Европт хорт хавдрын гентэй донорын бэлгийн эсээр төрсөн 200 хүүхэд буйг илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Европын 14 оронд нийт 197 хүүхэд, үр удамд нь хорт хавдар үүсэх өндөр эрсдэлтэй гений мутац бүхий хүний бэлгийн эсийн тусламжтай төрсөн болохыг Европын 14 хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрэн сурвалжлах сэтгүүлчид илрүүлжээ.

Кьельд гэгч нууц нэртэй Данийн донорын бэлгийн эсэд мутацтай ТР53 ген илэрсэн байна. Эл генийг авч төрсөн хүүхдүүдэд хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй аж. Донор эр өөрөө хорт хавдаргүй бөгөөд өнөөг хүртэл ийм гений мутацтай гэдгээ өөрөө ч мэдээгүй байна. Түүний донорын материалыг Европын үр шингэний сан хариуцаж байжээ. Гений мутацтай хүүхэд төрсөн тухай эхний мэдээлэл 2020 оны дөрөвдүгээр сард гарсан ч мутацыг 2023 онд илрүүлж, донорын материалыг ашиглахыг зогсоосон байна. Мөн энэ талаар эмнэлгүүд болон бэлгийн эсийг нь ашигласан эмэгтэйчүүдэд мэдээлжээ.

Кельдийн бэлгийн эсийг Европын 14 улс дахь 67 эмнэлэгт хүргүүлсэн бөгөөд 2006-2022 оны хооронд ашигласан байна. Кьельдийн хүүхдүүд Данид 99, Бельгид 53, Испанид 35, Грек болон Исландад дор хаяж тус бүр дөрөв, Германд хоёр байгаа гэнэ. Бусад орны талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

2005 оны байдлаар нэг донорын үрийн шингэнийг дээд тал нь 25 үр хүүхэдгүй гэр ашиглах боломжтой байсан бол 2013 онд Данийн эрх баригчид энэ хэмжээг 12 болгож бууруулжээ. Бельгид илүү хатуу хязгаарлалт тавьдаг байна. Нэг донороос 6 хүүхэд төрүүлэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top