Монгол Улс хавдрын өвчнөөр өвчлөгсдийн тоогоор дэлхийд дээгүүрт орох болсоор удаж буй билээ. Зөвхөн өнгөрсөн 2024 оны байдлаар хорт хавдрын өвчлөлийн шалтгаанаар 32096 хүн хяналтад байдгийн 8169 нь шинээр бүртгэгдсэн өвчтөн байна. Хавдрын хяналтад байгаа хүмүүсийн 1.8 хувь буюу 608 нь 19 хүртэл насны хүүхэд байгаагаас 148 нь 2024 онд шинээр бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлэв.
Хорт хавдрын төрлөөр авч үзвэл 28.9 хувь нь элэг, 16.2 хувь нь ходоод, 6.7 хувь нь уушги, гуурсан хоолой, 6.4 хувь нь умайн хүзүүний, 5.1 хувь нь бүдүүн шулуун гэдэсний хавдар бүртгэгджээ. Эрчүүдийн хувьд элэг, ходоод, уушги, гуурсан болон улаан хоолой, бүдүүн шулуун гэдэсний, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар зонхилох шалтгааны эхний тавд ордог байна.
Тэгвэл Монголын тал БНЭУ-ын “Аполло” эмнэлэгтэй хавдрын сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны чиглэлд хамтран ажиллахаар болж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллахаар Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНЭУ-ын “Аполло” эмнэлгийн хавдрын Протон эмчилгээний төв, Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төв хамтын ажиллагааны гурван талт санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, БНЭУ-ын “Аполло” (Apollo Hospitals enterprise Ltd) эмнэлгийн дэд ерөнхийлөгч Др Картик Анантараман нар гарын үсэг зурсан юм. Энэтхэгийн “Аполло” эмнэлэг нь мэдрэл, зүрх, уушги, элэгний хавдрын оношилгоо, эмчилгээ, мэс заслын чиглэлээр дэлхийн 70 гаруй орноос өвчтөн хүлээн авдаг туршлагатай юм. Тус эмнэлэгтэй хамтран ажилласнаар Монгол, Энэтхэг хоёр орны эмнэлгүүдийн хавдрын тусламж үйлчилгээний хамтын ажиллагааг өргөжүүлж, хавдрын эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологи, ахиц дэвшлийг монгол мэргэжилтнүүдэд танилцуулж, мэргэжлийн түвшинд хэлэлцүүлэг өрнүүлэх, мэс засал, хавдар судлал болон бусад чиглэлийн эмч нарыг чадавхжуулах юм байна. Эхний ээлжинд “Хавдрын эмчилгээний сүүлийн үеийн дэвшил” сургалт зохион байгуулж, “Аполло” эмнэлгийн эмч нар протон эмчилгээний чиглэлээр хичээл зааж, Монгол Улсын төрөлжсөн эмнэлгүүдийн мэс заслын 50 эмч хамрагдлаа.

Энэ үеэр Энэтхэгийн Ченнай дахь хавдрын Протон эмчилгээний төвийн үйл ажиллагаанаас танилцуулж “Аполло” эмнэлгийн дэд ерөнхийлөгч Картик Анантараман хэлэхдээ “Манай “Аполло” эмнэлэг эрүүл мэндийн аялал жуулчлалаар дэлхийд гуравдугаарт бичигддэг. Өвчтөнүүдээ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор эмчилдэг. Тухайлбал, шинэ технологиор хөхний хавдрыг эмчлэхдээ хөхийг бүрэн авахгүйгээр толгой орчмын арьс болон хөхний мэдрэмжийг хэвээр үлдээн эмчилж байна. Умайн хавдрыг дахин хүүхэд төрүүлэх боломжтойгоор эмчилдэг боллоо. Түрүү булчирхайн хавдрыг эмчлэхдээ мэдрэлийн судсыг нь авч үлдэн, бэлгийн үйл ажиллагааг хэвийн авч үлдэж чаддаг болсон. Манай эмнэлгийн үйлчилгээ БНХАУ, ОХУ, БНСУ-ыг бодвол үнэ харьцангуй хямд бас чанартай” хэмээж байсан юм.
Тэрбээр мөн “Манай эмнэлэг мэс заслын бүртгэлийн систем ашигладаг. Үүнийг Монголд нэвтрүүлж болно. Энэ системээр хавдрын өвчтэй хүмүүсээ бүрэн хянадаг давуу талтай. Монголын эмч нарыг эрхтэн шилжүүлэн суулгах, өвдөгний үе солих, зүрх, уушги, элэг шилжүүлэн суулгах чиглэлээр сургах боломжтой” гэлээ. ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл, “Монгол, Энэтхэг хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жилд найрсаг сайхан харилцаатай явж ирсэн. Тэр дундаа эрүүл мэндийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирлээ. Эмчилгээний дэвшилтэт технологи ашигладаг Энэтхэг улсад эмчлүүлэхэд эдийн засгийн хувьд тохиромжтой, чанартай үйлчилгээ үзүүлдэг учир монголчууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах дуртай байдаг. Энэ чиглэлийн тусламж үйлчилгээний үзүүлэх эмч, мэргэжилтэн бэлтгэж сургах талаар сургах гэрээ хийлээ. Гэрээний дагуу үр дүнтэй, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж итгэж байна” хэмээв.
“Протон эмчилгээний ач холбогдол, хорт хавдрын эмчилгээний шинэ түвшин” сэдэвт семинар үүний дараа үргэлжилж, “Протон эмчилгээ яагаад чухал вэ, хорт хавдрын эмчилгээ ба амьдралын чанарыг сайжруулах нь” сэдвээр доктор Ашу Абхишек, “Монгол дахь хавдрын туяа эмчилгээний хөгжил” сэдвээр ХСҮТ-ийн доктор н.Минжмаа нарын зэрэг хүмүүс илтгэл хэлэлцүүлж, Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн доктор Х.Жамбалмаа талархлын үг хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )