Шанайя Твейн: Би найман настай байхдаа согтуу эрчүүдийн өмнө дуулдаг байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Кантри дууны ертөнц дэх хамгийн их борлуулалттай дуучин, “Кантри дууны хатан хаан” хэмээн өргөмжлөгдсөн, Грэммийн наадмаас 5 удаа шагнал хүртэж, дэлхий даяар цомгуудаа 100 сая хувь амжилттай борлуулсан дуучин бол Шанайя Твейн юм . Тэрбээр өнөөдөр 350 сая долларын хөрөнгөтэй ч хамгийн эгэл амьдралтай нэгэн бөгөөд хуучин машинаа унадаг нь бусдыг гайхуулдаг. Тэгвэл түүний дандаа дардан байгаагүй аж. Түүний хүүхэд нас маш хүнд хэцүү цаг хугацааг туулсан байна.

Тэрбээр амьдралынхаа хүнд хэцүү үеийн тухай өгүүлэхдээ “Ээжийг минь тэнхээ мэдэн зодож байгаа аавыгаа зогсоохын тулд би ар нуруу руу нь гарт таарсан сандлаа шидэхэд, сандал эвдэрч хэдэн хэсэг салж үсэрснийг лав мартдаггүй юм. Хойд эцэг минь тэр үед сэхээ авч, эрүү рүү минь хар тэнхээгээ цохиход нь би чадах чинээгээрээ буцааж эсэргүүцэхийг оролдож байсан юм. Төрсөн эцэг минь ээжээс намайг хоёр настай байхад салсан гэдэг. Ингээд удалгүй ээж намайг болон дүү нарыг минь аван, Канадын алс хязгаарт байх Тимминс гэх жижиг хотруу нүүсэн юм. Ээж тэндээ удалгүй Жэрритэй танилцаж, нэг гэрт оров. Нэг гэрт ороод удаа ч үгүй тэд мөнгөнөөс болж байнга маргалддаг болсон юм. Бидэнд наад захын шаардлагатай хүнсээ авахад байгаа мөнгө минь хэзээ ч хүрэлцдэггүй байлаа. Заримдаа зүсэм талхаа голоор нь зүсээд голд нь дан гич түрхээд идэж байгаагаа бид нар “ядуусын хачиртай талх” гэж бодит үнэн, хошигнолын завсраар нэрлэдэг байв. Өлсөхийн эрхэнд 8 нас ч хүрэлгүй ойд жижиг амьтныг агнаж, даарахын эрхэнд мод хагалж сурсан байлаа. Өвлийн хүйтэнд зузаан гутал авч чаддаггүй байсан болохоор гутралынхаа гадуур гялгар уут давхарлан ороож сургуульдаа очдог байв. Өвөл Тимминст ямар хүйтэн болдог гэж бодно? Гэхдээ л би хөгжимд чин сэтгэлээсээ хайртай байсан болохоор анхныхаа дууг ээждээ зориулж бичин, “Ээжээ та бидэнтэй тоглооч” гэж нэрлэсэн юм. Ээж минь дэндүү их шаналж гунигладаг байсан болохоор ядаж ингэж ч болов чадах зүйлээрээ сэтгэлийг нь засах гэсэн, сэтгэлээсээ өөр баялаггүй жаахан охины л хийж чадах ганц зүйл энэ байсан юм. Ээж сэтгэл гутрал нь дээд цэгтээ хүрсэн үедээ хэдэн өдрөөр ч орноосоо босдоггүй байлаа. Тэр үед дүү нараа харж хандах гол хариуцлага над дээр ирдэг байв. Ингээд мөнгө олохын тулд би уушийн газарт дуулж эхэлсэн юм. Наймхан настай охин маргааш нь хичээлтэй шөнө дөлөөр өрөө дүүрэн согтуу эрчүүдийн өмнө дуулж байгааг төсөөл дөө. Заримдаа уушийн газар хаатал дуулчхаад, дараа нь аяга тавгийг нь угааж байж 20 долларын цалин авах нь дэндүү их мөнгө байсан болохоор их л баярладаг байв. Ядуу тарчиг амьдралдаа шаналж ядахын хажуугаар хойд эцэг Жэрри ээж, бид хоёрыг олон жилийн турш зодож, зовоож байлаа. Нэг удаа уурандаа Жэрри ээжийг ухаан алдтал нь цохичхоод, үснээс нь чирж, суултуур луу толгойг нь дүрсэн юм. Энэ бүх хүчирхийлэл бидний нүдэн дээр ил болж, оюун бодол, зүрх сэтгэлээс минь хэзээ ч арчигдахгүй хар мөрийг татаж байлаа. Эцэст нь Жэрригийн гарт амиа ч алдаж магадгүй байгааг нь ээждээ ойлгуулж, бид Торонто руу нүүж, орон гэргүйчүүдийн хорогдох байранд толгой хорогдох болов. Хөгжмөө хөөхийг хүсэж байсан ч зүгээр л өдөр тутмын хоол хүнсээ залгуулахын тулд, Макдональдст нилээд хэдэн жил ажиллахаас өөр аргагүй болсон юм. Намайг 22 нас хүрэхэд ээж Жэрри хоёр дахиад нийлсэн ч харамсалтай нь удалгүй хамтдаа машины ослоор өөд болцгоов. Энэ үед хамаг хувцас, мөрөөдлөө хамтад нь цүнхлээд, дүү нараа өсгөхийн тулд Тимминсрүүгээ буцахаас өөр аргагүй болсон нь эгч хүний хариуцлагаа ухамсарласных минь байлаа. Дүү нараа тэжээхийн тулд жижгэвтэр казинод дуулахын хажуугаар дуугаа зохиохоо зогсолгүй, хуурцган дээр хуулж, продюсерууд руу илгээсээр байв. Эргээд бодоход тэр он жилүүд хүнд бүр дэндүү хэцүү байсан ч шаргуу хөдөлмөрийн минь үр шим ирж, бяцхан аз тохиож Нэшвиллийн продюсер дууг минь олж сонсоод зогсохгүй, дуунууд минь таалагдсан юм. Би хэн гэдгээсээ, хаанаас ирснээсээ, юу үзэж туулснаасаа хэзээ ч ичиж байгаагүй. Хэн байсан, хаанаас ирсэн, юу үзэж туулсан минь намайг хэн гэдгийг илэрхийлж чадах зөвхөн миний түүх" хэмээжээ.


www.zindaa.mn

Ариунаа Онгио

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.14.36.6) 2017 оны 11 сарын 24

From this moment on гэж гоё дууг нь их сонсож, дагаж дуулдаг.

0  |  0
o(66.181.161.110) 2017 оны 11 сарын 23

ene duuchinii duug ih sondog goe ch duuldag ih hund amdral tuuljee

0  |  0
R(27.123.214.88) 2017 оны 11 сарын 23

Goy duutai duuchin shuu. İh hund amidral tuuljee

0  |  0
enkhrii(202.131.245.170) 2017 оны 11 сарын 23

goy medee bn, orchuulagchid bayar hurgeye

0  |  0
Top