Метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг дэмжлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 22

 

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгараад байгаа.

 

 

Энэ дагуу Жайкагийн 2013 онд боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг иж бүрнээр шинэчлэх, Инженер-геологи болон бусад суурь судалгааны нийт зургаан ажлыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, геологийн өрөмдлөгийн ажлыг Улаанбаатар хотын 42 цэгт буюу метроны трассын дагуу 500 метр тутамд 30 метрийн гүнд өрөмдлөг хийж, хөрсний дээж бүхий суурь шинжилгээг хийсэн.

 

 

Тэгвэл метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг яам, мэргэжлийн холбоод дэмжлээ. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/09 тушаалаар байгуулагдсан Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн хурлаар “Духуа Инженеринг” ХХК, “Солонгосын төмөр зам” ТӨХК, “Кореа нейшнл рейлвэй” ХХК, “Сүсон инженеринг” ХХК-ийн түншлэлийн боловсруулсан “Метро”-г барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэл”-ийг хэлэлцэж дэмжлээ.

 

 

Зам тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, Төмөр зам, далайн тээврийн салбарын Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлийн 2025 оны 01 дүгээр хурлын зөвлөмжийг дээрх төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон болон төслийн инженерийн нарийвчилсан зураг төсөлд тусган ажиллахыг зөвлөжээ.

Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн хүрэх 19,4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх бөгөөд ашиглалтад орсноор оргил цагт нэг чиглэлд цагт 17200 хүн тээвэрлэх тооцоо судалгаа гарчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bolorgerel Ganbat(66.181.178.26) 2025 оны 03 сарын 13

Хавар болж газар гэсэхийг хүлээж байгаа юм байна.Тэр болтол хүлээж өгөөрэй Монголчуудаа

1  |  0
Зүч(202.126.91.141) 2025 оны 03 сарын 13

Юу юугүй дулаараад эхэллээ. Янз бүрийн бичиг дансаа цэгцэлсэн бол жинхэнэ ажлаа эхлэмээр байх юм...

1  |  0
Top