Эверест бол Түвд ба Непал улсын хилийг зааглан далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт сүндэрлэсэн дэлхийн хамгийн өндөр уул билээ.
Өдгөө хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр барилга гэгддэг Дубайн “Burj Khalifa”-аас (829 метр) даруй 10 дахин өндөр энэхүү гайхалтай оргилын тухай маш олон сонирхолтой баримтууд байх ажээ.
Эверестийн оргил нь одоогоос 60 сая жилийн тэртээ үүссэн гэж үздэг бөгөөд уулын чулуулаг нь шохойн чулуун бүтэцтэй байдаг нь түүний 450 сая жилийн өмнө далайн гүнд сүндэрлэж байсныг гэрчилдэг байна.
Непалчууд Эверестийн оргилыг Сагармата гэж нэрийддэг бөгөөд энэ нь “Тэнгэрийн бурхан” гэсэн утгатай юм. Харин Түвдүүд Жомолунгма гэж нэрлэдэг нь “Ертөнцийн тэнгэрлэг бурхан” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Эверестийн оргилыг анх “Peak XV” гэж нэрлэж байснаа хожим Уэльсийн шинжээч, газарзүйч Жорж Ивристийн (1790-1866) дурсгалыг хүндэтгэн түүний нэрээр нэрлэх болсон байна. (Та бидний Эверест гэж бичиж заншсан “Everest” нэрийг Англи хэлнээ Иврист гэж дууддаг юм байна.)
Эрдэмтдийн олж тогтоосноор Эверестийн оргил нь жил бүр дөрвөн мм-ээр өргөгдөж байдаг ажээ. Энэтхэгийн байр зүйчид анх 1856 онд Эверестийн өндрийг хэмжиж байсан ба энэ үед Эверест 8840 метр байсан бол 1955 / 1975 онд хийсэн хэмжилтээр 8848 метр болсон байна. Тэгвэл албан бус мэдээллээр 1999 онд сансрын хиймэл дагуулын тусламжтай хийсэн хэмжилтээр Эверестийн оргил нь 8850 метр өндөрт хүрсэн гэжээ.
Нутгийн иргэдийн үзэж буйгаар Эверестийн оргилд гарахыг хүссэн уулчин бүр Пужа гэж нэрлэдэг уул тахих ёслолыг үйлдэх хэрэгтэй бөгөөд ингэснээр Эверестийн оргилыг аргадаж замдаа таарах саад бэрхшээлийг гэтэлгэхийн сацуу Эверестийн оргилыг ажралгүй давах эрч хүчийг дууддаг гэж үздэг байна. Ингээд эндэхийг зорьсон уулчин бүр энэхүү ёслолд оролцсоны эцэст уул өөдөө хийх авиралтаа эхлүүлдэг заншилтай юм. Ер нь Эверестийн оргилд гарахаар зэхсэн уулчид энд хоёр сар орчим байдаг бөгөөд уулын оргилд хүрэхэд дунджаар хоёр сарыг зарцуулдаг гэж үздэг байна.
Эндэхийн цаг агаар өвлийн улиралд дунджаар - 36 хэм байдаг бол зун цагт - 19 хэм байдаг бөгөөд салхины хурд 321 км/цагт хүрсэн тохиолдол бүртгэгдэж байжээ.
Магад үүнээс улбаалан Эверестийн оргил хүрэх замд маш олон хүний цогцос байх агаад хамгийн анхны үхэл нь 1922 онд бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар 235 гаруйд хүрсэн гэлцдэг байна. Статистик тоо баримтаас үзвэл Эверестийн оргил өөдөө хийсэн 10 авиралт тутмын нэг нь гэнэтийн үхлээр төгсдөг гэнэ.
Эверестийн оргилын хамгийн аюултай хэсэг бол “The Khumbu Icefall” мөсөн хүрхрээ бөгөөд энэ нь оргилын 5846 метр өндөрт оршдог байна. Уулчдын амиа алдсан тохиолдлын олонх нь энд байх агаад гэнэтийн нуранга үүсэх эрсдлийг тооцоолж барамгүй юм. Энэ хэсгийг гатлахдаа туйлын сонор сэрэмжтэй байх хэрэгтэй бөгөөд авиралт хийхэд дунджаар 10-20 цагийг зарцуулдаг ажээ.
Өдгөө Эверестийн оргилд гарч дэлхийн анхны гэгдэх маш олон дээд амжилтыг тогтоосон уулчид байдаг. Эдгээрээс хамгийн анх Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари (1919 - 2008) ба Непалийн уулчин Тензин Норгей (1914-1986) нар нь Эверестийн оргилд хүрсэн анхдагчид гэгддэг байна. Тэд 1953 онд энэхүү амжилтыг гаргасан байна. Гэвч үүнээс өмнө 1924 онд Английн уулчин Эндрю Ирвин (1902 - 1924) ба Жорж Мэллори (1886 - 1924) нарыг Эверестийн оргилд гарсан гэлцдэг ч энэ нь хараахан баримтжаагүй төдийгүй нэгнийх нь цогцсыг 1999 онд олсноор тайлагдашгүй нууц хэвээр үлдсэн түүхтэй юм байна.
Эверестийн оргил өөд гарахаар зориг шулуудсан уулчдын хувьд мөнгө санхүүгийн асуудал маш хурцаар тавигддаг. Учир нь Эверест уулын бүс нутагт орж авиралт хийх эрхийг нэг хүний 10 -25 мянган ам.доллараар авах бөгөөд нутгийн Шерпа хүмүүсээр газарчлуулж, аялалдаа тус дэм болгоё гэвэл нэг хүний 40-80 мянган ам.долларыг зарцуулна. Эдгээрээс гадна хүчилтөрөгчийн баллон нэг бүр нь 3000 ам.доллар байх ба авирах хэрэгслүүдийг 8000 ам.долларт багтаана гэж үзээд цаана нь хоол хүнс бусад эд зүйлсийг нэмж тооцохоор ямар их өртөгтэй болох нь илэрхий юм.
Өдгөө Эверестийн оргилд хамгийн олон удаа гарсан хүнээр Непалийн уугуул иргэн, уулчин Апа Шерпа (1960 онд төрсөн) нэрлэгддэг байна. Тэрээр анхныхаа авиралтыг 1990 онд эхлүүлж байжээ. Үүнээс гадна Эверестийн оргилд гарсан хамгийн залуу уулчин нь 13 настай Америк хүү байсан бол хамгийн ахмад нь 80 настай Японы уулчин юм.
Эверестийн оргилд гарах замдаа хүчилтөрөгч дутагдсанаас болж амь эрсдэх тохиолдол цөөнгүй гардаг ч хүчилтөрөгчийн ямар ч баллонгүйгээр Эверестийн оргилд гарсан уулчин хүртэл байх ажээ. Энэ бол Италийн уулчин Рэйнхолд Мэсснер ба Австрийн уулчин Петер Хабэлер нар юм. Тэд 1969 оноос дэлхийн цөөнгүй мөнх цаст оргил өөдөө хамтран авирсан туршлагатай уулчид бөгөөд 1978 онд ийнхүү хүчилтөрөгчийн баллонгүйгээр Эверестийн оргилд хүрсэн анхдагчид болж байжээ.
Бэлтгэсэн О.Туяа
Сэтгэгдэл ( 1 )
сайхан мэдээлэл байна. баярлалаа.