“Эхнэртээ бөөр хайж байна” гэх зарын самбарыг биендээ өлгөсөн өтөл насны эр Өмнөд Каролин мужийн Андерсон хотын гудамжаар хөндлөн гулд нь бүтэн нэг жилийн турш туулжээ. 78 настай Ларри Свиллингийн эхнэр Жимми Сью төрөлхийн нэг бөөртэй төрсөн байна. Гэвч насны эрхээр бөөрнийх нь үйл ажиллагаа доголдож эхэлсэн учраас Ларри болон гурван хүүхэд нь бөөрөө өгөхөөр шинжилгээ өгсөн ч цусны бүлэг нь таарсангүй. Ингээд 57 жил жаргал зовлонгоо хуваалцсан эхнэрээ хүнд өвчинд зүгээр булаалгахыг хүсээгүй Ларри Свиллинг эхнэртээ бөөрний донор хайж эхэлжээ. Улмаар бүтэн жилийн турш хотоо хөндлөн гулд буюу 400 гаруй километр явган алхсан байна.
Улмаар Ларри Свиллингийн самбар үүрсэн зураг цахим ертөнцөд цацагдсаныг харсан армийн албан хаагч асан 41 настай Келли Вэвирлинг бөөрөө бэлэглэхээр шийдэв. Азаар түүний цусны бүлэг, бусад үзүүлэлтүүд нь төгс таарсан байна. Хосуудад бөөрөө бэлэглэхээр шийдсэн Келли Вэвирлинг “Хосуудад итгэл, найдвар өгч, тэдний хайрыг нь шагнахын тулд зөв зүйл хийж байгаагаа цаанаасаа л мэдэрч байсан” гэж CBS телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Эхнэртэй хайртай Ларригийн сэтгэлийг харсан 2000 гаруй хүн бөөрөө хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэдний дунд Герман, Швейцар бүр Ямайкийн иргэд ч байсан гэнэ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )