Алт нь хеж буюу валютын ханшийн өөрчлөлтийг эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл болж өдийг хүрсэн. Тэгвэл шинжээчдийн үзэж буйгаар энэ онд шар алтны ханш буурах хандлагатай байгаа аж. “Credit Suisse” группын шинжээчдийн үзэж буйгаар нэг унц алтны дундаж ханш сүүлийн таван жилийн хамгийн доод үзүүлэлт буюу 1080 ам.долларт хүрч бууна гэсэн тооцоолол байна. Өнгөрсөн 2013 оны тухайд алтны дундаж үнэ 1411,03 ам.доллар байсан. Энэ нь 2012 оны дундаж үнэ болох 1652,11 ам.доллар/унцитай харьцуулахад 15,45 %-р буурсан үзүүлэлттэй байсан юм. Тэгэхээр шар алтны ханш жилээс жилд уруудсан дүр зурагтай байна. Хэрэв шинжээчдийн прогнозлоод байгаачлан үнэхээр 1000 руу унаад эхэлвэл найман оны хямралын дараахан алтны зах зээл сэргэлтийг үзэж байсан тэр үеийг эргэн санагдуулж мэдэх нь.
Арвангурван оны алтны үнийн бууралтанд АНУ-ын эдийн засгийн сайжирч буй үзүүлэлт, Энэтхэг, Хятад болон бусад зүүн өмнөд Азийн улсуудын алтны хэрэглээний сул байдал, АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас авч хэрэгжүүлж байсан бонд худалдан авалтын цаашид үргэлжлэх хугацааны асуудал , хөрөнгө оруулагчид алтнаас илүү үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлсэн зэрэг шалтгаанууд гол нөлөө үзүүлж байсан. Харин энэ он дөнгөж гарсны дараах үнийн өсөлтөд манай өмнөд хөрш Хятад улсын цагаан сарын баяр нөлөөлсөн байдалтай байгаа юм. Учир нь гоёл чимэглэл, болон үнэт зоосны худалдан авалт энэ үед ихээр нэмэгддэг учир ханш өсөөд байгаа юм. Гэхдээ энэ сарын байдлаар алтны үнэ өссөн үзүүлэлттэй байгаа ч, энэ нь түр зуурын өсөлт гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ онд төв банкуудын алт худалдан авах үйл ажиллагаа үргэлжилж алтны гол хэрэглэгч улсууд болох Энэтхэг, Хятадын хэрэглээ нэмэгдсэн ч хөрөнгө оруулагчдын борлуулж буй алтны хэмжээг нөхөхөд хангалтгүй байх төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )