Австралийн эрдэмтэд эмчилгээнд тэсвэртэй тархины хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан хорт хавдрын эсрэг вакциныг эмнэлзүйн анхны туршилтыг хийхээр төлөвлөж байна гэж Куинслэнд мужийн их сургууль мэдээлжээ.
Викториа, Баруун Австрали, Куинслэнд, Шинэ Өмнөд Уэльс болон Өмнөд Австрали мужийн найман хүүхдийн эмнэлэгт PaedNEO-VAX вакцины эмнэлзүйн туршилтыг ойрын саруудад хийж эхэлнэ.
Ингэхдээ вакцин бүрийг тухайн өвчтөний гений тусгай маркеруудыг ашиглан бүтээхээр төлөвлөжээ. Дөрвөн жил үргэлжлэх туршилтад амьдрах хугацаан нь 24 сараар хэмжигдсэн тархины хорт хавдрын оноштой 70 өвчтөнийг оролцуулна.
Энэ бол онц хүнд хэлбэрийн тархины хорт хавдрыг эмчлэх тусгайлсан арга зам юм. Туршилтын эхний үе шат вакцины аюулгүй бөгөөд үр дүнтэй тунгийн хэмжээг тодорхойлох, хоёрдох үе шатанд эмчилгээний үр дүнгийн түвшнийг үнэлнэ гэж судалгааны багийн профессор Жордан Хансфорд онцолжээ. Энэхүү туршилтаар PaedNEO-VAX вакцин хорт хавдрын явцыг сааруулж байгаа эсэх, өвчтөний наслалт болон амьдралын чанарыг нэмэгдүүлж байгаа эсэхийг эрдэмтэд тогтоохоор зорьж байна.
Вакциныг ковид-19 эсрэг мРНХ вакцины үндсэн дээр бүтээжээ.

Сэтгэгдэл ( 0 )