ОЛОН ӨНГӨ I Дахлай төлийн дархан эрх

2025 оны 02 сарын 22

Намар оройтож төрсөн хурга, ишгийг Дахлай төл гэж нэрийднэ. Цаг, нар зөөлөн, эхийн сааль, сүү бийлэг болохоор дорхноо хөрвөжинө. Өвлийн сар ургахаас өмнө үс ноос махлан ургаж, таахайсан поодгорууд болно. Тэд хөг, цагаа онож төрсөн хурга, ишигний дэргэд “Үдийн нарны сүүдэр шиг, үүргийн түнзний таг шиг” тагжгар ч бахайчхаад цаанаа өхөөрднөм нялх.

Өвлийн сар ургангуут дахлай хурга, ишгийг хүйтэн нойтонд зутарна, ус, бэлчээрийн гар даахгүй сэнсэрчихнэ хэмээн хашаа хорооны үүц өвс, тоос бараадуулж, тусгай хангамжийн зах зух амсуулна. Дахлайнууд хашааны нуруу өвсний сорыг өдөрт сэрмүүчлэн өнжиж, шөнөд жавар савирт хайрагдах, даарч бээрэхээс бөөцийлөгдөн  салхивчтай пүнз, тагзнаа бувар бувар хэвэн тусгай халамж эдлэн хэвтэрлэнэ. Малчны хотонд өвөл, хаврын эхээр хөг хорио алдсан юм уу эх үрийн эз, аз юм уу хонь, ямаа гэнэт төрнө. Цагаа олоогүй төлд малчид “ажлын садаа” гэж ам муутай ч ачир дээрээ мал болгохыг хичээнэ.

Өвөл, хавар эрт ирсэн хонины хургыг Сэгс, ямааны ишгийг Сэгсээ /Сэгсэг/ гэж нэрлэнэ. Мал төллөн савирч цувахаас өмнө Сэгс, Сэгсэгүүд аль хэдий хөрвөжин чангарч, эхтэйгээ дахлайн пүнзэнд даарахгүй, гэдэс цатгалан поодойно. Хэдэн сарын ах дахлайг сэгс, сэгсэгүүд дагаж эрх ямба эдлэн, шинэ төлийн дунд зэгзийн шадарлана. 

Манай нутагт “Сагсаг хурга” гэж ярьдаг ч ийм үг байхгүй юм билээ. Нутгийн аялга үг байх. Бас хэнз тугал, унага, ботго /бундир/ өдрийн од шиг ховор таарна. “Дорой төрвөл хүний боол, орой төрвөл чонын хоол” гэж үг бий. Ээж минь өрөвч зөөлөн сэтгэл дэвсэж, дахлай, сэгс, сэгсэг, хэнз бодын төлийг өөрийн үр хүүхэд шиг жичид тойлон илүү эрх ямба, эдлүүлэн мал болгохыг мачийн зүтгэдэг байв.

Л.Мөнхбаатар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top