Нийслэлд 2,8 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө байгаа гэдэг нь эргэлзээтэй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Нийслэл дэх үл хөдлөх эд хөрөнгийн үзлэг тооллого хийх, татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажил анх удаа зохион байгуулагдаад байна. Нийслэл 2008 онд үл хөдлөх хөрөнгөө тоолж байсан бөгөөд татвар төлөгч иргэдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж чадаагүй байсан байна. Тиймээс үл хөдлөх хөрөнгийг нэг бүрчлэн тоолж, татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн сантай болсноор далд эдийн засагтай тэмцэх, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ажил болсон гэж зохион байгуулагчид үзлээ.

 

Энэхүү ажлын үр дүнд нийслэлийн төсөвт 2,4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, шинээр 1644 ажлын байрыг илрүүлснээс гадна 2 900 татвар төлөгч иргэнийг шинээр бүртгэсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн тооллогоор нийслэлд 2,8 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө байгаа гэж тоолсон боловч энэ үнэлгээ  бодит үнэлгээ болж чадахгүй гэж Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд үзсэн юм.

 

Учир нь иргэд  татвар бага төлөхийн тулд өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө бодит үнэлгээнээс доогуур үнэлдэг, эсвэл банкны зээлд хамрагдахын тулд хэт өндөр үнэлэх явдал цөөнгүй байдаг байна. Үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгө бол нийслэлийн эдийн засгийн чадамжийг харуулах нэг үзүүлэлт болдог учраас цаашид үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлага байгааг удирдлагын зөвлөлийн гишүүд хэллээ.  Тиймээс үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгосон журам боловсруулахаар шийдвэрлэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top