Өгүүллэг: Шилгээл

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

 

Баастын золбаяр

Зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр Ховд аймгийн Чандмань сумын уугуул МУИС-ийн сэтгүүлч зүйн ангийг 2000 онд дүүргэсэн. Доктор профессор Ч.Билэгсайхан: “Авьяас билэгтэй, залуухан үгийн урлаач бол Золбаяр юм. Эгэл мөртлөө гайхамшигт сайхан сэтгэлтэй монгол удмынхнаа хайрлах үзлээр нэвтэрхий байгаа нь баяр цэнгэл төрүүлж байна” хэмээн Золбаярын “Бүтэн” нэртэй өгүүллэг, эссэнийх нь номын оршилд цохон тэмдэглэжээ.

Шинэ зууны өгүүллэгийн төрөлт олз омог арвинтай яваа Золоо хүүгийн “Шилгээл”-тэй танилцана уу.

 

Шилгээл 

Дорнын улаан говьд буун дуу нүргэлэв. Хормын өмнө тэнд ундаассан хулангийн цавчаалаар нурах элснээс өөр аниргүй байлаа. Сүүлчийн амьсгаагаа шороо манаруулан татаж байхад хурдан жийпний хойд дугуй самсааг нь шүргэн тоормослов. Тэр азгүй амьтны эцсийн амьсгалаар хөдөлсөн шорооны бургидас хүртэл тохуурхагдах шиг. "Алтан тууртын цус хүртэж дээ" гэх үг сонсогдоно. "Тэх угалзын лугшааг амталж үзсээн, харин одоо илжигнийхийг үзэж ээ" гэж бас нэг нь цанхаалдах. Говийнхонд бол хулан ийн хэлэх нь эхийгээ нулимсантай адил юм гэдэг.

Хялуу нь нороогүй ган цагаан хутга элгэн хул бүдэрхийд хуйлагдав. Ухаа ягаан цус элс чимчигнүүлэн гоожиход гоёмсог дашмагт тосон авлаа. Уруугаа юүлэгдэн буй тэр зосон "горхи" алтан гархи хуруундаа цагираглуулсан гарын салаагаар нэвчих нь сэтгэл сэрхийм. Цус туурсан тэр гар урьд шөнө сайхан бүсгүйн хөх тэмтэрч л хоносон доо. Таших нарны туяа, өндийх сарны гэгээг эс тоогсод "илжиг намнаж согтоод" буцлаа. Архи, цус, агаарт мэнэрсэн тэдний машины тэвшинд хулангийн гуя мах нэвширч байв. Сэрүүний улирал ч машин тийм л халуун аж. Урд суудалд нүцгэн шахуу суусан эр, цус уусан дашмагныхаа тагийг онгойлгох гээд элгээ тэврэн, орь дуу болон бөгтийлөө. Машинаа зогсоож, өнөөхийг сэхээхээр ам руу нь архи цутгаж, амьсгаа өгөв. Сэхэх янзгүй. Гэнэтийн дайрлагад солиорч "Надад яагаад илжигний арьс нөмрүүлчих вээ" гэж давтан үглэсээр аажимхан дуу нь суларч гэнэтхэн огцом амьсгаагаа залгичихав. Дэндүү ахархан хугацаанд энэ явлал болов. Бүгд л дув дуугүй мэлэрчээ. "Үнсний сав хийнэ" гээд нойтон туурай авсан нэгэн өнөөхөө машинаас гаргаж хаях нь эгээ л сүнс, сүгээс ялгаагүй харагдав.

Говь дүлий юм шиг амгалан мэлтэрнэ. Нүгэлд гэрч болж цадсандаа тэр биз. Түүний элс цус долоож ханасан, эцсийн амьсгаа татах бүрт бургисан ширхэгдэст "бялуурсан". Тийм тул алдарсан амь болгоны өмнө өөрийгөө яллахаа байсаан. Харин өр нэхдэг болсон бололтой.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top