“Зиндаа” сэтгүүлийн “Халуун сэдэв” буланд “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар бүрэн цогц, хурц тод нийтлэл хэвлэгдсэн билээ. Өнөөдрийн хамгийн гол маргаан, хэрүүл, шуугиан, дуулиан болоод буй Эрдэнэтийн 49 хувийн эргэн тойрон дахь бүх ноцтой сэдэв, нууцлаг баримт, тодорхой дүгнэлтийг хөнджээ. Эцсийн бүлэгт Эрдэнэтийн их өрөг дээрх 49 хувийн төлөөх нүүдлээс хэн хожих ёстой юм бэ? Чухамдаа Эрдэнэт хэний өмч хөрөнгө юм бэ? гэх мэт олон ноцтой асуултад хариулснаараа энэхүү нийтлэл олны анхаарлыг гойд татсан юм. Ингээд нийтлэлийг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэж байна.
ЭРДЭНЭТ ӨЧИГДӨР
“Эрдэнэт”-ийн ордыг монголчууд хадгалж, чехословакууд нээж, түүний дараа Орос, монголчууд хамтран үйлдвэр байгуулж, эцэст нь монголчууд “эзэмшиж” байна. “Эзэмших” гэдэг үг ихээхэн маргаан, хэрүүл тэмцэл, талцал хуваагдал дагуулж байгаа учраас “Эрдэнэт”-ийн тухай эхлэлээс төгсгөл хүртэл ил тод, илэн далангүй хөндөхийг хүслээ. “Чухамдаа энэ чинь тэгээд хэний хөрөнгө юм бэ” гэдгийг хөвөрдөхийн тулд чулуун дундаас алт эрэхийн дайтай ширхэгчлэн хүүрнэх хэрэгтэй болов. Үлгэр домогт өгүүлснээр бол эрт үед Эрдэнэтийн овоонд хятад уурхайчид ажиллаж байгаад аянганд цохиулаад өнгөрсөн гэлцдэг. Дараахан нь Монгол, Чехийн геологичид “Эрдэнэтийн овоонд” зэс, молибдений баялаг бүхий хүдрийн биет байгааг анх тогтоосон. Энэ нь зүүнээсээ баруун тийш 25 километр сунаж тогтсон, гурван километрийн өргөн бүхий асар том биет байжээ. “Эрдэнэт”-ийг 1964-1968 онд ийнхүү нээсэн бол, нөөцийг нь оросууд 1971 онд тогтоосон байна. Зөвлөлт, Монголын Засгийн газар зэс, молибден олборлож баяжуулах хамтарсан үйлдвэрийг 1973 онд байгуулжээ. 1978 оноос хүдэр боловсруулж эхэлсэн байдаг. Тус үйлдвэр жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан бол, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр 1980 онд 8 сая, 1981 онд 16 сая, 1989 онд 20 сая тонн хүдэр боловсруулах болов. Харин өнөөдөр хүчин чадлынхаа 70 хувийг ашиглаж байгаа бөгөөд жилд дунджаар 25 сая тонн хүдэр боловсруулж, мөн 500 мянган тонн зэсийн баяжмал, 4000 тонн молибдений баяжмал үйлдвэрлэж байна.
1990 он хүртэл Орос 51 хувийг, Монгол 49 хувийг эзэмшдэг байлаа. Ах дүүгийн найрамдал ямар ч ашиг сонирхлоос илүү байсан тэр үед олборлосон зэсээ зах зээлийн ханшаас доогуур үнээр ЗХУ руу тээвэрлэж байсан нь ч сүртэй асуудал биш байв. Гэвч эдийн засгийн хагас колоничлолын энэ хэлбэрт сэтгэл дундуур байсан монголчууд Зөвлөлт холбоот улсын задралыг ашиглаж, 1991 онд хувь эзэмшлээ 51 хувь болгож чадсан юм. Хэдийгээр Орост 49 хувь үлдсэн ч 2011 оныг хүртэл үйлдвэрийн ашгийн багахан хувь оросуудад оногдож, бараг 90 хувь нь Монголд үлддэг байсан гэдэг. Учир нь 2011 онд гэнэтийн ашгийн татвараа Монгол Улс хүчингүй болгосон билээ. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр зэс, молибдений баяжмалын экспортоороо дэлхийд дээгүүрт буюу эхний аравт бичигдэж байгаа. Энэ үйлдвэрийг дагаад Орхон, Сэлэнгийн оргүй хоосон хөндийд хэдхэн жилийн дотор Монголын гуравдагч том хот боссон нь бидний нүдэн дээр бий болсон гайхамшиг байлаа. Эрдэнэт хотыг “Эрдэнэт үйлдвэр”-гүйгээр төсөөлөх аргагүй. Орхон аймгийн төсвийн 85-90 хувийг “Эрдэнэт үйлдвэр” дангаараа бүрдүүлж байна. Ямартай ч хагас зууны турш монголчуудад ашиг буянаа өгсөөр байгаа “Эрдэнэт” үйлдвэр өдгөө олон салаа замын эхэнд тулж ирчихээд байна.
ЭРДЭНЭТ ӨНӨӨДӨР
“Эрдэнэт”-ийг бид саалийн үнээтэй адилтгадаг. Сааль татрахгүй бол бид саахаа болихгүй. Өнгөрсөн хугацаанд энэ жишгээр л “Эрдэнэт”-ийг “сааж” ирсэн. Ирээдүйд ч саасаар л байх нь лавтай байна. Эхэндээ жилд найман сая тонн хүдэр боловсруулдаг байсан үйлдвэр өдгөө 26 сая тонныг боловсруулж, Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 13.7 хувийг дангаараа хангаж байна. Энэ нь хангалтгүй санагдсан учраас дахин өргөтгөл хийж, жилд 35 сая тонныг олборлодог болгохоор зүтгүүлж буй.
Ингэж улайрсаар бид “Яндаж баршгүй далай шиг” санадаг асан их ордоо яндааж, улам хурдацтай шавхаж байгаа гэж хэлж болно. Хэрэв ингэж цөлмөвөл “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын хугацаа 15-18 жилээр хорогдоно. Уг нь мэргэжилтнүүд 2056 он хүртэл ашиглах нөөцтэй гэж дүгнэдэг ч бодит байдал үүний эсрэг хариулт өгч буй.
Тус үйлдвэрийн насыг “2038 онд дуусна” гэдэг албан ёсны дүгнэлт ч бий. Эрдэнэтийн овооны одоо байгаа нөөцийг ашиглахын зэрэгцээ Шандын ордын нөөцийг ашиглавал 18 жилээр насыг нь уртасгах бололцоотой гэх. Түүгээр ч зогсохгүй, хаягдлын далан дахь хүдэр, исэлдсэн хүдэр, балансын бус хүдрийг дэвшилтэт технологиор дахин боловсруулж чадвал дахин 20-25 жил нэмэгдэнэ гэж тооцдог. Гэвч энэ бол “Хэрвээ...” шүү дээ.
Өнөөдрийн хувьд “Эрдэнэт”-ийн ирээдүй эргэлзээтэй байдалд байна. Хэн эзэмшихээс хамаарахгүйгээр цаашид хэр үр ашигтай ажиллаж чадах вэ гэдэг асуултад хариулах шаардлага үүсжээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн байдал маш хүнд нөхцөлд ороод байгаа.
ХҮН ТӨРӨЛХТӨН ЖИЛД 20 ТОНН ЗЭС ХЭРЭГЛЭДЭГ
“Эрдэнэт”-ийн нөхцөл байдлыг ойлгохын тулд дэлхийн зэсийн хэрэглээ, түүний эрэлт нийлүүлэлтийг мэдэх хэрэгтэй болно. Дэлхий нийтэд зэс цаашид хэр их хэрэг болох юм бол оо? Зэсийн хэрэглээ ирээдүйд ихсэх үү, багасах уу? Ядаж л энэ мэт асуултад хариулж байж “Эрдэнэт” үйлдвэрийнхээ чиг баримжааны тухай төсөөлөхтэйгөө болно.
Хүн төрөлхтөн зэсийг чухам юу юунд хэрэглэж байна вэ? Үүнийг мэдэх нь олон ч мэдэхгүй нь түүнээс цөөнгүй. Олон зуун жилийн турш зэс нь дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байлаа. Уян, бат бөх, зэврэлтэд тэсвэртэй, эрүүл ахуйд сайн, дулаан болон цахилгааныг сайн дамжуулагч зэс хамгийн ашигтай, хамгийн өргөн хэрэглээтэй металл.
Зэсийг цахилгаан бараа, машин техник гээд өдөр тутмын амьдралд өргөн ашигладаг. Бидний гэрийг гэрэлтүүлэх цахилгаан, хотыг босгох дэд бүтэц, дэлхий ертөнцийг холбох технологи, энэ бүгд нь бидний орчин үеийн амьдралыг бий болгоход зэс хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдгийг харуулж байна. Дэлхийн зэсийн жилийн хэрэглээ 19 сая гаруй тонн. Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудад хотжилт, аж үйлдвэрлэлжүүлэлт үргэлжилж байгаа тул боловсруулсан зэсийн эрэлт хэрэгцээ 2019 он гэхэд 6.5 сая тонноор өсч, 25.9 сая тоннд хүрэх тооцоо судалгаа байдаг. Үүнээс 19 сая тонныг олборлосон зэсээр, харин үлдэх хэсгийг хаягдлаар хангана. Олон Улсын Зэсийн Холбооноос АНУ-ын айл бүрт утас, кабель, сантехникийн хоолой, цахилгаан бараа, бүтээгдэхүүн, бусад техникийг оролцуулан дунджаар 199 кг зэс бий гэсэн тооцоо гаргасан байх жишээтэй.
Тэр ч байтугай, ногоон технологийн шинэчлэлийг тэргүүлж буй металл бол зэс ажээ. Холимог болон цахилгаан хөдөлгүүрт машин, нарны эрчим хүч, салхины цахилгаан станц, дулааны болон усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд мөн л зэсээс хамаарна.
Усны халаагуур, нарны зай, ухаалаг цахилгаан утас, кабель зэрэг зүйлд ашиглагдах зэс бол эрчим хүчний илүү хэмнэлттэй ирээдүй рүү шилжихэд тусалж байна.
ЗЭСИЙН ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТ
Ирэх жилүүдэд зэсийн хэрэглээ буурахгүй ч үнэ нь өсөх боломж хязгаарлагдмал гэсэн төлвийг шинжээчид гаргажээ. Үнэ өсөвч дунд хугацаандаа зэсийн үнэ бууралттай хэвээр байх тухай “Thomson Reuters”-оос гаргасан зэсийн судалгааны тайланд дурджээ.
Өнгөрсөн жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ харьцангуй хомс байсан учир зах зээлд өндөр үнэ ноёлж байсан. Харин өнөөдөр зах зээлд нийлүүлэлт нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, одоо зэсийн олборлолт оргил үедээ ирээд байгаа. Зэсийн үнэ ханш өнгөрсөн жилүүдэд өндөр байсан учраас хөрөнгө оруулагчид зэсийн төслүүдэд хөрөнгө хаясан нь мэдээж юм. Энэ үзэгдэл одоо ч үргэлжилсээр байна. Тухайлбал, энэ жил Чилид “Caserones”, “Sierra Gorda” төсөл, Замби улсад “Сентинэл“ төсөл хэрэгжээд эхэлсэн. Ройтерсийн тооцоолж буйгаар энэ жилийн хувьд зэсийн нийлүүлэлтийн илүүдэл эрэлтийн хоёр хувьтай тэнцэнэ. Эрэлтээсээ давсан нийлүүлэлт нь үнэ ханшид урвуу хамаарлаар нөлөөлдгийг хэн хүнгүй мэднэ.
Цаашид зэсийн эрэлт ч дагаад өсөж магадгүй дүр зураг бас бий. Зэсийн зах зээл дэх эрэлтийн 40 хувийг дангаараа бүрдүүлэгч Хятад улсын эдийн засгийн нөхцөл байдал зэсийн эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлж байна гэж хэлж болно. Хятадын зэсийн эрэлтийн өсөлт тус улсын Засгийн газрын эдийн засгийг шинэчлэх бодлогын үр дүнд саарч мэдэхээр байгаа ч эрчим хүчний салбарт үлэмж хэмжээний хөрөнгө оруулах төлөвлөгөө нь том баталгаа болж өгч буй юм.
Үүнээс гадна Хятадад биржийн бус агуулахуудад зэсийг санхүүгийн барьцаа хэлбэрээр хадгалах болсон нь зэсийг алтны дайтай үнэ цэнэтэй металл болгон хувиргаж байна.
ЦЭВЭР ЗЭС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИРЭЭДҮЙ
Дэлхийн зэсийн хэрэглээ жил бүр 3.5 хувиар өсөж байна. 1999 он гэхэд Хятад дэлхийн зэсийн нийт хэрэглээний 51 хувийг бэлтгэдэг болох төлөв гарчээ. Тэгвэл энэ зах зээлийн төлөөх өрсөлдөөн ч улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Тухайлбал, Замби улсад зэсийн олборлолт жилд 10 хувиар өсөх бөгөөд 2019 онд жилдээ 1.5 сая тонн зэс үйлдвэрлэхүйц хэмжээнд хүрнэ. Бүгд Найрамдах Конго улсад “Камото” гэх уурхай 300 мянган тонн, “Мутанда” уурхай 200 мянган тонныг үйлдвэрлэдэг болно. Австрали улс 985 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байгаа бөгөөд 2018-2019 онд уг үзүүлэлт 1.2 сая тонн болох таамагтай байна.
Тэгвэл Монгол Улсын тухайд цэвэр зэс олборлолтоо 2020 он гэхэд нэг сая тоннд хүргэнэ хэмээн зорьж байгаа. Тухайн үед Оюу толгой 775 мянга, Эрдэнэт 135 мянга, Цагаан суваргын ордоос 70 мянган тонн цэвэр зэс гаргах баяжмал үйлдвэрлэх юм. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд сар бүр дэлхийн зэсийн зах зээлийн төлөв, нөөцийн судалгааг хийдэг. Ялангуяа Хятадын зах зээлийн байдал, зэсийн импорт, үйлдвэрлэлийг тандан судалдаг аж. Ингэж гэмээнэ зэс, молибденийн баяжмалын үнийн тооцоолол бодитой гардаг.
“ЭРДЭНЭТ”-ИЙН ЗЭСИЙГ ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ШУУД НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА УУ ?
“Эрдэнэт” үйлдвэр сүүлийн хэдэн жил ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны улсууд /Армен, Беларусь, Казахстан, Киргизстан/-ад зэс нийлүүлэхээ зогсоогоод байна. Ямар сайндаа л үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 50 орчим хувийг ОХУ-ын үйлдвэрүүдэд нийлүүлдэг болгох төлөвлөгөөг 49 хувийг эзэмшиж байсан Оросын “Ростех” компани гаргаж байх вэ дээ. Хэдийгээр хувьцааны 49 хувийг эзэмшсэн хэвээр байсан ч шилжилтийн дараах хямралаас болоод ОХУ-ын үйлдвэрүүд “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авахаа болиод байжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Америк, Европ, Япон, Солонгос, Хонконгийн 10 гаруй худалдааны компани авдаг ажээ. Тэдэнд бүтээгдэхүүн нийлүүлэхээс тав хоногийн өмнө манай улс зэсийн баяжмалынхаа урьдчилгааг авдаг. Харин тэдгээр компани манайхаас авсан түүхий эдийг эргээд Хятадын зах зээлд худалдаалдаг. Өөрөөр хэлбэл, манай зэсийн баяжмал олон орны худалдааны компаниар дамжин урд хөршийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа гэсэн үг. Ингэхдээ Лондонгийн металлын биржийн зэсийн ханшийг суурь үнэ болгодог. Хэдийгээр бүтээгдэхүүнээ худалдаалах гэрээг урт хугацаанд хийдэг ч үнэ ханшийг нь сар тутам шинэчилдэг нь ийм учиртай. Цаашид зэс молибдений баяжмалыг дэлхийн зах зээлд борлуулахдаа эцсийн хэрэглэгчид шууд нийлүүлдэг болох боломж уг нь байх л ёстой. Тодорхой хэлбэл, Хятадтай худалдаа хийхийн тулд заавал дундын өөр улсын компаниар зуучлуулах алба байхгүй баймаар. Гэвч энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын тал эзэмшиж байсантай холбоотой. Хоёр эзэнтэй нөхцөлд нэг нь нөгөөгийнхөө үг, саналыг сонсохгүйгээр, ашиг сонирхлыг харгалзаж үзэхгүйгээр шийдвэр гаргах бололцоогүй билээ.
“ЭРДЭНЭТ”-ИЙН ӨГӨӨЖ
Уулын баяжуулах “Эрдэнэт" үйлдвэр манай улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Улсад төлсөн татварын хэмжээ, ажилтны тоо, зах зээл, хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлын үзүүлэлтүүдээрээ сүүлийн 10 гаруй жил дараалан бүх аж ахуйн нэгжийг тэргүүлж байна. 2003 онд улсын төвлөрсөн төсвийн татварын орлогын зургаан хувийг бүрдүүлж байсан бол 2012 онд 13 хувь болж нэмэгдсэн. Өдгөө энэ хувь хэмжээ 20 хувьд хүрээд байна. Тус үйлдвэр Монголын эдийн засаг, төсөв санхүүгийн гол ачааг нуруун дээрээ үүрч ирсэн нь ил баримт юм.
“Эрдэнэт” үйлдвэр төрийн оролцоотой үйлдвэр учраас хөнгөлөлт эдэлдэг гэсэн ойлголт их байдаг. Мөн чанартаа татварын дарамт хамгийн өндөр, бас хугацаандаа татвараа төлдөг цорын ганц компани юм. Хуулиар бол татвараа нэг улирлын дараа төлдөг жамтай. Гэтэл улсын төсөв тасалдаад байна гэсэн шалтгаанаар оны эхэнд, улирлын эхэнд “Эрдэнэт”-ээс татвараа авчихдаг. Татварын талаар бас нэгэн баримт хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэр нь алтны салбартай харьцуулахад найм дахин өндөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өгч ирсэн. Хэрэв Оюутолгойтой харьцуулах юм бол тав дахин илүү роялти төлдөг байсан. Нүүрсний салбарынхаас мөн адил найм дахин илүү роялти төлдөг.
1995-2013 он хүртэлх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр улсын төвлөрсөн төсөвт нийт 3 их наяд 542 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 1 их наяд 530 тэрбум төгрөгийг зөвхөн үнийн өсөлтийн албан татвараар төлсөн нь татварын ямархан ачааллыг үүрч ирснийг нь тодорхойлно.
ОРОС ЯАГААД “ЭРДЭНЭТ” -ЭЭС ТАТГАЛЗСАН БЭ?
Энэ бол өнөөдрийн хамгийн гол асуулт юм. Орос, Монголын аль аль нь “Эрдэнэт” үйлдвэр дэх хувь эзэмшлээ нэмэгдүүлэхийн төлөө далдхан “өрсөлдөж” ирсэн нь нууц биш.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2008 онд “Ростехнологи” корпорацийн шууд мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг шилжүүлжээ.
В.Путин иргэний болон цэргийн өндөр технологийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох страте-гийн зорилготойгоор 2007 оны сүүлчээр төрийн өмчит “Ростехнологи” корпорацийг байгуулаад байсан билээ. Гэтэл дөнгөж байгуулагдаад байсан корпорацид “Эрдэнэт”-ийн 49 хувийг шууд өгчээ. Дэлхийн хамгийн том зах зээл Хятад улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг томоохон үйлдвэрийн төрийн хувийг эзэмшихийн төлөө Уралын уул-төмөрлөгийн үйлдвэр /УГМК/, “Норийльский никель” болон “Оросын зэс” компаниуд өрсөлдсөн ч “Ростехнологи”-ийг сонгосон байдаг. Монголын зэсийн үйлдвэрийн хувийг эзэмших магадлал өндөртэй компаниудын нэрс дотор РЖД, “Газпром” банк хүртэл багтаж байсан юм. Оросын хэвлэл мэдээллүүд “Ростехнологи”-ийг зэсийн олборлолтоороо Азидаа тавдугаарт орох үйлдвэрийн хувь эзэмшигч боллоо хэмээн онцолж байлаа. “Эрдэнэт” үйлдвэр нь зэсээс гадна хүдрээс ховор металл рени агуулсан молибдений баяжмал гарган авдаг учир титан болоод тусгай ган үйлдвэрлэлийн дэлхийд тэргүүлэх төслүүд хэрэгжүүлдэг “Ростехнологи”-ийн хувьд тун ч ашигтай, басхүү чухал хувь эзэмшил байсан нь тодорхой. Нөгөөтэйгүүр, оросууд хамтарсан үйлдвэрээс жилд дунджаар 48,5 сая ам.долларын ногдол ашиг авч ирсэн, зарим тохиолдолд огт авахгүй тасарч байсан тул илүү үр ашиг бий болгохыг хүсэж байсан нь дамжиггүй. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрээс Оросын тал 2009 онд 27.3 сая, 2010 онд 34.4 сая, 2011 онд 75.7 сая ам.долларын ногдол ашиг тус тус авсан байна. Үүнээс хойш Оросын тал ногдол ашиг авалгүй өдийГ хүрчээ. “Ростех” болж нэрээ өөрчлөн бүтцийн зохион байгуулалт хийхдээ “Эрдэнэт”-ийн хамтарсан үйлдвэр 2012 оноос хойш ногдол ашиг хуваарилаагүй, сүүлийн жилийн 35 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөө биелэгдээгүй, аудитын шалгалтаар олон зөрчил илэрсэн зэрэг асуудлыг хурцаар сөхөж тавьсан юм. Оросын хэвлэлүүд ч “Сүүлийн жилүүдэд манай улс “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааны асуудлаар Монголын талтай ойлголцож чадахаа болилоо” гэж бичиж эхэлжээ.
Оросуудад “Эрдэнэт”-ээс илүү ашигтай төсөл хэд хэд бий. Тиймээс тэд 30 гаруй жил ашиглачихсан, олборлолтын хүнд үедээ орчихсон “Эрдэнэт”-ийг сонирхох нь багассан ч байж магадгүй. Тэдэнд Удоканы зэсийн орд гэх Монголын Оюутолгойтой дүйцэхүйц том төсөл байлаа. “Ростех” корпорацийн хувьд Хятад улстай хил залгаа бүс нутаг дахь Удоканы зэсийн ордыг ашиглах “аварга” төсөлд 25 хувийг эзэмшихээр болсон байв. Оросын хамгийн том зэсийн орд Удокан нь JORC стандартаар хүдрийн нөөц нь 2.7 тэрбум тонн бөгөөд 25.7 сая тонн зэсийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ нь Оросын нийт зэсийн нөөцийн 60 хувь гэсэн үг. Гэвч Орост буюу ноён В.Путинд “Эрдэнэт”-ийн талаар бодсон юм огт байгаагүй биш. “Эрдэнэт” болон Удокан, Быстринскийн ордуудад тулгуурлан Оросын Краснокаменск хотын ойролцоо Зэс хайлуулах үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй байлаа.
Гэвч хоёр тэрбум ам.долларын энэ төслийг хэрэгжүүлэхээр яригдаж байх үед гэнэтийн шийдвэр гарч, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын талд 400 сая ам.доллараар зарах нь тэр. Энэ наймааг “Ростех”-ийн түүхэнд хийгдэж буй хамгийн өндөр үнийн дүнтэй, бэлэн мөнгөний наймаа гэж нэрлэж буй ч яг үнэндээ 400 сая доллар гэдэг нь Оросын хувьд их мөнгө биш. Тэр тусмаа 600 гаруй охин компанитай, 70 гаруй орон руу бүтээгдэхүүнээ экспортолдог “Ростех” корпорацийн хувьд. В.Путины захиалгаар байгуулагдсан Оросын стратегийн гол компани 400 сая доллараар Оросын Монгол дахь ашиг сонирхлыг худалдсан гэвэл хэн ч итгэхгүй.
Өнөөг хүртэл оросууд “Эрдэнэт” үйлдвэр дэх хувь эзэмшлээ нэг хувиар ч гэсэн нэмэгдүүлэх санаархлаа ил, далд олон аргаар илэрхийлж ирсэн. Гэвч В.Путин Монголд 100 хувь өгөх зөвшөөрөл олгожээ. Яагаад юм бол. Юутай ч ямар нэг хариу барьцгүйгээр Монголд Оросын нөлөөллийг тогтоогч гурван тулгуурынхаа хоёрыг тавиад туучих хүн В.Путин биш. Үүний цаана томоохон нууц өрөг, далд тохиролцоо явсан байж болох талтай.
“ЭРДЭНЭТ” ДЭХ МОНГОЛЫН СОНИРХОЛ
ОХУ-д “Эрдэнэт”-ийн талаар ийм ашиг сонирхол өрнөж байхад Монголд “Эрдэнэт”-ийг зөвхөн улс төрийн асар том амтат бялуу болгон ашиглаж ирсэн байдаг. Монгол, Орос хоёр улс Эрдэнэт үйлдвэрийг 50:50 хувиар эзэмшдэг байхад 1992 онд Шадар сайд Да.Ганболд тэргүүтэй Засгийн газрын баг олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд нэг хувийг Монголдоо авч ирсэн. Ингэснээр манайх давуу эрхтэй болж, Гүйцэтгэх захирлаа томилох тийз өвөртөлж байлаа. “Эрдэнэт”-ийн захирлаар хэн очихоос хамаарч, улс төрийн өрөг өрнөдөг байсан гэж хэлэхэд ч буруудахааргүй нөхцөл байдал уламжлагдан тогтсон юм. Улстөрчид “Эрдэнэт”-ийг маш их мөнгө л гэж хардаг байснаас бус, эх орны стратегийн чухал зэвсэг гэж боддог ч үгүй байв. Монголын хувийг 51 хувь болгосноос хойш улстөрчид нэг ч удаа энэ хувийг нэмэгдүүлэх талаар үг дуугарч байгаагүй нь сонирхолтой баримт юм. Оросын талаас 49 хувиа нэмэгдүүлэх санаархал, шахалтыг байнга үзүүлдэг байсан бол Монголын талаас 51 хувийг нэмэгдүүлэх талаар бодож ч зүрхэлдэггүй байлаа. “Эрдэнэт”-ийг өнө мөнхөд Оростой хувааж ашиглах ёстой л гэсэн ганц итгэл үнэмшил манайханд байсан нь нууц биш. Оросоос олгосон боломжид Монголын улстөрчид “цадсан” шинжтэй байдаг байсан нь чухамдаа “Эрдэнэт”-ийг эзний хувиар төсөөлж чадахгүй явж ирсэнтэй холбоотой. 51 хувийн ногдол ашиг, төсвийн үлэмж хувийг бүрдүүлдэг татвар, Монголын талаас томилдог захирлын суудал зэрэгт ханадаг, цаддаг байсан гэсэн үг л дээ.
Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглахаас өмнө Монголд ганцхан “Эрдэнэт” л хамгийн том бялуу, хамгийн том хэрүүлийн сэдэв нь байсан юм. “Эрдэнэт”-ээс болж хүний амь үрэгдсэн дуулиан дэгдэж, “Эрдэнэт”-ээс болж Засгийн газар хүртэл огцорч байлаа. 1998 онд Ж.Наранцацралт агсаны тэргүүлсэн Засгийн газар “Эрдэнэт”-ээс болж огцорсон бөгөөд тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувийг тус улс хувьчилсныг дэмжиж байгаа гэсэн агуулгатай захидал бичсэнийхээ төлөө огцорсон. Учир нь ОХУ өөрийнхөө эзэмшлийн хувийг хувьчлах, худалдахаар бол эхлээд Монголын талд санал тавих ёстой. Хэрвээ нөгөө тал энэ саналыг хүлээж авахгүй бол гурав дахь этгээдэд санал тавьж хувьчилж болно гэсэн дүрэм журамтай. Гэтэл Оросын тал дангаараа дур мэдэн асуудлыг шийдэх гэж оролдсоныг манай Ерөнхий сайд дэмжиж хувийн захидал явуулсан нь тэр.
ЭРДЭНЭТИЙГ ТОЙРСОН БУЛХАЙ, ЛУЙВАР
“Эрдэнэт”-тэй холбоотой олон луйвар, гэмт хэрэг яригддаг. Эдгээрийн дотор улстөрчдийн хамгийн ихээр гаршсан, дадсан үйлдэл нь шахааны бизнес юм. Улстөрчид болон бизнесийнхэн “Эрдэнэт” рүү янз бүрийн барааг зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр шахдаг байсан нь олон удаа илэрсэн. Хувцас, хүнсний бүтээгдэхүүн, бэлгэвч хүртэл шахдаг тухай дуулиан гарч байв. “Эрдэнэт” үйлдвэрт ширхэг 00-ын цаасыг 4000 төгрөгөөр шахаж хагартлаа баяжсан жишээ бол хамгийн энгийн нь. Тэр ч байтугай, ямар ч хэрэгцээгүй, хэрэглээнд нь тохирохгүй сэлбэг материал тус үйлдвэрийн агуулахад хураалттай байдаг. Эдгээр нь энгийн жижиг шахааны жишээнүүд. Тэгвэл томоохон шахааны бизнесийг нэрлэж бас болно.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ган бөмбөлгийн бэлдэц худалдан авдаг. Гэтэл дарга нь өөр компаниар дамжуулан гэрээ хийж, дунд нь мөнгө нугалж иддэг байсан нь санхүүгийн хяналтаар тогтоогдчихсон байх жишээтэй. Тодруулбал, "Аж богд трейд", "Эс Си Эм", "МҮХК" гэдэг гурван компани нийлээд нэг тонн ган бөмбөлгийн бэлдцийг 715 ам.доллараар Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс аваад, “Эрдэнэт” үйлдвэрт 920 ам.доллараар шахдаг байсан нь тогтоогдсон. Энэ бүх үл бүтэх шахаа, дамын наймаа, луйврын ард мөнөөх эрх мэдэлтэй улстөрчид байдаг ажээ.
“Эрдэнэт”-ийн захирлаар өөрийн хүнийг тавих гэсэн улс төрийн нам, бүлэглэлүүдийн өрсөлдөөний цаад учир ердөө л үүнд оршдог нь нууц биш. Төрийн нэрийн өмнөөс захирлаар томилогдож очсон хүн “Эрдэнэт”-д төрийн бодлогыг хэрэгжүүлэх биш, өөрийг нь томилсон нам хүчин, улстөрчдийн захиас даалгаврыг биелүүлж суудаг нэгэн болж хувирдаг нь нэгэнт тодорхой болсон зүйл.
Эрдэнэтийг барьцаалж олон улсад зээл тавьсан таван ч хэрэг Арбитрын шүүхэд татагдсан. Үүнээс мэдэгдэж байгаа нь л “Жаст”-ын Ш.Батхүүгийн авсан 109 сая долларын хэрэг. Мөн Ш.Отгонбилэг агсны “Зууны луйвар” гэж нэрлэгдсэн баримт материалууд. Энэ мэт тоочвол өч төчнөөн булхай, луйвар “Эрдэнэт”-тэй холбогддог. “Эрдэнэт бол олон улстөрчийг тэрбумтан болгосон үйлдвэр” гэж Сангийн сайдын алба хашиж явсан хүн хэлж байсан удаатай. Харамсалтай нь, өнгөрсөн түүхээс харахад энэ бүхнийг зохицуулах механизм, эрүүл хяналтын тогтолцоо “Эрдэнэт”-д байсангүй.
ЭРДЭНЭТ-ИЙГ ЗАРАХ ОРОЛДЛОГУУД
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдах, худалдан авах оролдлого хэдэнтээ гарч байжээ. Үүний хамгийн том жишээ нь дээр өгүүлсэн Ж.Наранцацралт агсаны алдарт захидлын хэрэг юм. Удаах оролдлого нь Монголын “их өр”-ийг тэглэсэн түүхэн айлчлалыг манай төрийн удирдлагууд ОХУ-д хийх үеэр болсон юм. Тэр үеэр “Эрдэнэт” үйлдвэр болон “Монросцветмет” компанийг нэгтгэн IPO гаргах тухай талууд сүр дуулиантай мэдэгдэж билээ. Нэгдсэн компанийг хөрөнгийн биржид гаргахын тулд Монголын талын хувийг төрийн өмчөөс гаргахдаа “Ростехнологи”-ийн адил төрийн корпораци байгуулж, түүнд хувийг шилжүүлэхээр яригджээ. Гэвч Монголын тал төрийн 51 хувиа алдахаас айж болгоомжилсноор энэ тухай яриа төгсчээ. Удалгүй хамтарсан үйлдвэрийн тодорхой хувийг олон улсын хөрөнгийн биржээр гуравдагч талд худалдах саналыг Оросын талаас гаргасан юм. “Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ хамгийн ашигтай ажилласан 2012 онд “Ростехнологи”-ийн удирдлагууд Монгол, Оросын талын хувь эзэмшлээс тус бүр 25 хувийг нэгтгэн гуравдагч талд буюу стратегийн хөрөнгө оруулагчид худалдах санал дэвшүүлсэн. Ингэхдээ наймаанаас олох орлогоороо Оросын нутаг дээр зэс хайлуулах үйлдвэр байгуулъя гэжээ. Хамтарсан үйлдвэрийн 50 хувийг “Норийльский никель”, ”Металоинвест”, “Рио Тинто” болон “BHP Billiton” зэрэг дэлхийн томчуудад санал болгож болох юм гэсэн санааг ч оросууд хэлж байжээ. Энэ санал дэмжигдсэн бол тус 25 хувийг Оросын компани худалдан авснаар оросууд “Эрдэнэт” үйлдвэрийн 74 хувийг эзэмшиж мэдэх байв.
Сү.Батболдын Засгийн газрын үед буюу 2010 онд ч “Эрдэнэт”-ийг хувьчлах асуудал сөхөгдсөн. Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл гэгчид тус үйлдвэрийн Монголын талын 51 хувийг хувьчлахаар Засгийн газрын тогтоол хүртэл гарч байсан. Ингэхдээ олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж арилжаалах чиглэлийг барина гэж тусгажээ. Гэвч энэ нь мэдээж амжилт олоогүй. Хувьцаа хэлбэрээр арилжаалахыг тухайн үед маш буруу гэж олон нийт үзэж байсан юм.
С.ЗОРИГИЙН ХЭРЭГ “ЭРДЭНЭТ”-ТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ?
Монголын төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт гэмт хэрэг “Эрдэнэт”-тэй маш олон сэжмээр холбогддог. Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсны дараа С.Зориг Ерөнхий сайд болох магадлал хамгийн өндөртэй хүн нь байв. Энэ үе нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийн улсын хөрөнгийг үрж байгаа тухай дуулиан тарж, Засгийн газар хохирлоо нэхэмжлэн шүүхэд өгсөн цаг хугацаатай давхацдаг юм. 1998 оны наймдугаар сарын 20-ны үед ТӨХ-ноос батлан хамгаалах яамны нисдэг тэрэг бүхий зэвсэглэсэн цэргийн хүчийг дайчлан Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ш.Отгонбилэгийг албан тушаалаас нь огцруулж, оронд нь Батлан хамгаалах яамны сайд байсан Д.Дорлигжавыг томилжээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцинд хандан Эрдэнэт үйлдвэрийн даргыг сольсон асуудлаар захиа бичиж, хуучин даргыг нь хэвээр үргэлжлүүлэн ажиллуулах тал дээр дэмжлэг хүсч байсан гэж яригддаг. Харин Ш.Отгонбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар буцаан томилогдох санаа өвөрлөн Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүний байр суурийг тандаж байсан гэдэг. Түүнээс хойш их удалгүй С.Зориг Ерөнхий сайдад дэвших шинжтэй болж, С.Баяр олон удаа очиж уулзаж Эрдэнэт үйлдвэрийн талаархи байр суурийг нь сонсжээ. С.Зориг мэдээж Ш.Отгонбилэгийн эсрэг талд бат зогссоор байж.
Ингээд 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнө С.Зориг гэртээ алагдсан аймшигт хэрэг гарсан. Чухам түүхэн баримт ийм ч хэрэг явдал яг яаж өрнөсөн нь одоогоор тодорхой болоогүй, батлагдсан зүйл нэгээхэн ч үгүй.
Энд бас нэгэн таамаг байдгийг дурдъя. Тэр нь ОХУ-ын төрийн өмчид хамаарах Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байсан Оросын мафи уг хувиа баталгаажуулан хувьчилж авах зорилготой байжээ. Гэтэл тэдэнд ОХУ ба Монгол Улсын хооронд хийгдсэн “Эрдэнэт” үйлдвэрийн тухай гэрээ саад болжээ. Тэр нь аль нэг улс нь “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшиж байгаа хувиа хувьчлах буюу худалдах бол нөгөө улсынхаа Засгийн газраас худалдаж авах эсэхийг нь бичгээр асуугаад авахгүй гэвэл хувьчилж болно гэсэн заалт аж. Оросын талд Эрдэнэтийг авсныг нь зөвшөөрөх Монголын Засгийн газар хэрэгтэй байсан гэхэд болно. С.Зоригийг алагдсаны дараа Ерөнхий сайдад нэр дэвшин дэмжигдэж Ерөнхий сайд болсон хүн нь Ж.Наранцацралт. Магадгүй Оросын мафи түүгээр хүссэнээ хийлгэж чадсан юм болов уу гэх хардлага одоо ч мэр сэр яригддаг. Хэрвээ С.Зориг Ерөнхий сайд болсон тохиолдолд Ж.Наранцацралт шиг “Эрдэнэт”-ийг хувьчлахыг зөвшөөрсөн захиа бичиж өгөхгүй бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшсэн л бол тухайн үеийн УИХ-аас дэмжлэг авч чадах хүн байжээ. Түүний хөнөөгдсөн жинхэнэ шалтгаан чухам энэ байсан эсэх нь өнөөдрийг хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байна.
“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙН НАЙМАА ЯАЖ ӨРНӨВ?
“Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросын талаас худалдаж авах хэлцэл хоёр жилийн турш үргэлжилжээ. Энэ хэлцэлд голлох үүрэгтэй оролцсон Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Бүх процесс дээд зэргийн нууц байдалд явагдсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сонгуулийн оноо цуглуулахын тулд энэхүү “нууц” наймааг зарлаж орхилоо. “Монголын хамгийн том үйлдвэр Монголчуудынх боллоо” гэж зарласан нь эргээд “Оросын талын 49 хувийг ямар луйвраар хэн гэгч хүн худалдаад авчихав?” гэх хардлагыг нийгэмд дэгдээв. “Эрдэнэт” Оросын мэдлээс 100 хувь Монголын талд ирсэн нь ихэнх хүний хувьд сонин биш байв. Харин хэн энэ 49 хувийг “сэмхэн” худалдаад авчихав аа гэдэг л сонин байлаа. Оросын эзэмшлийн 49 хувийг “Монголын Зэс Корпораци” хэмээх компани авсан болох нь тогтоогдов. Энэ компанийн захирал нь Цоожийн Пүрэвтүвшин гэх 28 настай залуу. МУИС-д Олон улсын эрх зүйн ангид суралцаж төгсөөд, Худалдаа Хөгжлийн Банкинд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахад шаардагдах 400 сая ам.долларыг ямар эх үүсвэрээр төлж чадав аа. Эндээс л хамаг хардлага хөврөв.
Удалгүй жинхэнэ эзэн нь ч тодорхой болж ирлээ. Ингээд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан эрхэм бол Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэг гэгч болж таарав. Тэрээр банкныхаа охин компани болох “Монголын зэс корпораци”-ийн нэрээр энэ наймааг хийжээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг Орос, Казахстан, Хятадаас худалдан авахаар мөн сонирхож байсан аж. Түүгээр ч зогсохгүй, “Эрдэнэт”-ийн хувийг Монголын компанид худалдахгүй байх талаар “Ростех”-ийн захирал Сергей Чемезов Ерөнхийлөгч В.Путиныг ятгаж хоёр удаа уулзаж ярилцсан талаар орос эх сурвалжууд мэдээлсэн. Түүнчлэн дэд сайд Игорь Моргулов нарын Оросын Гадаад яамны зарим албан тушаалтнууд эл наймааг шаргуу эсэргүүцэж байсан гэх баримт ч бий.
Ц.НЯМДОРЖИЙН ЗӨВ, БУРУУ
Энэхүү наймааг эрс эсэргүүцэж, үл эвлэрч олон нийтэд зарласан хүн бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Түүнийг дэмжигчдийн дунд парламент дахь сөрөг хүчний төлөөлөл улстөрч Ж.Батзандан, бие даагч гишүүн дуучин С.Жавхлан тэргүүтэй хүмүүс бий. Ц.Нямдоржийн хувьд үүнийг төрийн өмчийг луйврын аргаар хувьдаа завшиж буй үйлдэл гэж үзэж, нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнуудыг энэ луйварт гар бие оролцсон гэж зарласан.
Энэ үндэслэлээ тайлбарлахдаа “2015 Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсанаар Монголын төр хохирч байгаа гэж үзсэн. онд 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан “Эрдэнэт” үйлдвэр энэ онд 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Зэсийн үнэ буурсан гэх мэтээр аахар шаахар шалтгаан ярих юм бол татварын хэмжээ бага зэрэг л буурах байх. Гэхдээ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” компани энэ оны эхний найман сарын байдлаар 246 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Үүний цаана юу харагдаж байна вэ гэхээр “Эрдэнэт”-ийн мөнгөөр өөрийг нь худалдах луйвар хийсэн схем харагдаж байна. Энэ бүх ажиллагааны цаана Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан “Монголиан коппер корпораци” 2014 онд өөр нэрээр нэг сая төгрөгийн дүрмийн сантай нэг гишүүнтэй байгуулагдаж байсан юм билээ. 2016 он хүртэл ямар ч орлого, зарлагагүй байж байгаад он гарангуут нэрээ өөрчлөөд дүрмийн сангаа гэнэт 100 тэрбум болгож огцом өсгөсөн байгаа юм. Луйвар хийх гэхээрээ ингэж компани байгуулж ажилладаг байхгүй юу. Долоо хоногийн өмнө байгуулсан компанийнхаа нэр дээр зочид буудлыг газартай нь авчихдаг луйврын схем Монголд байдаг” гэх мэтээр тун ноцтой мэдэгдлүүдийг хийсэн юм. Тэрээр “Энэ бол ганцхан үйлдвэрийн асуудал биш шүү. Монголын төр оршин тогтнох уу, үгүй юү гэдэг асуудал. Хэсэг хүн далдуур хуйвалдан, Монголын ард түмнийг 40 жил тэжээсэн үйлдвэрийг хувийн болголоо” гэсэн тодорхой байр суурь илэрхийлсэн.
Харин үүний дараахан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй” гэж хэлэв. Мөн тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын хувийн хэвшлийн компани худалдан авсныг өмгөөлсөн өнгө аястай үг хэлсэн юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зориг гаргаж авах өөр компани байхгүй. “Эрдэнэт”-ийн асуудал хүнд байгаа. 40 жил болно гэдэг уул уурхайн компанийн хувьд өндөр нас. Тиймээс Оросын талын эзэмшиж байсан хувийг Монголын тал аваад, өөрчлөлт шинэчлэлээ хийгээд яваасай л гэдэг талд би байна. Нэг хүний хийсэн мэдэгдэлд бүрэн автдаг байж болохгүй ээ. Монголчууд ийм зүйлд хууртахгүй билгийн нүдтэй, мэдлэгтэй болсон гэж би итгэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бол зүгээр улс төр. “Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг” гэх мэтээр Ц.Нямдоржийг ил шулуун үгүйсгэсэн билээ. Хариуд нь Ц.Нямдорж “Эрдэнэтийн тухай худлаа, үнэн зүйл ярилаа гээд нэлээн шуугиж байна. Надад Засгийн газарт байхгүй мэдээлэл хүртэл байна шүү. Хангалттай, бүр нотлох баримтын хэмжээнд авч үзэх мэдээллүүд байна. Эрдэнэтийн 49 хувийг зарах ажлыг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө...” гэж зарласан юм. Гэвч өнөөдрийг хүртэл Ц.Нямдоржийн хаана ч байхгүй мэдээлэл нийтэд ил болсонгүй. Олон нийтэд эргэлзээ төрүүлсэн Ц.Нямдоржийн хамгийн гол буруу бол зөрүүтэй тоо баримтууд, хэт улс төржсөн олон мэдэгдлүүд юм. Тухайлбал, Эрдэнэтийн татвар төлөлт жилд 20 тэрбум төгрөг болж буурсан гэх түүний мэдэгдэл гуравхан цагийн дараа татварын албаны мэдэгдлээр няцаагдсан билээ.
Энэ мэтээр талцал, хэрүүл, ээлж дараалсан мэдэгдэл, байр сууриуд хөвөрсөн ч нэг л зүйл хөдөлшгүй үнэн болсон юм. Тэр нь юу гэвэл, “Эрдэнэт” үйлдвэр эргэлзээгүй Оросоос Монголын талд 100 хувь шилжсэн гэдэг нь баталгаатай болов. Өнгөцхөн харвал Оросын нэг компани эзэмшиж байсан хувийг Монголын нэг компани эзэмших болсон ийм л процесс.
Оросын эзэмшиж байсныг Монгол эзэмших нь буруу, гэмтэй явдал яавч биш. Харин Монгол дундаа хэн эзэмших ёстой юм бэ гэдэг яриа бол өөр хэрэг. Төр нь эзэмших ёстой юм уу, банк нь эзэмших ёстой юм уу.
100 ХУВЬ МОНГОЛЫНХ
Монголын талд 100 хувь ирсэн “Эрдэнэт” үйлдвэр цаашид яаж хөгжих бол. Үр ашиг нь Монголдоо үнэхээр 100 хувь үлдэх болов уу. Хэрвээ төр эзэмшсэн бол хэрхэх байсан бол, хувийн хэвшил эзэмшсэнээрээ яах вэ. Эдгээр асуулт л одоогийн “Эрдэнэт”-ийн яг хамгийн чухал сэдэв. Харин Монголын тал Оросоос худалдаж авах ёсгүй байсан гэж маргах бол нэгэнт ач холбогдолгүйн дээр “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчийн үлгэрээр илүүц. Одоо “Эрдэнэт”-ийг хэрхэн хөгжүүлж, илүү үр ашигтай ажиллуулах вэ гэдэг л тулгамдсан асуудал. “Эрдэнэт”-ийг цаашид үр ашигтай ажиллуулах бололцоо одоо ч Монголын Засгийн газарт хэвээр хадгалагдаж байна. Нөгөөтэйгүүр, 49 хувийн оролцоо, менежменттэйгээр өмнөхөөс нь илүү үр ашигтай ажиллуулах боломж бүрдлээ. Үүнийг шаардах, нэхэх, хянах эрх нь Монголын төр, түмний бүрэн мэдэлд шилжин ирээд байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн үр ашиг бүрэн утгаараа Монгол Улсад үлдэх нөхцөл үүгээр бүрдлээ. Үйлдвэрийг өргөжүүлж, үндэсний зэс хайлуулах үйлдвэр барих, экспортыг тэлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг талаасаа эерэг үр дүн дагуулахаар байна.
Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэр асар том нууцын авдар байлаа. Дотор нь маш их баялаг байгаа гэдэг нь хэн бүхэнд илт боловч хэн хэрхэн зарцуулж, арвижуулж, эсвэл үрэн таран хийж байгаа нь үргэлж далд, нууц байсан юм.
Хэдийгээр “Эрдэнэт” үйлдвэрт энэ мэт олон хэмнэлт, ирээдүйн гэрэлтэй зураг бий болж байгаа ч эсрэгээрээ жил ирэх бүр “Эрдэнэт”-ийн зардал өсөх төлөв бий. Яагаад гэвэл, хүдрийн агууламж нь 0,53 хувьтай байснаа байгалийн тогтоцоороо 0,4 хувь хүртэл буурах эрсдэл бий болсон. Мөн жил ирэх бүр уурхайн гүн нэмэгдэж, олборлолт, тээвэрлэлт, боловсруулах зардал өснө. Үүнээс үүдэж, ажилтны тоог ч нэмэх шаардлагатай болно. Тиймд энэ мэт зардлын өсөлтийг тооцоолж, үр ашигтай ажиллах менежментийг хэрэгжүүлэхгүйгээр “Эрдэнэт”-ийн ирээдүйг гэрэлтэй төсөөлөхөд хүндрэлтэй.
49% ОЛЗ УУ, ГАРЗ УУ?
“Эрдэнэт”-ийн ирээдүйг Монгол Улс гадаад улсын ашиг сонирхол оролцохгүйгээр дотооддоо шийдэх эрхтэй болсон нь олзуурхууштай боловч нөгөө талаар айдастай мэдээ юм. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийг унагах уу, босгох уу гэдгийг монголчууд дангаараа шийднэ. Төрийн өмчит олон үйлдвэрийн “замыг заасан” жишгээрээ хариуцлагагүй, хайхрамжгүй хандах юм бол “Эрдэнэт”-ээс гэрэлтэй сайхан ирээдүй хүлээхэд хэцүү. Нөөц нь дуусч байгаагийн дээр олборлолтын гүн рүү орчихсон, өр төлбөр ихтэй, техникийн хоцрогдолтой гээд сөрөг үзүүлэлт бишгүй их бий. Эсрэгээрээ уул уурхай хөгжсөн улс орны дэвшилтэт технологи, менежментийг ашиглавал өндийгөөд ирэх боломж ч өргөн харагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн бүх хугацаанд олборлосон баяжмалаа түүхийгээр нь борлуулсаар ирсэн. Уг хүдэрт зэсээс гадна алт, мөнгө, газрын ховор элементүүд зэрэг үнэт металл холилдон “одох” нь элбэг. Хэрэв тэдгээрийг нэг бүрчлэн ялгаж, эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд гаргавал, Япон улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө босгох боломжтой гэсэн гадны эрдэмтдийн судалгаа байдаг ажээ.
Монголд ямар ч хүртээлгүй явж ирсэн 49 хувь буюу 35 гаруй жилийн хугацаанд гадаад хүний өмчлөлд байсан эзэмшлийг Монголын тал өөрийн болгосон нь хохирол биш, харин ч олз юм. Харин түүнийг төр эзэмшинэ үү, хувийн хэвшил нь эзэмших үү гэдэг бол өөр асуудал. Нөгөөтэйгүүр, төрд 100 хувь байснаараа илүү үр ашиг, илүү менежмент, ил тод байдал бий болно гэдэгт эргэлзэж байна. Үндсэн хуульд өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрснөөс гадна төр нь эрх мэдлээ хэрэгжүүлж, хувийн хэвшил нь ашгаа бий болгоод явах нь зөв, зохистой харьцаа гэж харж байна.
Нийтлэлийн төгсгөлд, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувь заяаг эцэслэн дүгнэлт хийхийг оролдъё.
Эхний хувилбар: “Эрдэнэт”-ийг хувьчилж, хувьцааг нь ард түмэнд тараах. Олон нийтийн зүгээс чамгүй дэмжлэг хүлээж байгаа популист амлалт. Тэгвэл ийм хувьчлал явагдлаа гэхэд иргэд хожих уу, алдах уу. Асуудалд бодитоор хандацгаая. Юун түрүүнд Оросоос худалдаж авсан 400 сая доллар буу 983 тэрбум төгрөгийг төлнө. Дараа нь “Эрдэнэт”-ийн одоогийн өр болох 840 тэрбум төгрөгийг барагдуулах үүрэг хүлээнэ. Нийтдээ 1.8 их наядын төлбөрийн бичигт ард түмэн цөмөөрөө гарын үсэг зурна гэсэн үг. Үүнийг гурван сая иргэндээ хуваавал нэг хүнд 607 мянган төгрөг ногдож байна. Хувьцаа эзэмшүүлэх нэрийдлээр угтаа бид иргэддээ өр эзэмшүүлж байгааг анзаарахгүй орхиж боломжгүй.
Тухайлбал, “Эрдэнэс Таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааг хүн бүрт тараасан. Гэтэл өнөөдөр тус компанийн өр 760 тэрбумд хүрээд байгаа. Энэ нь хүн бүр 253 мянган төгрөгийн өрөнд орчихсон байгаа гэсэн үг л дээ. Харин Оюутолгойн 34 хувийг төр буюу Монголын ард түмэн зээлээр эзэмшдэг. Зээл гэдэг нь ялгаагүй л өр. Энэ зээл 1.1 тэрбум доллар буюу 2.7 их наяд төгрөг болсон гэх эцсийн тоо бий. Эндээс иргэн тус бүрт 900 мянган төгрөгийн зээл оногддог. Ингээд дүгнэж үзвэл, монголчууд бид гурван гол ордоосоо хувьцаа эзэмшдэг гэх нэрийдлийн дор тус бүр нэг сая 760 мянган төгрөгийн өр зээл эзэмших болоод байна.
Хоёр дахь хувилбар: “Эрдэнэт”-ийн 49 хувь “Монголын зэс корпораци”-д шилжин ирсэн шийдвэрийг цуцалснаар төрд шилжчихлээ гэж ойлговол өрөөсгөл. Энэ тохиолдолд 49 хувь эргээд Оросын “Ростех” компанийн эзэмшилд очих магадлал үүснэ. Учир нь тэдний Монголын талд худалдсан бүх процесс цуцлагдаж байгаа гэх ойлголт үүснэ. Ингээд Оросын талаас Монголын Засгийн газрыг олон улсын Арбитрын шүүхэд өгч ч магадгүй. Шүүхийн шийдвэр мэдээж хуучин эзнийх нь талд гарна. 49 хувийг буцаан өөрийн болгосон “Ростех” дараагийн компанид зарах ажлыг зохион байгуулна. Шинэхэн эзэд нь ч бэлэн байгаа нь лавтай. Гэвч тэр нь Монголын бус, Орос, Хятад, Казахстаны компани байх нь тодорхой. Нэг ёсондоо Оросын талд буцаж очсон тохиолдолд 49 хувь эргэж Монголд хэзээ ч ирэхгүй.
Гурав дахь хувилбар: Монголын төр буюу Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци”-иас худалдаж авах. Ингэснээр Засгийн газарт хамгийн багадаа 400 сая ам.доллар бэлнээр хэрэгтэй болно. Тэр мөнгө хаана байна. Эдийн засгийн хүндрэлтэй, төсөв санхүүгийн гачигдалтай үед ийм хэмжээний бэлэн мөнгийг Засгийн газар ямар эх үүсвэрээр хэрхэн төлөх вэ. Мөнгө босгож чадлаа гэхэд зээлээ нэмэгдүүлж таарна. Гэтэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж буй “Монголын зэс корпораци” зарах үнээ өөрсдөө тогтооно. 400 сая ам.доллар маань 500, 600 сая болж өсвөл яах вэ. Дахиад зээлэх үү. Тэгээд Эрдэнэтэд үүсч болох бүх эрсдлийг төр даах уу? гэдэг асуулт урган гарч байна.
Дөрөв дэх хувилбар: “Эрдэнэт”-ийн 51 хувь нь 49 хувьтайгаа хамт Монголын талд үлдэх. Монголын тал гэдэгт Монголын төр, хувийн хэвшил, эсвэл ард түмэн хамаарч болно. Аль ч тохиолдолд “Эрдэнэт”-ийг 100 хувь Монголын тал дангаараа эзэмших нь л чухал билээ. Эрх мэдэл 100 хувь Монголынх. Алдаагаа өөрсдөө 100 хувь хариуцаж, оноогоо өөрсдөө 100 хувь халаасална. Үүнээс хойш бид “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдэх гэж өндөр зардлаар Кремль рүү явж хуралдах шаардлагагүй боллоо. Тиймээс одоо энэ хэрүүлийг зогсооё. “Эрдэнэт”-ийг ашигтай ажиллуулах боломжийг үүрэг хариуцлагатай нь хамт аль нэгэнд нь үлдээе. Өвөр хоорондоо хэмлэлдэх зуурт бусдын идэш болдог алдааг “Эрдэнэт” дээр бүү давтъя.
“Эрдэнэт”-ийн өрөгт эцсийн дүндээ
Монгол Улс л хожих нь чухал байна.
Сэтгүүлч Д.Дамдинжав
Сэтгэгдэл ( 40 )
Дамдинжав битгий худлаа зүйл бич. 400 сая долларын эх үүсвэрийг Ц.Нямдорж зарласан. Төсвийн мөнгөөр худалдаж авсан нь тогтоогдсон, тиймээс төрд авах нь зөв. Харин луйвар хийсэн хулгайчдийг бүгдийг нь цаазлах хэрэгтэй. Мөн ийм нийтлэл бичсэн сэтгүүлч нэртэй луйварчдыг өмгөөлөгчдийг цээрлүүлбэл зохимой.
Оросууд авсан 400 саяаа буцааж өгөхгүй нь ойлгомжтой; ер нь хэн ч тэр мөнгийг нэхээгүй! Тэгэхээр оростой хийсэн наймаа буцахгүй! Харин улсын мөнгөөр луйвраар хууль зөрчөөд авчихсан болохоор улс өөрийн хувиа л авч байна! Энэ бол монгол улсын дотоод асуудал.
Эцэст нь Элбэгдорж хожих ёстой Хүний олон хүнээ барьж хүний юм булаахгүй шүү за хахахохо
Эцэст нь Элбэгдорж хожих ёстой Хүний олон хүнээ барьж хүний юм булаахгүй шүү за хахахохо
Эцэст нь Элбэгдорж хожих ёстой Хүний олон хүнээ барьж хүний юм булаахгүй шүү за хахахохо
Эцэст нь Элбэгдорж хожих ёстой Хүний олон хүнээ барьж хүний юм булаахгүй шүү за хахахохо
Эцэст нь Элбэгдорж хожих ёстой Хүний олон хүнээ барьж хүний юм булаахгүй шүү за хахахохо
Эцэст нь Элбэгдорж хожих ёстой Хүний олон хүнээ барьж хүний юм булаахгүй шүү за хахахохо
Эцэст нь Элбэгдорж хожих ёстой Хүний олон хүнээ барьж хүний юм булаахгүй шүү за хахахохо
Эцэст нь Элбэгдорж хожих ёстой Хүний олон хүнээ барьж хүний юм булаахгүй шүү за хахахохо
Эцэст нь Элбэгдорж хожих ёстой Хүний олон хүнээ барьж хүний юм булаахгүй шүү за хахахохо
Эцэст нь Элбэгдорж хожих ёстой Хүний олон хүнээ барьж хүний юм булаахгүй шүү за хахахохо
Эцэст нь Элбэгдорж хожих ёстой Хүний олон хүнээ барьж хүний юм булаахгүй шүү за хахахохо
хуулийн дагуу хийгээгүй хулгайн аргаар хийсэнд хамаг учир нь байгааг мунхаг ч гэсэн ард түмэн ойлгож байгаа. Иргэдийн толгойг угаах гээд хэрэггүй.
luiwarchidiin tawisan uriig tuluh gej eemeg bugj munguu hii handiwlahiin orond estoi erdenetiin huwitsaag mongolchuud mungu bosgoj awtsgaa ene bidend ashigtai
Damdinjav guai yun 400 saya dollariin ur yaiad bnaa Ard tumnii munguur luivardaj avchihaad....Alna shuu lalar mini bichih yumaa zuv bicheerei lagaa mini
Эба толгойтой атгаалжийн хар мангасуудын хийсэн ажил
Монголын төр давуу эрхээр хувьчилж авбал ямар ч торгууль шийтгэл байхгүй, харин нь 3 дагч этгээдэд худалдбал 100 сая
30-аад оны хамтралын хурлаар ”олонхийн саналаар дэлхий хавтгай” болж байсан гэдэг юм шүү.
Ах нар 11 тэрум ам.доллар цайруулсан хүмүүс Эрдэнэтийг дүү нартаа үнэгүй өгөхөд юу ч тоохгүй шүү дээ
Ах нар үнэгүй өгсөн хөрөнгийг 300-400 сая ам.доллар болгож, хувааж идэх луйвар явагдсан юм биш үү. Төлсөн мөнгө чин Пүрэвтүвшин гэдэг монгол хүний дансанд орсон гээ биз дээ
End hojih humuus n todorhoi Hymdorj terguutei MAN -n uls turchid shahaanii biznes erhlegchid hojij tedend ashigtaigaar ergelee
Ашиг матмалын тухай хуулийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн 34% -ийг төр эзэмшиж, хяналтын багц 19 %-ийг хувийн хэвшил эзэмшиж, үлдсэн 47 %-ийн 30 %-ийг монголын ард иргэдэд энгийн хувьцаа болгож өгөх, 17 %-ийг олон улсын зах зээлд гаргах нь хамгийн зөв хувилбар болох байх гэсэн саналтай байна.
Эрдэнэтийн ард олон үеэрээ өлссөн өлсгөлөн барлаг хэдэн улстөрч л бгаашдээ
шахаа яг эхлэж байна Эрдэнэт хуучин машин техникийн арчилгаа сэлбэгэнд үндэсний үйлдвэрчдээс авдаг зүйлээсээ яг одоо татгалзан салаавч өгдөг болж МАН далдуур бизнэс булаах л халхлалт
BODLOGOOR HUMUUSIIN TOLGOIG UGAASAN ZUIL BAINA 607myangiin ur taviad erdenetiin huvitsaag bugd l ezemshine sh dee HAGAS JILIIN DOTOR L ASHIGAA AVAAD EHELNE
УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич: Ууцыг гэрээс тань хүлээн авахдаа лац зүүж, зориулалтын баглаа боодолд савлан авна. “MEAT EXPRESS FOOD” ХХК Үнэ: 30000-50000 ₮ Утас:94497709,99940098,94497720, 96058896
Санал нийлэхгүй байна. Захиалгаар бичиж бна энэ нөхөр.!
захиалгат юм бичээд яах вэ, улс орон чинь сайхан байвал та нарт ч хэрэгтэй дээ.
Энд хэний захиалгаар хэн юу гэж бичсэн нь сонин биш ЭРДЭНЭТИЙН Асуудал ард олонд еерийн дарамтгуй зев шийдэгдэх нь чухал яамарч тэнэг хун бодсон ,хилийн чандад байгаа айлын банхартай узэлцсэнээс еерийн хашаандаа бгаа гелегтей ноолоодсон нь дээр биздээ ЭРДЭНЭТ ОЮУТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙ гээд Л ард олонд хувьцаа олгоно гээд Л яриад бгаа ологсон нь хаа бна бугд Л терийн луйварчангуудын шахааны хэрэгслэл болоод бгаа биздээ НЯАДОРЖООС эхлээд олдодгуй менге нь байхгуй болчих гээд бгаа юм биш уу 49/хувьд байсанаар еерийнхее херенгеер хуний ухмэл херенге худалдаж авах тэнэг хун бхгуй бдгуй .
3 say mongoliin ard tvmen hojino yalsan
“Эрдэнэт”-ийг ашигтай ажиллуулах боломжийг үүрэг хариуцлагатай нь хамт аль нэгэнд нь үлдээе. Өвөр хоорондоо хэмлэлдэх зуурт бусдын идэш болдог алдааг “Эрдэнэт” дээр бүү давтъя.
Захиалгатай нийтлэл. Эзэн нь ойлгомжтой
ХХБ захиалж бичүүлжээ
mongol 100 huwi irsniig l zowtgoj bichsen bna shd. 49 huwiig ni bank awah,tor awah uu gdg oor asuudal gej bichsen bna.. orost baisan 49 mongold irsen ni l chuhal
Зүгээр нэг сүрдүүлэг. ХХБ -ныхан АН- тай нийлж Монголын Хуулийг яаж зөрчсөнийг бичиж чадахгүй Бууны нохой бичсэн бна. луйвар хийснийг нь бичээч.Чи чадахгүй дээ
Дамдинжавтай санал нийлэхгүй. Улаан цайм хууль зөрчсөн луйвар хийгдэж байхад өмөөрөх ам байгаад гайхах юм.
mongoliig tejeesen gants uildwer. odoo tor nertei luiwarchid huwaaj idne. duusaa
үзэл бодол биш юм аа. хүсэл шунал юм уу даа
бас нэг хэсэг бүлэг хүмүүсийн үзэл бодол. батлагдсан болон магадлалтай зүйл юу ч үгүй