Түүх мэдэхгүй хүн бол энэ зургийг хараад “АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган үг хэлж байгаа л зураг байна, юу нь сонин байсан юм бэ” гэж хэлэх байх. Илтгэл тавьж байгаа хүн нь маргаангүй Рональд Рейган мөн бөгөөд “Энэ ханыг нураа” хэмээх алдарт итгэлээ тавьж байгаа юм. Харин цаана нь нураах гээд байгаа хана нь үзэгдэнэ. 1987 оны зургадугаар сарын 12-ны өдөр АНУ-ыг Ерөнхийлөгч Рональд Рейган Берлины хананы дэргэд “Энэ ханыг нураа” хэмээх алдарт илтгэлээ тавьсан нь социалист, капиталист системийн хооронд өрнөж байсан үзэл суртлын дайныг төгсгөхөд чухал нөлөө үзүүлсэн билээ. ЗХУ-ын удирдагч М.Горбачев асуудлыг өөр өнцгөөс харж байгааг мэдэрсэн барууны удирдагчид түүнд нөлөөлөх оролдлогыг 1985 оноос эхлэн чамгүй олон удаа хийсэн ч төдийлөн амжилт олоогүй байсан үед Р.Рейган түрүүлж “шийдвэртэй алхам” хийсэн нь тэр байлаа. Берлины хананы дагуу үүрэг гүйцэтгэж байсан ЗХУ цэргүүд Р.Рейганыг нам буудаж чадах байв. Р.Рейган хананаас 100 метр зайд индэр засуулж байгаад ЗХУ-ын хилчдийн бууны хараан дор “Бид өөрчлөлт ил тод байдлыг дэмждэг. Учир нь эрх чөлөө, аюулгүй байдал гар гараасаа барилцан зэрэгцэн оршиж болно гэж бид үздэг. Ерөнхий нарийн бичгийн дарга М.Горбачев аа. Хэрвээ та ертөнцийг өөрөөр харж, ЗХУ, Зүүн Европыг гэрэлтүүлэхийг хүсч байгаа л юм бол энд, энэ хаалган дээр хүрч ир. Энэ ханыг нураа” гэж хэлсэн билээ. Түүний энэхүү сэтгэл хөдөлгөсөн үгсийг 45 000 хүн газар дээрээс нь догдлон үзсэний дотор Баруун Германы Ерөнхийлөгч Рихард фон Вайцзеккер, Канцлер Гельмут Коль, Баруун Берлиний мэр Эберхард Дипген нар байсан юм.
Түүний илтгэлд зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зогсоож, цөмийн зэвсгийг хорогдуулах санааг ч анхлан гаргаж тавьсан байдаг билээ. “Энэ ханыг нураа” хэмээх алдарт илтгэл тавигдсанаас хойш гурван жилийн дараа Берлиний хана нурж, хоёр Герман нэгдсэн билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )