XIX-р зуунд эрх мэдэл, бэл бэнчин, хязгаар нутаг нь ноён оргилдоо хүрсэн Их Британийн эзэнт гүрний хаан ширээнд 20-р зуун гарснаар ноцтой хямрал дэгдсэний гол “буруутан” буюу хэргийн эзэн нь дээрх зурган дээрх шавилхан бүсгүй юм. Валлис Симпсон гэх энэ эмэгтэй өмнө нь хоёр удаа гэрлэж, салж явсан америк эмэгтэй юм. Түүнд Их Британийн хаант төрд заларсан наймдугаар Эдуард хаан дурлаж, түүнтэй гэрлэнэ гэж зүтгэснээс хямрал дэгджээ. Английн сүмийн номлолын дагуу эмэгтэйчүүд хоёрдох удаагаа гэрлэх хориотой байсан бөгөөд хоёрдох байтугай гуравдахаа гэрлэх гэж байгаа Америк эмэгтэйг Британи төдийгүй хамтын нөхөрлөлийн улс орны иргэд нь “хатан”-аа гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Британийн засгийн газар, сүмийн бүхий л эрх мэдэлтнүүд сануулж, хааны шийдвэрийг эсэргүүцэж байв. Гэсэн ч 1936 оны нэгдүгээр сарын 20-нд хаан ширээнд заларч, тангараг өргөх ёслолын ажиллагаандаа ч оролцож амжаагүй наймдугаар Эдуард хаан 1936 оны 12-р сарын 11-нд Валлис Симпсонтой гэрлэхийн тулд хаан ширээнээсээ татгалзжээ. Хаан ширээг түүний дүү болох Йоркийн гүн, зургадугаар Жорж буюу одоогийн хоёрдугаар Элизабет хатан хааны эцэг өвлөн авчээ. Хаан ширээнээс үнэ цэнэтэй хайр сэтгэлийн эзэн болсон энэ бүсгүй бүх л насаараа хааны удмын нөхөртэйгөө амар жимэр, аз жаргалтай амьдарсан байдаг. Наймдугаар Эдуард 1972 онд 77 настайдаа Франц дахь гэртээ таалал төгссөн бол түүний энэ насных нь цорын ганц хайр Валлис Симпсон 1986 онд 89-тайдаа таалал төгсчээ. Тэдний тухай 2010 оны Оскарын наадамд нэр дэвшсэн King’s Speech буюу Хааны айлдвар, 2017 оны Алтан бөмбөрцөгт нэр дэвшсэн The Crown буюу Титэм зэрэг бүтээлүүдэд дурддаг бол 2011 онд дуучин Мадоннагийн найруулсан W.E киног дуулиант хосын амьдралаас сэдэвлэсэн байдаг.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )