НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн өмчийн талаарх баримтлах бодлогын тухай хэлэлцлээ. Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах үзэл баримтлал, хувьчлах хөтөлбөр чиглэлийг батлан мөрдөж байсан ч төрийн өмчөөс орон нутагт өмч шилжүүлснээс хойш нийслэлийн өмчийн талаар баримтлах бодлогын бичиг баримт батлагдаагүй байна. Тиймээс анх удаа нийслэлийн өмчийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан хэлэлцүүлж байгаа нь онцлог юм. Нийслэлийн өмчийн харилцааны менежментийн оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр өмчийн үр ашиг, өгөөж, эдийн засгийн чадавхи дээшлэн, тогтвортой хөгжлийг хангаж нийслэлийн өмчийг үнэ цэнэтэй, үнэлж болохуйц, өрсөлдөх чадвартай болгоно гэж үзэж байгаа юм. Өмчийн талаар баримтлах зарчмуудыг, нийслэлийн өмч, газрын харилцааны талаарх бодлого нь оновчтой, ил тод, хариуцлагатай байна. Нийслэлийн өмч, газрын харилцааны талаарх шийдвэр нь судалгаа, шинжилгээнд суурилсан, оролцогч талуудын хууль ёсны эрх ашгийг харилцан хүндэтгэсэн, урт хугацаанд тогтвортой хэрэгжинэ, компанийн сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлнэ, эдийн засаг дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг багасгаж, мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үүргийг нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй арга хэлбэрийг нэвтрүүлнэ. Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хүрээнд өнөөгийн болон ирээдүйн үнэ цэнэ өндөр байхуйц үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх замаар нийслэлийн хөрөнгийг өсгөнө, газар болон түүний дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоож, үр ашигтай эдийн засгийн эргэлтэд оруулан, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Нийслэлийн өмч, газрын харилцаа нь чанарын удирдлагын нэгдсэн цогц систем бүхий дэвшилтэт техник технологи, программ хангамжид суурилан хөгжинө гэх зэргээр тодорхойлжээ.
НИТХ-ын Төлөөлөгчид орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд нь алдагдалтай ажилладаг мөртлөө яг адилхан ажил үйлчилгээ явуулдаг хувийн хэвшлийнхэн ашигтай ажиллаад байдаг. Үүнийг энэхүү бодлогын баримт бичигт тодорхой болгож хариуцлагыг нь чангатгах, алдагдалыг хэрхэн барагдуулах зэрэг зохицуулатыг ямар хэлбэрээр тусгаж байгааг сонирхож байсан юм. Харин энэхүү асуултад нийслэлийн Засаг дарга хариулахдаа, “Төрийн өмчийн үйлдвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг орчин үеийн техник, технологи дээр тулгуурласан чадварлаг менежментийг нэвтрүүлж, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлдэг болгохоор энэ баримт бичигт тусгаж байгаа. Ер нь ганцхан орон нутгийн өмчит үйлдвэрийн газар биш нийслэлийн хүн амыг хамарсан, нийгмийн ач холбогдол бүхий ашгийн бус үйлдвэрийн газруудыг төсөвт байгууллага болгон өөрчлөн байгуулах мөн алдагдлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх, үнийг чөлөөлөх хувилбаруудын аль боломжтойг хэрэгжүүлж болохоор тусгасан” гэлээ.
НИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн өмчийн талаар баримтлах бодлогыг хэлэлцэн нийслэл өмчөө хариуцах эзэнтэй болгох, хамгаалах, арчлах, өмчөө баталгаажуулан хөрөнгө босгоход энэхүү бодлогын баримт бичиг маш чухал гэж үзэн санал нэгтэйгээрээ баталлаа. Энэхүү баримт бичиг батлагдсанаар нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар, нийслэлийн өмчийг түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх, хувьчлах үйл явц болон газрын харилцааны чиглэлээр баримтлах бодлого зэрэг нь тодорхой болж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )