Тайваньчууд Монголд эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 20

Тайваний Эдийн засгийн хэргийн яам болон Монголын Эрчим хүчний яамны төлөөлөл сэргээгдэх эрчим хүчний салбар болон эрчим хүчний үр ашигтай ажиллагааг дээшлүүлэхэд хамтран ажиллах Санамж бичиг өчигдөр үзэглэжээ. Тайвань улсын талтай манай улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчний төсөлд хамтарч ажиллах үүд хаалга ийнхүү нээгдэж байна. Нөгөөтэйгүүр тус улс Монголын нүүрсний станцуудын хуучирсан генераторуудыг шинэчлэх тал дээр туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Хэдийгээр Тайваний компаниуд нар, салхины сэргээгдэх эрчим хүчний салбарт чамгүй сайн технологи хөгжүүлж чадсан ч хүн амын нягтаршлаас үүдэн, олон улсын стандарт дүрэмд нийцсэн хэмжээний талбайд технологио хөгжүүлэхэд хүндрэл үүсдэг ажээ. Энэ нь тус улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийн экспортод чөдөр тушаа болдгийг тэмдэглэжээ. Харин Монголын зах зээлд тус улсын технологийг нэвтрүүлбэл манай улсад дэвшилтэт технологи нэвтрэхийн сацуу тус улсын хувийн компаниудад олон улсын стандартын хэмжээ бүхий талбайд технологио хөгжүүлэх боломж нээгдэж,  бизнесийн орон зай нь тэлэхэд эерэг нөлөөтэй тухай Тайваний Эдийн засгийн хэргийн яамны цахим хуудаст мэдээлжээ.

Ийнхүү манай улсын хувьд энэ чиглэлд туршлага, технологийн боломжоо зузаатгахыг зорьж буй бол Тайваний тал экспортын хүрээгээ өргөжүүлэхийг чармайж байна. Монголын Эрчим хүчний яам сэргээгдэх эрчим хүчний салбарт мэргэжилтнүүдээ Тайваньд богино хугацааны сургалтад хамруулахаар төлөвлөж буй ажээ.

Манай улсын хувьд 2020 он гэхэд нийт цахилгаан үйлдвэрлэлд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг 25%-д хүргэх зорилт тавиад буй билээ. 50 МВт-ын хүчин чадалтай “Салхит” салхины станцыг “Ньюком” компани өнгөрсөн онд ашиглалтад оруулсан нь сайн эхлэл байсан. Гэхдээ цаашид нар, салхины эрчим хүчний салбарт ихээхэн туршлага хуримтлуулах шаардлагатай байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top