Тонга улсын тамирчин Пита Николас Тауфатофуа гэх хагас нүцгэн, “халуухан” залуу Риогийн Зуны олимп болон Пёнчаны Өвлийн олимпийн од болсон. Таэквондочин, цаначин тэрбээр Тонгагийн хаант улсыг төлөөлөн хоёр олимпт оролцлоо. Улсынхаа төрийн далбааг барьж, хагас нүцгэнээр үндэсний хувцастайгаа гарч ирдэг түүнийг харахаар ирсэн үзэгчид, дүрийг нь хальсандаа буулгах гэсэн гэрэл зурагчид Пёнчаны олимп дээр цугларсан. Пита Тауфатофуагийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.
Пита Тауфатофуа Австралид төржээ. Түүний аав нь тонга, ээж нь австрали хүн. Пита өдгөө 34 настай.
Тэрбээр багадаа регби тоглодог байжээ. Гэвч бие султай байсан тул уг спортоор амжилт үзүүлж чадаагүй аж. Тийнхүү Пита таэквондогоор хичээллэж эхэлжээ. Олимпийн наадамд оролцох зорилгоо тэрбээр биелүүлж чадсан.
Пита 2003 онд Афины олимпт оролцох гээд чадаагүй. 2008 онд хүнд бэртлээсээ болж мөн л Бээжингийн олимпийг өнжжээ. Харин Лондоны олимпт оролцоход түүний санхүү хүрэлцээгүй аж. Дөрөв дэх удаагаа оролдлого хийсний эцэст тэрбээр Риогийн олимпт оролцож чаджээ.
Риогийн олимпоор “Маракана” цэнгэлдэх хүрээлэнг байлдан дагуулсан түүнийг Тонгагийн шигшээ багийн туг баригчаар сонгож, хагас нүцгэн биед нь кокосын тос түрхэн үндэсний хувцас өмсгөсөн байв. Олимпийн хаалтын ажиллагаан дээр ч Пита энэ байдлаараа гарч иржээ.
Пита Риогийн олимпт амжилт үзүүлж чадаагүй юм. Тэрбээр Ираны тамирчинд эхний раундад 1:16-гаар ялагдсан билээ.
Зуны олимпт амжилт үзүүлж чадаагүй Пита Өвлийн олимпт цанын төрлөөр хүч үзэхээр шийджээ. Тийнхүү удаа дараагийн бүтэлгүйтлийн эцэст цанын төрлөөр Пёнчаны олимпт оролцох эрхээ авч, Тонгагаас Өвлийн олимпт оролцсон хоёр дахь тамирчин болжээ. Тонгагаас түүний өмнө чаргачин Бруно Банани Сочигийн олимпт оролцсон.
Тэрбээр Пёнчаны олимпийн нээлтэн дээр хүйтнийг үл тоон хагас нүцгэн гарч ирсэн билээ. Пита 15 километрийн уралдаанд 119 тамирчнаас 114-д барианд орсноор Пёнчаны олимпийг өндөрлүүлсэн.
Пёнчаны олимпийн дараа Пита Токиогийн Зуны олимпт усан спортоор өрсөлдөхөө зарласан билээ. Тэрбээр ийнхүү гурван олимпт гурван өөр төрлөөр оролцсон тамирчин болж спортын түүхэнд нэрээ бичүүлэх нь ээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )