2.4 сая ургийг амьд мэндлэхэд тусалсан Жэймс

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 05

Жеймс Харрисон хэмээх нэгэн хүү 14 настайдаа хүнд өвчнөөр өвдөж, цээжний хагалгаанд ороход нь 5 литр цус шаардлагатай болжээ. Улмаар нэгэн донорын хандивласан цусны буянаар амь аврагдсан байна. Хагалгааны дараа эмнэлэгт гурван сар гаруй хугацааг хэвтрийн байдалтай өнгөрүүлсэн Жэймс бие нь эрүүл болжээ. Жеймс өөртөө тамир нь хүрдэг л юм бол цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэнэ гэж амласан байна. Тэрбээр 18 нас хүрээд цусаа хандивлахаар эмнэлэгт очиход нь түүний цус төрөөгүй урагт аюултай резус факторын өвчнийг эсэргүүцэх ховор төрлийн антигентэй нь тогтоогдсон байна. Ингээд тэрбээр 57 жилийн турш нийтдээ 1000 гаруй удаа цусаа хандивлаж, доод тал нь 2.4 сая ургийг амьд мэндэлж, эсэн мэнд торниход нь тусалсан буянтай үйлийг хийжээ. Өдгөө 80 настай ч Жэймс хоёр долоо хоногтоо нэг удаа цусаа хандивласаар байгаа аж. Түүнийг 1999 онд Австралийн улсын дээд одонгоор шагнагдаж, ард иргэдийн дунд "ардын баатар" гэж хүндлэгдэх болжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top