Хөшигтийн хөндийд дэд станц байгуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 11

Орчин үеийн стандарт шаардлагыг хангасан олон улсын нисэх онгоцны буу­д­ал барих ажил өнгөрсөн жил Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшиг­тийн хөндийд эхэлсэн. Тэгвэл уг олон улсын нисэх онгоцны буудлыг цахилгаанаар найдвартай хангах эрчим хүчний эх үүсвэрийг бүрэн шийджээ.

Тодруулбал, энэ ажлыг эрчим хүчний барилга угсралтын салбарт тэргүүлэгч ‘Алтайтрест’ ХХК нь гүйцэтгэжээ. Чингэхдээ Хөшигтийн хөндийн 84 км 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х16 МВА хүчин чадалтай 110/10 кВт-ын дэд станцын барилга угсралтын ажлыг дуусгаж саяхан Эрчим хүчний яаманд хүлээлгэн өгөөд байна.

Уг дэд станцыг хүлээн авах ажилд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Төв аймгийн Засаг дарга Н.Баярбат, “Ца­­хилгаан дамжуулах үндэс­­ний сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Ц.Жаргалсайхан, “Алтай Трест” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баянчулуун болон бусад алба­ны төлөөлөл оролцсон юм.

Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудал нь Өмнөговь аймгийн Ханбумбатын нисэх буудалтай харьцуулахад хүчин чадлын хувьд 4 дахин том, нэг дор 22 онгоц зэрэг хүлээн авах хүчин чадалтай байх юм. Нийт 1200 га талбайг эзлэн баригдах Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал нь зургаан хүзүүвчтэй байх бөгөөд жилдээ гурав хүртэл сая зорчигч хүлээн авах боломжтой байна. Өргөтгөл хийсэн нөхцөлд хүзүүвчийг 20-д хүргэж 12 сая зорчигч хүлээн авах чадалтай байхаар хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж мөн бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top