Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлын зорилтыг хангах хүрээнд шийдвэрүүд гаргажээ. Тухайлбал, Бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээх, Олон улсын зах зээл дээрээс 3 болон түүнээс дээш хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.
Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн гадаад орчин сайнгүй, төлбөрийн тэнцлийн дарамт өндөр байсан боловч, төрийн зохицуулалттай бараа үйлчилгээ (ТЗБҮ)-ний үнийн өсөлтийг эс тооцвол инфляци зорилтот түвшний орчимд байсан гэж үзсэн байна.
Эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих Монголбанк, Засгийн газрын хамтарсан дунд хугацааны хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхдээ уг хөтөлбөрүүдийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь чухал гэж үзжээ.
Гэвч гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт өндөр ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилт он дамжин удааширсаар байгаа нь эдийн засгийн дархлааг сулруулж, макро бодлогын үндсэн сорилт болж байна. Түүнчлэн, 2013 оноос шинээр бий болсон улсын төсөвтэй адилтгах зардал, түүний тодорхой бус байдал нь мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүнг сулруулж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )