А.Гитлерийн толгойд ямар агуу санаанууд багтаж байсан бэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 01

Адольф Гитлерийн гарын үсэг бүхий “Германыг еврей нараас цэвэрлэх нь зүйтэй” гэсэн үгтэй элэгдэж шарласан нэгэн захидлыг Нью-Йоркт анх удаа олон нийтэд үзүүлжээ.  А.Гитлер  1919 онд бичсэн уг захидлыг “Simon Wiesenthal Center” байгууллага 1988 онд нэгэн хүнээс 150 мянган ам.доллараар худалдан авч байж. Уг захидал Адольф Гитлерийн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээ эртнээс төлөвлөж байсныг батлахын зэрэгцээ бодсоноо ажил хэрэг болгохын тулд амь тавин зүтгэдэг нэгэн байжээ гэдгийг давхар нотолж өгөв. Түүний толгойд Ф.Ницшегийн тархинд анх боловсорсон “Дээд арьстны онол” бус, арай өөр үзэл байсан бол тэрээр дэлхийн түүхийг муу тал руу өөрчилсөн шигээ сайн тал руу ч өөрчлөх чадвартай нэгэн байжээ. 2006 онд нэгэн байшингийн дээвэр дээрээс олдсон баримтууд түүнийг өмнөө асар том зорилго тавьж, түүнийхээ зах зухад хүрдэг, захиргаан дахь хүмүүсийнхээ чадварыг ашиглаж чаддаг нэгэн байсан гэдгийг харуулсан юм.

Эхэнд дурдсан, 1919 онд захидал дээр бичигдсэн А.Гитлерийн үгс 22 жилийн дараа биелсэн шиг 1942 онд түүний толгойд эргэлдэж байсан төсөл олон жилийн дараа өөр хүний гараар ч гэсэн биелсэн билээ. Энэ бол дэлхийн хамгийн анхны хурдны галт тэрэгний төсөл юм. Цагт 300 км цаг хурдтай галт тэрэг байж болно гэсэн бодол хамгийн түрүүнд түүний санаанд орсон нь тодорхой болов. Ямартай ч тэр хий мөрөөдөгч биш, бодсоноо ажил хэрэг болгохыг хичээдэг хүн байсан. Харин ухаалгаар сэтгэсний үндсэн дээр үү, эсвэл санаандаа орсноо л тушаадаг байв уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр үлджээ.

            Дэлхийн хамгийн хурдан галт тэрэг бүтээх санаа

Рейхийн Зэвсгийн нөөц хариуцсан зөвлөх, арын албаны мэргэжилтэн доктор Фриц Тодт фронт руу зөөх ачаа бараа маш их, тээврийн асуудал хүнд байгаатай холбогдуулан Герман-Украиныг холбосон төмөр зам байгуулах төсөл бэлэн болгосноо А.Гитлерт 1941 оны есдүгээр сард танилцуулжээ.

III рейх түүний төлөвлөгөөтэй танилцаад шууд л “Бидний барих төмөр зам чиний төлөвлөснөөс илүү өргөн, урт байх болно. Үүнийг хийх хүнд ч гэсэн бидэнд “бэрхшээх” гэсэн ойлголт байж болохгүй” гэсэн байна. Ингээд 3700 мм өргөн төмөр зам барих даалгавар өгч, түүнд тохирох 5200 мм өргөн галт тэрэг зохион бүтээх ажлыг Тээврийн яамны төлөөлөгч, техникийн шинжлэх ухааны доктор Гюнтер Винст даатгасан гэдэг. Мөн оны аравдугаар сард хуралдсан Герман улсын шинжлэх ухааны байгууллагуудын хурал дээр Г.Винс жирийнхээс хоёр дахин өргөн галт тэрэг зохион бүтээхэд гарах техникийн бэрхшээлийг хамтран шийдэхийг хүсч, , төслийг албан ёсоор танилцуулжээ (“Агуу Германы зам тээвэр” сонин 1942 оны I сар).

Тэр өвөл Германы төмөр замд маш хүнд өвөл болсон бөгөөд цас хунгарласнаас нийт төмөр замын 70 хувь нь тодорхойгүй хугацаагаар ашиглалтаас гарсан нь төслийн хэрэгжилтийг хурдавчлуулах шаардлагатай гэсэн сэдлийг А.Гитлерт төрүүлжээ.

            Ингээд 1942 оны тавдугаар сарын 24-нд Рейхийн сайд Шпер, М.Борман, Зам тээврийн сайд Дорпмюллер нарыг штабтаа дуудан, төслөө яаралтай эхлүүлэхийг тушаасан байна. Уулзалтын үеэр А.Гитлер “Дөрвөн метрийн өргөнтэй галт тэрэг 2.5 метрийн өргөнтэй галт тэрэгнээс дээр гэдэг нь мэдээж биз дээ. Тэнд бүхэл бүтэн гэр бүл  амьдрах нөхцөл бий болгох ёстой. Галт тэрэг өргөн болсноор тэнд гэр бүлийн өргөн ор тавих боломж нээгдэнэ. Тэнд мөн ресторан, тэр ч бүү хэл кино театр ч байх болно. 30 метр урт, зургаан метр өндөр галт тэрэг байна гээд төсөөлөөд үз дээ. Хоёр давхар шүү дээ. Ачааны галт тэрэг нь дор хаяж 100 тонны багтаамжтай” гэж хөөрчээ.

 Шпер хожим нь “А.Гитлер намайг  байнга тооцоолохыг шаардаж, түүний сэдсэн ажил ямар хэрэгтэй, чухал болохыг батлахыг тулгаж байсан. “Тэнгисийн флотоо ч ингэж томруулж болох юм. Хамгийн багадаа л 3000 тонны усан түрцтэй онгоц хийчихвэл ч... Ийм онгоц ямар ч шумбагчаас айхгүй дээ” гэсэн гээд л бодчих” хэмээн дурссан байдаг. Энэ бол тухайн үед үнэхээр санаанд оромгүй хүнд ажил байсан хэдий ч тушаал бол тушаал хойно ажил эхэлдгээрээ эхэлжээ.

Гюнтер Винсийн толгойлсон төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг 1942 оны арваннэгдүгээр сарын 23-наас эхэлж өндөр хүчин чадалтай зүтгүүр бүтээх ажилд орсон бөгөөд дайны нөхцөл байдал эсрэгээр эргэсэн учир 1943 оны дөрөвдүгээр сарын 05-нд Фюрерийн тушаалаар татан буугджээ. Түүний судалгааны бүх ажлыг “Маш нууц”-ын зэрэглэлд хамруулж, чандлан нууцалсан байна. Дээрх материал 2006 онд олон нийтэд дэлгэгдсэн билээ.

Гюнтер Винсийн агуу төлөвлөгөө

 Түүний төслийн зарим тооцооллоос сонирхуулья. Төмөр замын өргөн нь 3000 мм. Зүтгүүрийг Берлинээс ирээдүйд III Рейхийн байгуулах эзэнт улсын хаана ч нэг хоногийн дотор хүрэх чадвартай байхыг бодолцож 300 км цагийн хурдтай бүтээхээр төлөвлөж байж (Берлинээс Москва 1923, Ром 1627, Бухарест 1759, Стамбул 2429 км зайтай). Харин ачааны галт тэрэг нь цагт 100 км хурдлах боломжтой  гэж тооцжээ. Гюнтерийнхээр бол Ийм галт тэрэг 500 метр зайд 180 хэм эргэх чадвартай. Зогсоох механизмыг “Knorrbremse AG” фирмээс авах боломжтой гэж үзсэн байна. Тэр компанийн тормозоор галт тэрэг 1600 метр яваад зогсоно. Төмөр замаар эхлээд Гамбург, Мюнхен, Берлин зэрэг Германы хотуудыг холбоод цаашид бүх Европыг холбох ёстой байв. Хэрвээ энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол төмөр замын хөгжлийг хэдэн арван жилээр урагшлуулах байжээ.

Дэлхийн төмөр замын өргөн

Английн Стоктон-Дарлингтоны хооронд тавигдсан дэлхийн анхны төмөр зам 1435 мм өргөнтэй байсан бол энэ хэмжээ Испани, Португалд 1668, Чили, Аргентинд 1676 мм, Монгол, Финланд, ОХУ-д 1524 мм (4 мм-ийн ялгаа нь галт тэрэгний хөдөлгөөнд муугаар нөлөөлдөггүй аж). Англи улс 1892 онд дэлхийн бүх төмөр замыг өөрийнх шигээ болгон стандарт тогтоохыг оролдсон ч чадаагүй юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.61) 2017 оны 12 сарын 01

Монголыг. Хятадаас цэвэрлэх

0  |  0
Top