Шүлэг: Орчлонд би ...

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

 

Шагдарын Дулмаа

 

МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт нэрт яруу найрагч Ш.Дулмаа Төв аймгийн Баян сумын уугуул. “Өглөө”, “Үүрийн цолмон”, “Мөнгөн чавхдас”, “Хайрын мянган бодол”, “Хайрын эгшиглэн” зэрэг шүлэг, найраглал, өгүүллэгийн 20 гаруй ном, “Алтан урсгал” роман туурвижээ.

 

 

 

Чингисийн тамга 

Эзэн Чингисийн тамгыг зуун дамжуулан эрээд

Эртний Монгол газраас эдүгээ хүртэл олоогүй

Чин үнэнийг өгүүлэхүй Чингисийн тамгыг эрээд яана

Нутаг, эзэн хоёртоо л

Нуугдаж үлдсэн юм чинь

Туурайт сүрэг шийрээрээн тамгалдаг

Туургат гэр бууриараа тамгалдаг

Тусгаар тогтнол хилээрээн тамгалдаг

Туг сүлд нь улсаан зарладаг

Чингисийн тамга Монголдоо л бий

Цэнхэр униарт нутагтаа л бий

Зулын бүдэгхэн гэрэл, өөхөн дэнгийн анивчаанд

Зуун найман ботийг барлаж хэн чадлаа

Зууханд улалзах галын зүмбэр улаан дөлөнд

Зургийн гоо дарь эхийг амилуулж хэн чадлаа

Чингисийн тамга Монголдоо л байгаа

Чилээрхэж туурвисан мэргэдийн оюун ухаанд байгаа

Догшин хар сүлдэн дор ертөнцийн талыг хурааж

Домгиин найман шарга газарт буусан түүхтэй

Есөн хөлт цагаан туганд дэлхий бөхийн сөгдөж

Ер бусын тавилангаар дээвэр дороо цугларсан

Тамгат төрийн алтан ураг

Та бид байгаа бус уу?

Хүй дарсан газар-орчлонд мэндэлсний минь тамга

Хүүхэд ахуйн минь хөх толбо-онгон сахиусын тамга

Хүн нь хүртэл тэнгэрийн тамгатай төрдөг улс гүрэн

Хөрст энэ дэлхийд өөр хаана байна?!

Чингисийн тамга Монголдоо л бий

Чиний, миний, таны цусанд бий          

Их эзнийхээ тамгыг зуун дамжуулан эрээд

Энэ монгол газраас эдүгээ хүртэл олоогүй,

Хөрст газраан бусдаар тандуулан, шинжүүлэн

Хөх Монголын нутгийг "буулгах" шахан хайлаа

Больцгооё та минь эрэхийн хэрэггүй

Богд эзний тамга-

Их Монголын нэрэнд бий

Эсгий гэрийн бууринд бий

Эх орны шороонд бий

Эзэн бидний зүрхэнд бий

Орчлонд би ... 

Сайхан эрийн харцанд согтож явсаан би

Салгуу замын эрхээр хагацаж үзсээн би!

"Үүрийн цолмонг" зүрхэндээ шигтгэчихээд дэвэрч явсаан би!

Үүлтэй тэнгэр шиг барайгаад гуниж ч бас үзсээн!

 

Хүйлэн тэнгэрийн дор зовж, жаргаж,

Хүний л үзэх ёстойг үзэж явсаан

Өршөөлгүй хорвоод ээжийгээ алдчихаад

Өр эмтэрч сэтгэл жиндэж явсаан!

 

Орчлон надад ихийг үзүүлсээн

"Оргилуун дарс" гашуун ундаа

Аль, алиныг нь амсуулсаан

Одоо бол харин би цөмийг гадарлана

 

Даварч сагавал дарь онилоостойг ч мэднэ,

Гуньж гутарвал гулсаж унадгийг ч мэднэ,

Сайхныг шилбэл гологддогийг мэднэ

Саарыг сонговол голохыгоо бас ухаарна

 

Амссан бүхэн минь алим байгаагүй ээ

Эдэлсэн бүхэн цөм эрдэнэ байгаагүй ээ!

Учирсан бүхэн амраг байгаагүй ээ

Уулзсан бүхэн цөм нөхөр байгаагүй ээ!

 

Гэлээ ч би хорвоог таньсаныхаа хирээр

Гэрэл, сүүдрийг ялган тунгааж

Нарт орчлонгийн хүмүүн энэхэн заяанд

Найрагч хэвээрээ л үлдэв шүү дээ, ай хөөрхий

Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top