Нэгэн цагт дээрэм хийх, насанд хүрэгчдийн кинонд тоглохоос өөр сонголтгүй байсан нэгэн өнөөдөр алдар нэрийн оргилд хүрсэн гэвэл та итгэх үү. Тэр бол та бидний сайн мэдэх Сильверстер Сталлоне юм. Түүнийг тусалж дэмжих хэн ч байгаагүй бөгөөд өөрийн хүч хөдөлмөрөөрөө бүхнийг босгосон аж.
Дээрх зураг дээр нүдэнд дулаахан, царайлаг хүү анх төрөхдөө зүүн доод эрүү нь саажилттай төржээ. Тэрээр 1946 оны 7 сарын 6ны өдөр хорвоод мэндэлсэн юм. Эрүү нь саажилттай байсан учраас хэл орохдоо ээрч ярьдаг болов. Хөлийн нь ул хавтгай байсан учраас 4 настайд нь товшуур бүжгийн сургалтад хамруулахаас өөр арга эцэг эхэд нь байсангүй. Сурагч болоод дорвитой сурч чадалгүй, хэд хэдэн сургуулиас хөөгдсөн байна. 9 настайд нь эцэг эх нь салсан учраас хүү Филадельфид эхтэйгээ амьдрах болов. Тэндээ асуудалтай хүүхдүүдэд тусгайлан зориулсан ахлах ангид хамрагдах болжээ. 24 настайдаа хүү жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхээр коллежоо хаяв. Мөрөөдлөө биелүүлэхээр Нью Йоркийг зорьж очсон боловч харамсалтай нь хүүг үргэлж хаалттай, үгүйсгэсэн хаалга угтаж байлаа. Мөнгө ч үгүй, тартагтаа тулсан тэрбээр автобусны буудал дээр 3 долоо хоног амьдарч хүртэл үзсэн байв. Зөвхөн аяга хоол олж идэхийн төлөө өөрт нь олдсон ямар ч ажлыг гололгүй хийж байсан ч амьдралынх нь хамгийн хүнд үетэй харьцуулахад тэр бүхэн нь юу ч биш байсан гэдэг. Тэрээр хар багаасаа ижилдсэн дассан хайртай нохойгоо архины дэлгүүр таарсан хүнд ердөө 25 доллараар заржээ. Хайртай нохойгоо тэжээж чадахгүй байснаасаа болж зарахаас өөр аргагүйд хүрсэндээ харамсаж уйлж байснаа хожмоо тэрээр дурсаж, амьдралынх нь хамгийн хүнд өдөр байсан гэж ярьсан байдаг. Ингээд сүүлдээ амжилт олох мөрөөдөл нь ч мартагдах дөхөж, зөвхөн амьд үлдэхийн төлөө 200 доллараар насанд хүрэгчдийн кинонд тоглохоор шийдсэн байна. Хожмоо тэрээр “Олс минь эцэстээ тулсан надад бохир кинонд тоглох эсвэл гараад дээрэм хийх сонголт л байсан” гэж дурсаж байв. Эцэст нь амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх нэг үйл явдал тохиолдож ирээдүйг нь өөрчилж орхих нь тэр. Мухаммед Алигийн тулааныг зурагтаар үзэж суугаад амжилт олох нь байтугай амьдрах итгэлгүй болоод байсан залуу эрд шинэ киноны санаа төрөв. Ингээд амьдралыг нь өөрчлөх кино зохиолоо бодит болгохын тулд 3 хоног нойр, хоолгүй шахуу суужээ. Продюсерууд зохиолд нь 350 мянган ам.доллар санал болгосон ч тэрээр татгалзав. Учир нь өөрөө гол дүрийг нь бүтээхийг хүсэж байлаа. Продюсерууд түүнийг жүжигчин болох нь байтугай ч ярих ч чадваргүй гэж үзэж байсан ч тэрээр бууж өгсөнгүй. Ингээд үзэл бодолдоо шаргуу үнэнч залууг продюсерууд киноных нь гол дүрд шалгаж үзэхээс өөр аргагүй болж, тэрээр ч чадна гэдгээ баталж, дүрээ авчээ.
Энэ түүхийн эзэн хэн гэдгийг та бүхэн бараг гадарласан байх. Холливуудын алдарт жүжигчин Сильверстер Сталлоне 1976 онд дэлгэцэнд гарсан Роки кинондоо гол дүрийг бүтээх хүртлээ насанд хүрэгчдийн киног нь тооцолгүйгээр 7 жилийн турш 17 кинонд үзэгдээд өнгөрөх жижиг дүрүүдийг бүтээж, хоногийн хоолтойгоо золгож байсан ч Роки кино амьдралыг нь өөрчилж, олон улсад данстай мундаг кино жүжигчин болгожээ. Цалингаа аваад хамгийн түрүүнд юу хийсэн гээч. Ядуурч, явгарч, хоолгүй хонож, тартагтаа тулах үедээ 25 доллараар зарсан нохойгоо 15 мянган ам.доллараар буцаан худалдаж авчээ. Өнөөдөр Сталлонегийн төрөлх Филадельпиа хотын төв музейн хажууд алдарт Роки дүрийнх нь хөшөө сүндэрлэн буй. Цагтаа гудамжинд сонин нөмрөөд хэвтэж байсан энэ хүн дэлхий дахинд алдаршсан кино жүжигчин, зохиолч, найруулагч төдийгүй мөрөөдөлдөө үнэнч сая сая залуусын хувьд урам зориг болжээ. Өөрөөс нь амжилтад хүрсэн гол нууцыг нь асуухад “Тулгарсан ямар ч асуудал, зовлон, бэрхшээлд мөрөөдлийг нь бяц дарах боломжийг олгоогүйд миний нууц оршино” гэж хариулж байжээ. Хэрвээ тэрхэн мөчид хоолгүй шахуу байсан залуу 350 мянган доллар гэх асар их мөнгөний саналыг хүлээн авсан бол өнөөдөр бид Сильвестер Сталлоне гэж мэдэх нь байтугай Роки Балбоагийн дүрийг огт өөр хүнээр л төсөөлдөг байх байжээ.
Одоо 71 настай Сталлоне 400 сая ам.долларын хөрөнгөтэй гэнэ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Нас барсан шүү дээ сэтгүүлчээ
hoorhii hogshirch