Зургаан жил үргэлжилсэн Дэлхийн хоёрдугаар дайны хамаг хүндийг оросын ард түмэн, улаан арми нуруундаа үүрч Москвагаас Берлин хүртэлх замыг туулан зүүн Европын улс гүрнүүд, ард түмнийг фашизмын хар тахлаас аварсан.
1975 оны гуравдугаар сард яруу найрагч Владимир Харитонов хөгжмийн зохиолч Давид Тухмановт хандаж их ялалтын ойд зориулж хамтарч нэг дуу хийе гэсэн санал тавьж л дээ. Улс орон даяараа аугаа их эх орны дайны ялалтын 30 жилийн ойд бэлтгэж, Зөвлөлтийн Хөгжмийн зохиолчдын холбоо ч дайны тухай шилдэг дууны уралдаан зарлаад байсан юмсанж.
Яруу найрагч Харитонов ч нэг их удсангүй хамтрагчдаа шүлгээ өгчээ. Давид Тухманов ч уралдааны комисст амжиж сонсгохын тулд нэг их хойш тавьсангүй хөгжмөө бичиж. Гэтэл “День Победы” дуу ямар ч байр эзэлсэнгүй. Хэргийн гол нь зохиогчдоо байсан байна.
Дууны хөгжим бичсэн залуу Тухманов ахимаг настай коллегууддаа таалагдаагүй учраас энэ дууны эсрэг санал өгцгөөсөн байдаг. Яруу найрагч Харитоновын хувьд дайнд оролцсон ахмад дайчин, түүний дуунууд хөгмийн зохиолч Анатолий Новиков, Вано Мураделий нарын хөгжмөөр амилж 1950-иад онд ид мандаж шагнал хүртэж байсан хүн.
Харин Давид Тухманов бол эстрадын чиглэлээр дуу зохиодог залуу хөгжмийн зохиолч байлаа. Энэ үед төрийн хөгжмийн бодлогыг Хөгжмийн зохиолчдын холбооны удирдлага тодорхойлж байсан цаг. Мэдээж, энэ хүмүүс бол харьцангуй ахимаг насныхан байлаа. Тэдний хувьд 30 нас гэдэг бол түүхийгээрээ байна гэсэн үг.
Шүүгчид дууны зарим үг хэтэрхий ойлгомжгүй, зохисгүй газарт уянгын халилыг оруулсан гэх мэтээр шүүмжилсэн байдаг. Дууны аяыг танго болон фокстрот бүжгийн аянаас санаа авсан гэх шүүмжлэл ч дагуулж байв. Учир нь, энэ бүжгүүдийн ЗХУ-ын хөрөнгөтнүүдийн үзэл суртал гэж үзээд тийм ч таатай хүлээж авдаггүй байжээ.
Хөгжмийн зохиолчдын холбооны удирдлага, радио телевизийн удирдлагуудын хувьд Давид Тухманов бол улсын хэмжээний том дуу бичих насанд хүрээгүй залуу байлаа. Гэхдээ л Тухманов энэ үед “Сүүлчийн галт тэрэг”, “Эгэл биш нүд”, “Цагаан бүжиг”, “Гуталчинд зориулсан дуу”, “Миний хаяг-Зөвлөлт холбоот улс” “Энэ хорвоо ямар сайхан юм бэ” гээд олон дуу нь дуулагдаж байсан ч Москвагийн комсомолын шагналаас өөр гавьяа шагналгүй хүн байлаа. Тийм ч болохоор тэр 30 гаруй дууны ая зохиосон ч арай гэж 1973 онд Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн болоод байсан цаг.
“День Победы” дууг хасахад нөлөөлсөн зүйл нь түүний ая нь танго ч биш, фокстрот ч биш байгаад оршиж байж. Ингээд дууг таг мартаж орхиж. Дууг радиогоор ч телевизээр ч явуулсангүй. Эфирт гарахгүй л бол дуу яахин амилах билээ.
Ингээд дууг хамгийн анх Леонид Сметанников дуулсан байна. Тэр хамгийн анх энэ дууг 1975 оны тавдугаар сарын 9-ний өмнөхөн “Голубой огонёк” нэвтрүүлэгт дуулжээ.
Телевиз радиогийн удирдлагуудын нэг хэсэг нь хожим нь яаж тэд тэр их хяналт, цензурыг давж байж энэ дууг эфирт нэвтрүүлж “День Победы” дууны загалмайлсан эцэг болсноо ярьсан байдаг.
Харин Лев Лещенкогийн хувьд үндсэндээ телевизийн удирдлагыг залилах маягаар 1975 оны арваннэгдүгээр сард Цагдаагийн өдөрт зориулсан концертон дээр шууд телевизийн эфирт дуулжээ. Олон нийт ч дууг яах аргагүй хүлээн авч хит болох нь тэр.
Хэдий шүүгчдийн хатуу зэмлэл хүртсэн ч энэ дуу ард түмний дунд түгээмэл болж, алдартай дууны нэг болж чадсан байна.

Сэтгэгдэл ( 0 )