Жерар Депардье: Намайг харамч гэж дүгнэх Францийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар хэн юм бэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 30

Франц улс жилд сая ам.доллараас дээш цалинтай иргэнд 75 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа алдарт жүжигчин Жерар Депардье тэргүүтэй урлаг, бизнесийн томчууд нь гадаад улсын иргэн болох хүсэлтээ илэрхийлж байсан билээ. Тус улсын хамгийн баян хүн Бернар Арногоор эхэлсэн гадныг зоригсдын энэ цуваа ер шингэрэх шинжгүй. Гэхдээ чинээлэг давхаргын эдгээр иргэд ихэвчлэн Бельгийн харъяанд орж байгаа бол Жерар Депардье ОХУ-ын иргэн болж олныг гайхашруулсан юм. Тэрбээр ОХУ, Бельги рүү иргэн болох хүсэлт илгээхэд хамгийн түрүүнд хойд хөршийн удирдагч хариу өгсөн юм. Алдарт жүжигчнийг иргэнээ болгож авах зарлигт В.Путин гарын үсэг зурсан аж.

Өдгөө тэрбээр Оросын Бүгд найрамдах Мордови улсын нийслэл Саранск хотод очоод байгаа бөгөөд тэнд сайдын албан тушаал ч амлуулан мандаж байна. Мордовийн Ерөнхийлөгч В.Волков, жүжигчин хоёрын уулзалтын үед нэгэн сэтгүүлч “Ноён Депардье Соёлын сайдын албан тушаалыг танаас хүсвэл та зөвшөөрөх үү” гэж асуусан аж. Ерөнхийлөгч энэ асуутад “тийм” гэж хариулсан бөгөөд жүжигчинд энэ санал хүчинтэй болохыг сануулсан аж. Ж.Депардье сайд болохоос татгалзахгүй гээд, “Гэхдээ Мордовийн соёлыг сайтар танин мэдсэнийхээ дараа л энэ албан тушаалд очих болно" гэж хэлсэн байна. Мордовийн удирдлага түүнд мөн дуртай газраа байр авах эрх олгожээ. Ойн дунд, горхи бүхий маш гомсог эдлэнг түүнд зориулж бэлдсэн гэнэ. “Тэр их хотын шуугиант амьдралаас залхаж, нам жим, амар амгалан амьдрахыг хүссэн учир манай хотыг сонгосон” гэж В.Волков бахархалтайгаар өгүүлсэн юм. “Би орос болохыг хичээнэ” гэсэн түүний үгс хойд хөршийнхнийг уярааж чаджээ. Ямартай ч алдар хүндийн хувьд тэрбээр алдаагүй бололтой. Харин эх оронд нь болоод гадаад ертөнцөд юу гэж ярьж байгааг төсөөлөх гээд үзье. Хайртай жүжигчнээ коммунист эцэгтэй, бас оросын радиогоор явдаг байсан социалист суртал ухуулгыг сонсон ертөнцийг үзэх үзлээ төлөвшүүлсэн нэгэн гэдгийг тэд одоо л мэдэж авч байна. В.Путин түүнд ОХУ-ын паспорт олгох шийдвэр гаргасны дараа түүний бичсэн хариу захидал Le Monde сонинд нийтлэгдсэн юм. Ингээд алдарт жүжигчний хийсэн мэдэгдлүүдээс сонирхолтойг нь түүвэрлэн авснаа хүргэе.


“Намайг харамч гэж хэлэх, намайг дүгнэх та нар хэн юм бэ. Францын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нараас асууж байна. Та нар хэн юм бэ. Би хүн алаагүй. Бас миний санаж байгаагаар бол хууль зөрчдөггүй. 45 жилийн дотор би 145 сая еврогийн татвар төлж, 80 ажлын байр бий болгосон”

“Иргэнээ болгож авсанд талархал илэрхийлье. Би танай ард түмэнд хайртай, урлагт нь ч бас. Владимир Машков гэх мэт танай сайн жүжигчидтэй хамтарч ажиллах боломжтой болсондоо баяртай байна. Оросод сайхан амьдрал бий. Москва миний хувьд дэндүү том хот ч гэсэн газар тариалангийн бүсэд өссөн надад таалагдах сайхан газар олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Госфильмфондын захирал, миний сайн нөхөр Николай Бородачевын амьдардаг шиг тийм газар байвал надад маш их таалагдана. Хусан ойтой тийм газар би аз жаргал мэдэрдэг. Би бас орос хэл сурах болно.

Би эх орныхоо Ерөнхийлөгчтэй ярилцсан. Би түүнд бүгдийг хэлсэн. Намайг В.Путиныг дэмждэг гэдгийг тэр мэднэ. ОХУ-д жинхэнэ ардчилал хөгжиж байна гэдгийг би түүнд хэлсэн. Орос шиг том, агуу нутагт би хэзээ ч ганцаардахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Оросын алдар бадраг. Баярлалаа”

“В.Путиныг хүндэлж, Саранскийн бүсгүйчүүдийн үзэсгэлэнг бахдаж байна”

 “Эцэг маань коммунист үзэлтэй хүн байсан. Бүр Москвагийн радио нэвтрүүлгийг сонсдог байлаа. Тэр үед сонссон дуу хөгжим надад урлагийн талаар төсөөлөл олгосон. Миний бүтээсэн дүрүүдэд капитализмын эсрэг үзэл мэр сэр илэрдэг гэж боддог”

“Емельян Пугачевын тухай кино хийнэ. Зураг авалт нь Мордовид явагдаж ч магадгүй”

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top