Дэлхийн зах зээл дэх бүтээгдэхүүн түүхий эдийн эрэлтэд өндөр жин эзэлж буй Хятадын эдийн засгийн төлөв байдал, хөгжиж байгаа орнуудаас эрдэс, түүхий эд авах Хятадын сонирхол нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх гол гадаад нөхцөл юм. Арвангурван оны 1-р улиралд Хятадын эдийн засгийн идэвхжил удааширч, тоон үзүүлэлтүүд төсөөлж байсан түвшинд хүрээгүй тул ДНБ-ий өсөлтийн төсөөлөл нь 8.1 хувиас 7.8 хувь болж буурчээ. Хөгжингүй орнууд дахь эдийн засгийн таагүй нөхцөлөөс шалтгаалан Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байсан экспортын эрэлт буурч эхэлсэнтэй уялдан Хятадын эрх баригчид эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалахын тулд дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавьсан билээ. Гэсэн хэдий ч Хятад улсын хувийн хэрэглээ мөн л шинжээчдийн таамгаас бага үзүүлэлттэй гарч байна.
Түүнчлэн, бүрэлдэж буй эдийн засагтай болон хөгжиж буй орнуудад Хятадаас хийх гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан хандлага үргэлжлэхээр байгаа юм. Тэгэхээр гадаад эдийн засгийн орчин төдийлөн сайжрахааргүй байгаа нөхцөлд Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл муудсан, эдийн засагт орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан сөрөг хандлага үргэлжилж болзошгүй эрсдэлтэй байна. Энэ тохиолдолд экспортын үнэ буурах, экспортлох бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөхгүй байх эрсдэл байсаар байх тул экспортын өрсөлдөх чадварыг сайжруулж, экспортын бүтээгдэхүүний өртгийг бууруулах, “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлага гарч байгааг эдийн засагчид хэлж байна.
.
Сэтгэгдэл ( 0 )