”Гэрлэх ёслолын ордон”-д хуримаа хийсэн анхны хосууд

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 18
1974 он. Монголын ард түмэн Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатова эрхэм зочидтой ярилцах далимд эх хүний ачлалт сэтгэлээр бодлоо хэлж, олон үндэстэн ястны өлгий болсон Улаанбаатар хотод маань шинэ айл өрхөө татаж, гал голомтоо бадраах бүрт төрөл садан, төр түмнээс нь хуримын ёслол үйлдэх ариун хайрын, шинэ цагийн өргөө монголын залуучуудад хамгийн их хэрэгцээтэй байгааг хэлэхийн дашрамд, ахан дүүсийн холбоогоо бататгах нандин бэлэг барихыг хүссэн өгөөмөр санал дэвшүүлэв.


Зочид тэр содон саналыг талархалтай хүлээн авсны үр дүнд, ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо "Гэрлэх Ёслолын Ордон”-г (хуучин нэрээр Хуримын ордон) сүндэрлүүлэн босгох  шийдвэр гарснаар олон зууны туршид нүүдэллэн амьдарч ирсэн Монголчууд, хотын суурин амьдралд идээшин дасаж байсан 1976 онд Нийслэл Улаанбаатар хот хагас сая хүн амтай, олны хөлийн газар болж, их бүтээн байгуулалт өрнөхөд нэгэн содон өргөө сүндэрлэн боссон нь Монголд төдийгүй Төв Азид анхлан үүдээ нээсэн "Гэрлэх ёслолын ордон” байлаа. 
Монголын уран барилгын өнгө төрхийг харуулсан энэ ордныг Монгол Зөвлөлтийн барилгачин залуучууд богино хугацаанд чанартай барьж, дотоод засал, модон сийлбэрийг Монгол Улсын Ардын зураач Д.Амгалан, Л.Чуваамид, чулуун урлал шигтгээт чимэглэлийг С.Мөнхтогтох, П.Дамба, Р.Ганбат, Б.Сумдаарий, зөвлөгч Е.Яценко /ЗХУ/ тэргүүтэй уран бүтээлчид гар, ухааны урыг хослуулан, билиг авьяасаа дайчлан байж бүтээлцсэн түүхтэй.


 
1976 он.  Нийслэлийн "Гэрлэх ёслолын ордон” нь 1976 оны зургаадугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотын АДХГЗ-ны "Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэс” бөгөөд "Гэрлэх ёслолын ордон” оноосон нэртэй байгуулагдсан ба  мөн өдөр анхны хуримлагчдыг хүлээн аван анхны хуримлагчдад Улаанбаатар хотын АДХГЗ-ын Иргэний Гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтсээс гэр бүлийн баталгааг шинэ орон сууцны түлхүүрийн хамтаар гардуулж, залуу хосын амьдралд баяр цэнгэл нэмж, ордныхоо түүхийн гэгээн хуудсыг бичиж эхлүүлжээ.
Энэ онд дөрвөн хос анх удаа энэхүү газраар үйлчлүүлж байсан байна. Тэдний нэг нь Сэлэнгэ аймгийн тракторчин Д.Тунгалаг, Л.Жаргалсайхан нар байжээ. 
  
Ордны урд талд сүндэрлэн боссон "Юндэн-Нансалмаагийн хөшөө” нь Нийслэлийн түүх соёлын дурсгалд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон юм. Энэхүү хөшөөг уран барималч А.Отгонбат, Ж.Баярсайхан, Т.Говьсайхан нар бүтээжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(180.149.103.134) 2025 оны 03 сарын 13

их сургуулийн найз Болдбаатар, Пүүжээ хоерыг таньж байна. залуу сайхан байж дээ, дөнгөж амьдрал эхэлж байсан...

1  |  0
Close menu