Дуучин Жанна Фриске 2015 онд нас барсан билээ. Тэрээр тархины хорт хавдартай удаан хугацаанд тэмцсэний эцэст 40 насандаа таалал төгссөн юм. Жанна амь ахуйдаа хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцдог байсан билээ. Дуучныг нас барсны дараа төрөл төрөгсөд, найз нөхөд нь түүний нэрийн өмнөөс буяны үйл хийж байгаа юм. Жаннагийн дүү Наталья өнгөрсөн жил эгчид нь байсан Америкийн үнэтэй вакциныг тунгалагийн булчирхайны хорт хавдартай Кирилл Меньшиковт өгчээ. Нэг ампул нь 12 мянган еврогийн үнэтэй уг вакцин Кириллд тус болж, биеийн байдал нь сайжирсан байна.
Тэгвэл саяхан “TheOutlet.ru” интернет дэлгүүр сайн үйлсийн аянд нэгдэж, хямдрал зарлажээ. Дизайнерууд болон алдартай хүмүүсийн, тэр дундаа Жанна Фрискегийн өмсч байсан даашинзыг уг хямдралаар худалдаалж байна. Дуучны өмсч байсан үнэтэй даашинзуудыг сайн үйлсийн төлөө гуравхан мянган рублиэр худалдан авах боломжтой аж. Худалдаанд түүнчлэн Наталья Водянова, Яна Рудковская нарын хувцас зарагдах гэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )