ДЭМБ: Хорт хавдрын 40 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд дэлхий дахин Хорт хавдартай тэмцэх өдрийг тэмдэглэдэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хорт хавдар судлалын агентлагийн үзэж буйгаар, 36 төрлийн хорт хавдрын 40 хувийг хорт зуршлаа хаях, хооллолтдоо багахан өөрчлөлт оруулах, вирус, нянгийн халдвартай илүү идэвхтэй тэмцэх замаар урьдчилан сэргийлэх боломжтой аж. Ингэснээр шинээр илрэх хорт хавдрын тохиолдлын тоог жилд 7.1 саяар бууруулах боломжтой гэж Nature Medicine сэтгүүлд онцолжээ.

“Global Burden of Disease” төслийн хүрээнд цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн эмч нарын баг ийм дүгнэлтэд хүрсэн байна. Тус төслийг дэлхийн хэмжээнд эрүүл мэндэд нөлөөлж буй чиг хандлагыг судлах зорилгоор ДЭМБ, Эрүүл мэндийн хэмжүүр ба үнэлгээний хүрээлэн болон Билл ба Мелинда Гейтсийн сан 1990 оноос хойш явуулж байна.

Судалгаанаас үзвэл, дээрх арга замаар эрчүүдийн дундах хорт хавдрын тохиолдлын 45.4 хувь, эмэгтэйчүүдийн хорт хавдрын тохиолдлын 29.7 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой. Ингэхдээ Зүүн Азийн эрчүүдийн хорт хавдрын нийт тохиолдлын 57.2 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой болохыг судалгаа харуулжээ. Харин Латин Америкт энэ үзүүлэлт 28.1 хувь байна.

Энэхүү үзүүлэлтийн ялгаа нь эрчүүд, эмэгтэйчүүдийн дунд хорт зуршлын түвшин өөр өөр байдгаас гадна дэлхийн бүс нутгууд дахь амьдралын хэв маягийн өөр өөр онцлогтой холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.

Түүнчлэн, умайн хүзүүний хорт хавдар болон ходоодны хорт хавдрыг үүсгэгч папилломавирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлснээр хорт хавдрын тохиолдлын 11.5 хувийг бууруулах боломжтой болохыг судалгаа мөн харуулжээ. Уушгины хорт хавдрын хамтаар эл гурван төрлийн хорт хавдар урьдчилан сэргийлэх боломжтой хорт хавдрын тал хувийг эзэлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top