Олноо өргөгдсөн Монгол Улсын үеийн цагдаагийн нэгдсэн байгуулллага /1916 ОН/

2018 оны 02 сарын 23

Үндэсний эрх чөлөөний хувьсгал (1911 он) - аар Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулж язгуур эрх ашгаа дээдэлсэн Хаант Монгол Улсыг байгуулсныхаа дараа улсынхаа соёл, боловсрол, нийгэм, эдийн засгийг сайжруулахаар олон талт арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.

Тэдгээр шинэчлэлт алхмуудын нэг нь Олноо өргөгдсөний зургадугаар он буюу 1916 онд “Улаан ханжаарт явган цагдаа цэрэг” болон “Арван тавны морьт цагдаа цэрэг”-үүдийг нэгтгэж нэгдсэн зохион байгуулалтад оруулан “Нийслэл хүрээний цагдан сэргийлэх албаны газар”-ыг байгуулж, түүний үйл ажиллагааг явуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд “Нийслэл Хүрээний тойрон газруудыг цагдан сэргийлэх дүрэм хэмжээ тогтоохуй нь” хэмээх 27 зүйл бүхий дүрмийг батлуулж мөрдүүлэн Нийслэл хүрээ, түүний эргэн тойронд хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл хэргийг эрхлүүлэх болсон түүхэн чухал үйл явдал юм.

Шинэ тутам байгуулагдсан Нийслэл хүрээний цагдан сэргийлэх албаны газар нь

- Эрхэлсэн түшмэл – 1,

- Морьт цагдаа цэргийг захирах түшмэл – 4,

- Явган цагдаа цэргийг захирах түшмэл – 1,

- Хорооны цагдаа цэргүүдийг захирах түшмэл – 4,

- Шавийн хороо харчуудыг захирах дарга, түшмэл – 1,

- Морьт цагдаа цэрэг – 42,

- Явган цагдаа цэрэг – 42,

- Галч – 3, нийт 98 алба хаагчын орон тоотой байсан ба

Эрхэлсэн түшмэлийг нь Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас шууд томилдог бол бусад дарга, түшмэл, хорооны цагдан сэргийлэх цэргийг Халхын 4 аймаг, шавь таван газрын харъяат ардуудаас хүч чадал сайтайг нь сонгон авч ажиллуулдаг байжээ. Тус газрын анхны даргаар гүн Цэмбэлжигмэддорж томилогджээ.

Нийслэл Хүрээний цагдан сэргийлэх албаны газар нь:

- Нийслэл хүрээ, гандан хийдийн доторхи урд голын олон орд сүмүүд, гудамж газрууд, олон яамны газар, Их ёслолын үеэр Богд хаан, улсын Их дагины гэгээн залрах, ном бурхан залах ба цэрэг жагсаах зэрэг өдрүүдэд харуул, хамгаалалтад гарах,

- Олон газрын хог новшийг сайтар арилган хаюулах, гудамж ба зах зээлийн, төмөр утасны зэрэг чухал газрыг хамгаалах, Усан хөөргийг цаг үргэлжид бэлэн байлгах, буудал, идээ ундаа, цай хоолны газруудад хяналт тавих, хэрэлдэн шуугилдах ба мөрийцэн наадах, архи уух, хар тамхи татах, дэмий ёс бус үг хэлэгсэдийг ятган ухуулж дарамтлан зогсоох зэрэг олон төрлийн гүйцэтгэх үүргийг хуульчлан баталгаажуулжээ.

Эх сурвалж:Цагдаагийн Ерөнхий газрын Төв архив


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top