютын ханш цаашид тогтвортой байна гэдэг гаргалгааг хэрхэн хийсэн бэ гэдгийг тайлбарлахдаа, нэгэнт хөдөлсөн ханш буцаж тогтворжтолоо нэлээд хугацаа зарцуулдаг. Одоо яг тэр үе нь таарсан ба зуун төгрөгийн нааш, цааших асуудал эдийн засгийн хэвийн үзэгдэлд ордог юм байна. Төвбанкнаас валютын ханшийн огцом савлагааны үед хэрэглэх нөөц хангалттай бий гэсэн.

Толгой эдийн засагч ийм мэдээлэл өглөө. Хэрвээ энэ сайхан зураглал үнэн аваас монголчууда үнийн өсөлтөд тэгтэл дарлуулахгүй байх боломжтой гэсэн үг. Гэхдээ Цагаан сарын дуулиан гээч нэг аюул байна.

Өнөөгийн байдлаар ам.долларын албан ханш 1712 төгрөг байгаа аж. Харин “Найман шарга” төвд 1726 төгрөг байгаа бөгөөд энэ ханш сарын өмнө 1660 төгрөг байжээ. Сүрхий өссөн үзүүлэлт гэдгийг хэн ч хараад хэлнэ. Эдийн засагчид интервенц хийх шаардлагагүй гээд байгаа ч ченжүүдийн хэлж байгаагаар оргил үе Цагаан сарын өмнөх долоо хоног юм билээ. Тэр үед ам.доллар яаж ч мэднэ.

Улстөрийн өнцгөөс харахад, ам.долларын ханшийн өсөлтөд лобби орчихсон. Нээрэн шүү. Бүр тодруулбал, хоёр сайдыг огцруулах тухай яриа гарах үед 1750 орчим төгрөгтэй дүйцэж байсан ам.долларын ханш энэ сарын эхээр 1600 гарантай байснаа одоо буцаад 1700-г давчихсан.

МАН-ын бүлгээс “АН хоёр сайдыг авч үлдэхийн тулд долларын ханшийг зохиомлоор унагаачихсан. Одоо хэд хоногоос зах зээлийн зарчмаараа нэмэгдээд эхэлнэ” гэж байсан. Тэгвэл яг тийм юм болсон. Тэгэхээр ам.долларын ханш хүртэл эдийн засгийн биш улстөрийн зарчмаар савласан байх магадлалтай.

Нөгөө талаар “Самурай” бондыг аль хэдийнэ савираагаад эхэлсэн. “Хөгжлийн банк”-ны дансанд орчихсон энэ их мөнгө зах зээлд хүлээлт үүсгэж, улмаар валютын ханшид нөлөөлж болно гэдгийг эдийн засагчид анхааруулаад, анхааруулаад барахгүй байгаа. Засгийн газар болохоор яаж зарцуулахаа мэдэхгүй л сууна ухааны юм яриад байгаа ч хааш нь яаж шингээх нь тодорхой болчихсон гэсэн.

Ямар ч байсан эхний ээлжинд 10 гаруй тэрбумыг нь төсвийн цоорхойг “анагаах”-д зарцуулна гэж байгаа. Ерөнхий сайд болохоор “Ёстой тийм юм байхгүй” гэж байгаа ч сөрөг хүчин үүнийг барим тавим нотолж байгаа учир байж болох асуудал гэсэн үг.

 Уг нь энэ мөнгөний хяналтад япончууд хяналт тавина гэсэн ч манайхан харин ч нэг яаж аргалахаа мэдэх хойно. Хууль ёсоор энэ мөнгө зарцуулна гэхээр эхнээсээ бонд гаргах нь хууль зөрчсөн явдал болсон юм билээ.

Тодруулбал, гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтэрч үл болно гэсэн хуулийг “Самурай” бонд зөрччихсөн. Одоо эрх баригчид намрын чуулганд багтааж 40 хувийг 60 болгох тохироог хийх гэж байна. Үүний тулд зах зээлд валют оруулах замаар ам.долларын ханшийг бага ч болов барина гэсэн нь ч бараг л үнэн болж таарлаа.

Ам.доллар хүртэл улстөрждөг болох нь ээ, янз нь.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top