Монголын Археологийн судалгааны өнөөгийн байдлын талаар сургалт явуулав

2018 оны 03 сарын 12

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбатыг урин, яамны ажилтнуудад зориулсан мэдээлэл, сургалтыг энэ сарын есөнд зохион байгууллаа. Тус сургалтын үеэр Монголын Архелогийн судалгааны өнөөгийн байдлын талаар танилцуулж, асуулт, хариулт авсан юм.

Судлаачдын хөдөлмөрийн үр дүнд археологийн сүүлийн үеийн нээлтүүдийн заримаас дурдвал, Монгол нутагт хүн амьдарч байсан он цагийг 800 мянган жил хэмээн тогтоосон нь өмнөх судалгааг даруй 300 мянган жилээр урагшлуулжээ. Мөн Монгол нутгаас нэн эртний хүний яны үлдэгдлийг анх удаа илрүүлж, дэлхийн шинжлэх ухаанд “Монголантропус” хэмээн нэрлэгдсэн байна. Түүнчлэн Хүннүгийн үеийн оршуулгын дурсгалт газрын тоог 150-д хүргэн, Ноён уул, Гол мод, Дуурлиг нарсны хүннүгийн язгууртны булшнаас хосгүй үнэт олдворуудыг олсноор маргаан дагуулаад байсан хүннүчүүд бол монголчуудын өвөг  мөн болохыг археологийн баримтаар ийнхүү нотолж чаджээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон газруудад заавал археологи, палеонтологийн судалгааг хийдэг байхаар хуульчилсан нь археологийн түүхэн олдвордуудыг авран хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг доктор, профессор Ц.Төрбат хэлж байв. Зөвхөн 2015 оны мэдээгээр л гэхэд археологийн мэргэжлийн байгууллагууд 55 тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болон шинээр тавигдаж буй авто замын трассын дагууд 2600 орчим дурсгал шинээр илрүүлсэн байна. Археологийн авран хамгаалах судалгаагаар олдсон үзмэрүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top