Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө "Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр"-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн 2, Дорноговь аймгийн 1 суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг засгийн нөхдүүд гаргалаа. Чухам аль сумыг сонгож шинэчлэх талаарх саналыг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумдын Засаг дарга нараас авсан ба БХБЯ-ны зүгээс тавьсан шаардлага, нөхцлүүд хангаж буй 16 сумыг сонгожээ. Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, цаашдын чиг хандлага, хүн амын тоо, байршлын хувьд бусад сумаас үйлчилгээ хүргэх боломжтой байх, ойрын таван жилд гадаад дотоодын төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байх гэсэн үндсэн шаардлагыг БХБЯ-наас тавьжээ. Ингээд энэ онд Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хэнтийн Биндэр, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдыг шинэчлэхээр тогтлоо. Сумын төвийн шинэчлэлийн зураг төсөл боловсруулах, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтыг батлагдсан төсөвт багтаан түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хэрэгжүүлэхийг Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн, Барилга, хот байгуулалтын сайд нарт даалгалаа.
Төсөл хэрэгжүүлж буй сумдад дэд бүтэц бий болгосноор хүн амын хэт бөөгнөрөл, их нүүдэл саарна. Сумын төвийн бүрэн дунд боловсролын сургууль, сум дундын эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээ зэрэг барилга байгууламжийг инженерийн дэд бүтцэд холбосноор иргэдийн ая тухтай амьдрах, орон нутагт тогтвортой суурьших нөхцөл бүрдэнэ. Фермер болон эрчимжсэн аж ахуй, аялал жуулчлал зэрэг үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж бий болох юм.
Сэтгэгдэл ( 1 )
bolomjiin bna sum oron nutag irged n mongoliin ezed shuu dee ted l oron nutgiig harj hamgaalj bgaa bolohoor ingej demjih n mash shan bna amjilt