Шилийн сайн эрсийн толгой Торой банди хэмээх Нанзаддорж

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11


Домогт шилийн сайн эр Торой банди нь 1830 онд Дарьгангад төрсөн түүний жинхэнэ нэр нь Нанзаддорж бөгөөд бага байхад нь эцэг нь нас барж, эхийн хамтаар тарчигхан амь зууж явсны улмаас ноёд баядын адуу хулгайлан ядууст тарааж өгдөг сайн эрийн замыг сонгосон байна. Төрийн шагналт зохиолч Ц.Дамдинсүрэн академич 1944 оны “Үнэн” сонины 217-д  “Торой банди сайн эр, муу хулгайч гэдэг хоёр нэртэй явсан хүн. Ардууд түүнийг сайн эр гэж магтдаг байв. Ноёд, хятадын худалдаачид түүнийг муу хулгайч хэмээн занадаг байжээ. Яагаад энэ билээ гэвэл Торой банди ноёд, хятадын худалдаачид мөлжигчдийн эсрэг ардын төлөө тэмцлийг хийж явсан учраас тийм байна” гэж бичжээ. Төрийн шагналт  Ш.Нацагдорж академич 1963 онд гаргасан “Манжийн эрхшээлд байсан үеийн Халхын хураангуй түүх” номдоо “Түүний бие хятадын худалдаачдыг дээрэмдэн олсон олзыг ядуу ардад түгээн өгдөг байжээ. Энэ нь бол Английн тариачны сайн эр Робин Гудын явдалтай зарим талаар адилавтар юм” гэж дүгнэсэн билээ. 
Тухайн үед Торой бандийн удирдлагад явсан Дарьгангын бусад шилийн сайн эрсийг нэрлэвэл: тогос Чүлтэм, хүүхэн Циен, варги Балдан, хөх Банди, хөх Балжир лам, оготор Самдан, хар Галсанжамц, гүжир Гончигжав /тангад лам/, хүүхэн Должин, тэнхээ Жамьян, шунуу Ажив, ах дүү Сүх, Жүрмэд, мөн Пэлжээ, Гурдай, Догсом, Цэвээнбалжир, Гомбожав, лам Тосон, бор Равдан, булуу толгойт Гомбо, ээрүү Жамба, хүүхэн Должин, бор Лувсан, сөнөх Содов, нохой Мөнх зэрэг хүмүүс болно. Тэд Дарьгангын айл нутагладаггүй шил газраар сэлгүүцэж, Шилийн Богд орчмоор орогнон ар, өвөр чуулганыг холбон туучиж шилэрч явдаг шилийн сайн эрс байжээ.

Шилийн сайн эрс бие биенээ хочилж нэрлэдэг байсныг Цэцэн хан аймгийн Хэрлэн Барс хотын чуулганы Тамгын газар шүүгдэж байхдаа өгсөн өчиг мэдүүлгүүдээс нь үзэж болно. (Дээр дурдсан нэрс ч ийм эх сурвалжтай юм). Тиймээс “торой” хэмээх нэрийг олон түмэн хайрлаагүй, бусад эрсээс өөрсдийн толгойлогч Нанзаддоржид өгсөн хоч нэр юм байна хэмээн үзэх боломжтой. Нөгөөтэйгүүр сарлагийн “торой” буюу жижиг биетэйг нь илэрхийлсэн хоч байх магадлалыг Сүхбаатар сумын Халзан сумын харьяат, нэрт эрдэмтэн Л.Жамсран сартваахи “Домог яриа, судлаачдын дүгнэлт зэргээс үзэхэд Нанзад морины дэл засахдаа араг дээр гардаг намхан биетэй хүн байсан” хэмээн 2003 онд тэмдэглэн бичсэнтэй холбон үзэж болох байх аа. Я.Цэвэл гуайн “Ногоон толь”-оос харахад тоорой гэвэл мод, торой гэхээр сарлагийн тугал, гахайн төл гэсэн утгатай ажээ.
Дашрамд дурдахад, “Торой” гэдэг нэрийн тухайд өөр эерүүлсэн тайлбар хийсэн тохиолдол бий. Өвөрмонголын Ц.Бавуудорж “Баримтаас үзвэл Тоорой биш Торой гэж бичих нь илэрхий. Торой гэдэг үг гахайн торой биш сарлагийн торой ч биш торойх гэдгээс гаралтай юм. Торой банди бол олон хүнээс онцгой торойж ирсэн түүхтэй болохоор торой буюу Торойн банди гэж магтан нэрлэсэн цол юм” гэж 1958 онд бичиж байв.
Түүнчлэн Торой бандийн хөшөөг босгосон зураач Ж.Дүүрэнтөгс: -Олон судлаачид, түүнчлэн 1957 онд “Торой банди” гэдэг жүжиг бичиж, энэ шилийн сайн эрийн талаар маш сайн судалсан аав (О.Жамбалжамц) маань ч гэсэн “Торой банди” гэж нэг “О”-той бичдэг. Тэр талаар бага байхдаа ааваасаа асууж явлаа. Олны дундаас баатарлаг гавьяа, тэмцэл, хийсэн бүтээснээрээ торойж гарсан хүн учир тодорч, торойсон гэдэг утгатай “Торой” гэдэг нэр юм гэж байсан. Сүүлд тэгээд би нэр дээр нь эргэлзэж эхэлсэн. Минийхээр бол Тоорой юм. Яагаад “Торой” биш “Тоорой” юм гэхээр мэдээж гахайн тоорой биш. Угаасаа манайхан гахайг шүтдэггүй. Өөрсдийнх нь төлөө амь амьдралаа зориулсан хүнийг юу гэж тэгж нэрлэхэв. Тийм болохоор энэ “Тоорой” мод юм. Ялангуяа Алшаа, Өвөр Монголд их байдаг. Манайд ч бий. Говийнхон тэр модыг маш их хүндэлдэг. Ямар учиртай мод вэ гэхээр энэ тэнгэрийн, эр зоригийн, тангаргийн мод юм. Түмэн олны төлөө тэмцэж явсан хүн тангаргийн мод шиг байж таараа. Наранд ганддаггүй, хүйтэнд хөрдөггүй тийм хүн байсан. “Цастын цагаан ууланд нь Цантаа нь үгүй Тоорой Цаад найман хошуунд нь Баригдаа нь үгүй Тоорой…” дандаа тэр хүмүүсээ баригдашгүй, ялагдашгүй, дийлдэшгүй хэмээн дуулдаг байж. Мөн шилийн сайн эрсийг “яргай” хэмээн нэрлэдэг. Яргай эр явж байна. Аргагүй нэг сайн эр дээ. Морь нь ч гэж морь юм гэх жишээтэй. Барьсан ташуурыг нь суман, тэнзэн, хулсан гэж ярьдаг. Тал нутгаас төрсөн сайн эрийг тэр сайхан модны нэрээр нэрлэсэн юм байна. Ямар ч гантай жил тоорой модны навч ногоон байдаг. Тэр үүднээс үхэшгүй мөнхийг бэлгэдэж Тоорой гэж нэрлэжээ гэдэг дээр би 100 хувь итгээд байгаа. Нэрийн учир энэ юм" хэмээн ярьж буй.
Торой банди хэмээх Нанзаддорж нь Их хүрээний шоронгоос 1866 онд оргоод төд удалгүй дахиж баригдан ял эдэлж байгаад дөрвөн жилийн дараа 1870 онд дахиж оргон нутагтаа очсон байдаг. Түүнийг Их хүрээний шоронд сууж байх хугацаанд түүний нөлөө зангаанд явсан шилийн сайн эрчүүд нь, одоогоор яривал нэгэнт удирдагчгүй болсон учраас зохион байгуулалттай хулгай дээрэм хийхээ зогсоож эгэл амьдрал руу шилжсэн байв. Торой банди нөхдийнхөө адил жирийн хүмүүний замаар хорвоог туулахыг илүүд үзсэн байна. Тэрбээр 1904 онд 74 насандаа тэнгэрт дэвшсэн бөгөөд амьдралынхаа сүүлчийн 34 жилийг буюу “дөч хүрсэн эр дөрвөө дарсан ат” болон төлөвшсөнөөсөө хойш арван хар нүглийн нэг “үл өгснийг авах”-ыг үйлдээгүй гэж болно.
Ямар ч болов Дарьгангачууд Торой бандитай холбоотой домог, дуу зохиож алдаршуулан улс даяар хойчийн хойчид мөнхжүүлсэн түүхтэй юм. Дарьгангын домогт сайн эрд зориулан нутагт нь 1999 онд гэрэлт хөшөө босгосон.
Уг хөшөө Ганга нуураас зүүн хойшоо 6 км-т Гангын Цагаан овоо хэмээх уулын тогоон доторх жижигхэн довцог дээр байдаг. Гангын Цагаан овоог урд цагт тахидаг байжээ. Миний бие Монгол бөх судлалын ажлын хүрээнд энэ талаар сонирхож архивын материал шүүж үзсэн. 1921 онд овоо тахихад барилдсан бөхчүүдийн оноо данс, 1923 онд овоо тахихад амжилттай барилдсан бөхчүүдэд олгосон бай шагналын баримтаас өөр Цагаан овооны тахилгын баяр наадмын материал архивт хадгалагдаж үлдээгүй байна.

 

Бэлтгэсэн С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.70.37.34) 2023 оны 04 сарын 29

Торой бандийн тухай сайхан худлаа бичжээ Гомбодоржийнн ГомбоНанжид гэдэг бөгөөд ядуу тарчиг байгаагүй халхын ноёны хүү байсан. Нийгмийн бурангуй ядвлын эсрэг тэмцэж байсан ноёны хүү. Ардын зохиосон дууунд хүртэл гардаг. Хурдан борыгоо унахаараа хулгайч шинжтэй Торой доо Хурал дундаа суугаа нь хувилгаан шинжтэй торой доо/Хурал гэдэг нь Ноёдын чуулгыг хэлж байна/. Тогос Чүлтэмтэй хоргын тогоонд морьдоо солилцож байсан түүх бий. Аав Гомбожав нь өвгөн ноён хардал жанжин бээс Минжүүрдоржтой үеэл байсан.

3  |  2
zochin(59.153.113.240) 2021 оны 11 сарын 27

feodal niigemtei temtsej baisan temtsegch ardyn baatar baij dee.

2  |  1
Хм(103.212.118.193) 2024 оны 03 сарын 27

Шилийн сайн эрс гэж хэн эд нарыг нэрлэсэн юм болдоо, бодвол еерсдийгее нэрлээ биз. Хуний херенгийг хулгайлж, ажил хийдэггуй муу заяатай ядуу хумуусд егдег одоогийнхоор бол малын хулгайч нар биздээ. Одоогийн хулгайч нараас еер нь менге болгохгуй юмдаа. Тэр хулгайч нарын сунс тэнгэр газрын заагт тарчилж буй гэдэгт барьсан с алдахгуй

1  |  8
Top